|

1437 сурагчийн Мэргэжлийн баримжаа олгох тестийн үнэлгээ гарлаа

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар анх удаа хэрэгжиж буй "Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийг аймгийн ЗДТГ, БСГ, "Юнайтед менежмент консалтинг” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

IMG 7195Тус төслийн хүрээнд өнөөдөр /2016.05.30/ Мэргэжлийн сонирхол, карьерын чиг баримжааг  үнэлэх тестийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс ЕБС-ын 12 дугаар ангийн төгсөгчдөд гардууллаа. Төслийг хэрэгжүүлэгчдийн зүгээс төгсөх ангийн сурагчдыг ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, өөртөө болон эх орондоо ухаалаг ирээдүйг бүтээх боломжийг нээж өгөх зорилготойгоор энэхүү ажлыг эхлүүлсэн тул 53 евро буюу 120 мянган төгрөгийн үнэтэй нэгдүгээр зэрэглэлийн тестэд сурагчдыг үнэ төлбөргүйгээр хамрагдах боломжийг олгосон юм. Дээрх төсөл нь дөрөвдүгээр сарын 9-ний өдөр нээлтээ хийж, энэ хичээлийн жилд төгсөж буй 1437 ахлах ангийн сурагчдыг хамруулсан байна. Үнэлгээний дүгнэлтийг гардуулах үеэр сурагчдын олонхи нь өөрсдийн хүсч мөрөөдөж байсан мэргэжлийн чиглэл жагсаалтын эхэнд байгаа нь мэргэжлийнсонголтоо хийх эргэлзээгээ арилгаж чадлаа хэмээн ярьж байлаа.

Мөн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд Мэргэжлээ сонгоно гэдэг бол зөвхөн тухайн хүүхдийн асуудал биш, аав ээж, гэр бүл, орон нутгийн удирдлагуудын анхаарах асуудал. Цаашид сурагчдыг 9, 10 дугаар ангиас нь энэхүү тестэд хамруулахаар төлөвлөж байна. Ингэснээр сурагчид маань анхлах ангийн хичээл сонголтоо зөв хийхэд ач холбогдолтой хэмээн онцлов.

IMG 7364Сурагчдаас авсан судалгаанаас харахад эхлээд мэргэжлээ биш сургуулиа сонгох тохиолдол их байдаг. Ямар ч ангид орсон хамаагүй МУИС-д юмуу улсын сургуульд орно гэдэг. Тухайн сургуульд хүссэн анги нь байх эсэх нь хамаагүй элсчихдэг. Нөгөө талаас оноо таараад сургууль авч байвал аль сургуульд ямар ч мэргэжлээр хамаагүй суръя, дээд сургуульд л сурах ёстой гэсэн хандлага их  байна. 

Сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар 4000 гаруй оюутан нэмэгдэж байна гэсэн үзүүлэлт гарчээ. Оюутнуудын дунд хийсэн судалгаанаас үзэхэд 30 хувь нь одоо сурч байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун биш гэж хариулсан байдаг. Энэ нь өөрийн сурч буй мэргэжлээ буруу сонгосонтой холбоотой. Эцэг эхчүүдийн дунд хүүхдээ заавал дээд сургуульд оруулахыг эрмэлздэг төдийгүй зарим тохиолдолд хүүхэддээ ирээдүйн мэргэжлийг нь тулгах нь ч бий. Ингэж мэргэжлээ сонгосон хүн ирээдүйд ажилдаа дургүй, амжилт гаргадаггүй нэгэн болдог гэдгийг анхаарах нь зүйтэй юм. Манай улсад нарийн мэргэжлийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлага их байна. Сайн гагнуурчин, тогооч, токарчин, мужаан гээд үнэхээр мэргэжлээ гаргуун эзэмшиж чадвал ямар ч дээд боловсролтой хүнээс илүү өндөр цалин авч, амжилтад хүрэх боломжтой гэдгийг сурагчдад ойлгуулах нь чухал.