|

Долоо хоногтой нярай хүүхэд хаясан эмэгтэйг тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллажээ


Дархан-Уул аймгийн  "Авто  вокзалын  хажуугийн  эзэнгүй  хашаанд өлгийтэй нярай хүүхэд хаясан байна” гэсэн дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 3-ны 12.50 цагт бүртгэгдэж, улмаар хүүхдээ хаясан эхийг олж, тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл 5-7 хоногтой эрэгтэй нярай хүүхэд хаясан эмэгтэйд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн прокурорын газраас иргэн Н.М нь асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж  нярай хүүхдээ хаясан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйл.Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх:

 

1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.