|

Засгийн газарт яалт ч үгүй төгсгөл ирэв үү

Засгийн газарт мууг дохиолсон долоо хоногийн тойм

Монголын улстөр өмнө нь хавар намарт л үймдэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд оны төгсгөлд үймж, бужигнаж гардаг боллоо. Сүүлийн долоохон хоногт ялангуяа энэ долоо хоногийн эхний гурван өдөрт өдөр болгон сенсаци шуугиан тасарсангүй. Эдгээр нь бүгд л Ч.Сайханбилэгийн "Шийдлийн” хэмээх Засгийн газарт хаяглагдах бас халтай асуудлууд байна. Тэгэхэээр энэ Засгийн газрын төгсгөл ирсэн мэт. Юутай ч сүүлийн долоо хоногийн үйл явдлыг тоймлоод үзье.

2015 оны 10 дугаар сарын 29 Пүрэв гариг

Өршөөлийн хуульд авлигачид хамрагдахааргүй болов

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын одоогийн бүтэц бол Өршөөлийн тухай хуультай гүн холбогдсон бүтэц. МАН-ын зургаан сайдыг хөөж явуулаад оронд нь "Шударга ёс”-ын сайд нарыг оруулсаны цаад учир шалтгаан нь "Өршөөлийн хууль”-д авлигачдыг тэр дундаа ялтай бас шалгагдаж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг хамруулахад чиглэж ирсэн нь одоо нэгэнт тодорхой болсон. Өмнө нь 2012 оны зунаас хойш дөрвөн ч удаа УИХ-аар "Өршөөлийн хууль”-ийг оруулж хэлэлцүүлэх гээд огт чаддаггүй байсан бол энэ зуны анхны ээлжит бус чуулганаар хоёрхон өдөр хэлэлцээд л баталж орхисон. Тэр дунд авлигчдыг өршөөх асуудлууд бүгд багтсан байлаа. Гэвч Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд уг хуульд хэсэгчилэн хориг тавьж, УИХ дахь сөрөг хүчний гишүүд МАН, бие даагчид, эрх баригч хүчнүүдийн дундах эрүүл саруул хэсэг бүлгүүд авлигачдыг өршөөхийг тууштай эсэргүүцснээр хуулийг өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталсан.

Тэр өдөр "Шударга ёс” эвслийн нөхдөө ганц хууль батлуулж чадахгүй бол Засгийн газарт, УИХ-д та нарыг суулгаж яадаг юм хэмээн дарга нь "загнасан” тухай яриа төрийн ордноор тэнэж байлаа. Тиймээс ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцрох тэр бүү хэл УИХ-ыг ч хугацаанаас нь өмнө тараах тухай яригдаж эхэлсэн. Энэ тухай МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдэгдсэн. Гэтэл түүнтэй залгаад ахин нэг том хэрэг мандах нь тэр.

2015 оны 10 дугаар сарын 30 Баасан гариг

Х.Баттулгын "хүн"-ийг барив

Энэ өдрийн орой Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд "Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан Б.Батзаяаг баривчлан Зайсан дахь хорих ангид саатуулав. Үүнтэй зэрэг, Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирал болон бусад солонгос захирлуудыг баривчилсан талаар шуугив.

Б.Батзаяа нь АН болон УИХ дахь МоАХ фракцийн тэргүүн "Женко” хэмээх Х.Баттулгын "хүн”. Тиймээс үүнд Х.Баттулга маш их бухимдаж байгаа нь ойлгомжтой байсныг энэ долоо хоногийн эхний өдөр хийсэн хэвлэлийн хурал болон АН-ынхаа бүлгийн хурал дээр илэрхийлсэн гэлцэнэ. Б.Батзаяаг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга байх үед тус яамыг удирдаж байсан, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх улмаар түүнээс өмнө тус яамны сайд асан АН-ын МоАХ фракцийн тэргүүн, УИХ-ын гишүүн "Женко” хэмээх Х.Баттулга нарыг ч түүнтэй холбоотой асуудлаар шалгах нь тодорхой болсон хэрэг юм.

Тиймээс Х.Баттулгын бүлэг Засгийн газрыг огцруулаад ч хамаагүй асуудлыг шийдэх зорилготой байхыг үгүйсгэхэд хэцүү. Уг асуудал нь Тавантолгой болоод түүнийг дагасан төмөр замын бүтээн байгуулалтаас хэн нь хожих вэ гэсэн улстөр, бизнесийн хоёр томоохон бүлэглэлийн тэмцлийн дундаас үүдэлтэй нь илт тодорхой юм. Ингээд шинэ долоо хоног эхэлсэн өдрүүдэд бас л өдөр болгон шуугиан тарьсан мэдээллүүд хөвөрлөө.

2015 оны 11 дүгээр сарын 02 Даваа гариг

АН-ынхны "Их хэрүүл"

Энэ өдөр УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр Х.Баттулга Засгийн газартай хатуу тооцоо бодох, үгүй гэвэл "нөхдөө” аваад АН-аас гарахаа ч "мэдэгдсэн” бололтой юм. Мөн тэрбээр фракцийнхаа гишүүн Л.Эрдэнэчимэгийн хамт хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийсэн.

Тэгэхдээ "Б.Батзаяа бол зарчимтай хүн”, Л.Гансүх бол хуульч хүн. Тиймээс тэд хууль бус хэрэгт орооцолдохгүй гэсэн. Мөн Л.Эрдэнэчимэг УИХ-ын 40 гишүүний гарын үсэг бүхий Тавантолгойтой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь мөн л Ч.Сайханбилэгийн Засгийн газар руу хийж байгаа дайралт болох нь тодорхой байсан. Уг үйл явдал Тавантолгойн нүүрсний орд хийгээд төмөр замын асуудалтай нягт холбоотой нь тодорхой байгаа.

Мөн тэр өдөр ЦЕГ-ынхан мэдээлэл хийхдээ Б.Батзаяа болон түүний хамтрагчид "Самсунг С&Т” зэрэг Солонгосын компаниас асар их мөнгө авсан байж болзошгүй хэмээх мэдэгдлийг хийсэн. Ийнхүү уг асуудал өдөржин олны анхааралд байв. Тэгвэл маргааш өглөө нь бас л том шуугиан дэгдлээ.

2015 оны 11 дүгээр сарын 03 Мягмар гариг

Талийгаачдын нэрээр асар их мөнгө "идсэн" хэрэг шалгагдаж байгаа нь тодорлоо

Энэ өдрийн өглөө зарим хэвлэл, сайтаар улсын нийгмийн даатгалын ажилтнууд зарим банкны ажилтнуудтай хамтран хуйвалдаж талийгаачдын нэрээр улсаас их хэмжээний мөнгө идэж уусан асуудал сөхөгдлөө. Энэ хэргийг мөн л Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байгаа тухай шуугилаа. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийнхэн ч УНДЕГ-ын ажилтнууд талийгаач болсон хүмүүсийг бүртгэлээс хасалгүй олон тэрбумыг шамшигдуулсан хэмээлээ.

Ойролцоогоор 10 мянга орчим талийгаачдын нэрээр ийнхүү мөнгө "идсэн” гэв. Уг хэрэгт Нийслэл төдийгүй хөдөө орон нутаг /аймаг, сум”-ийн нийгмийн даатгалын байцаагчид холбогдсон учир улс даяар ажиллагаа явагдаж байгаа нь тодорхой болсон. Харин маргааш нь буюу лхагва гаригт УНДЕГ-ын дарга Ц.Уртнасан жилд 12800 орчим хүн талийгаач болдог. Тэгэхээр 10 мянган талийгаачийн мөнгийг завшина гэдэг байж болшгүй асуудал гэсэн ба тус газар дотоод хяналт шалгалтаараа 148 талийгаачийн нэрээр мөнгө завшиж байсныг илрүүлсэн гэлээ. Энэ нь тус байгууллагын ажилтнууд ямартай ч талийгаач нарын нэрээр мөнгө "завшдаг” нь үнэн болохын баталгаа боллоо.

Тэгэхээр уг хэргийг угт нь тултал шалган мухарлах нь цагдаагийнхны хийх ёстой ажил мөн болж байгаа юм. Энэ хэрэгт Ц.Уртнасангаас өмнөх дөрга нарын үеийг ч хамруулан шалгаж байгаа нь тодорхой болоод байна. Одоо Нийгмийн хамгааллын сайдын албыг хашиж байгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч цагтаа УНДЕГ-ын даргаар ажиллаж байсан нь уг асуудал Засгийн газарт ч дарамт болох асуудал мөн болов уу. Ингээд өичгдөр бүр ч томоохон сенсаци дэгдлээ.

2015 оны 11 дүгээр сарын 04 Лхагва гариг

МАХН-ынхны ээлж ирж, Г.Шийлэгдамба авлигын хэргээр баривчлагдаад байна

Энэ өдрийн үдэш 22 цаг 30 минутын үед ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг жолооч болон туслахынх нь хамт АТГынхан ажил дээрээс нь буюу яаман дээрээс саатуулахаар авч явжээ. Үүнийг нь мэдсэн намын нөхөд нь АТГ-т очиж байдлыг асуусанд Г.Шийлэгдамбыг 461-р ангид саатуулсан гэжээ. Харин тус хорих ангийнхан "үгүй” гэж. Тиймээс МАХН-ын гишүүн ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамьян "нууц шоронтой болчихож” хэмээн жиргэсэн аж.

Г.Шийлэгдамбыг авлига авсан хэмээн туслах, жолоочийнх нь хамт баривчлаад байгаа нь тодорхой боллоо. Харин өнөөдөр өглөөнөөс МАХН-ынхан уг хэрэгтэй холбоотойгоор хуралдаж байгаа аж. Учир нь Г.Шийлэгдамба бол тус намаас нэр дэвшин сайд болсон төдийгүй МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нэгэн билээ. Мөн түүгээр ч тогтохгүй АТГ-ынхан өнөөдөр өглөө БХБ-ын яаман дээр очиж сайд З.Баянсэлэнгийг нь асуусан гэнэ.

Ийнхүү сүүлийн долоо хоногийн ажлын өдрүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувьд төгсгөл рүү нь хөтөлсөн томоохон хэрэг, заргууд өдөр өнжилгүй гарсан өдрүүд болоод байна. Ганцхан долоо хоногийн ажлын таван өдөрт өдөр өнжилгүй ийм томоохон хэрэг явдлууд өрнөсөн нь Засгийн газарт мууг хаяалж, төгсгөл нь ирсэнийг харуулах мэт. Асуудал цаашид хэрхэн өрнөхийг та бид тун ойрын хугацаанд харах болно.

О.Хуяг