|

“Ростех”-ийн бодит эдийн засгийн салбарт хийсэн хамгийн том хэлцэл

500 сая ам.доллар гэдэг сайн үнэ

ОХУ эцсийн эцэст гадаад дахь аж үйлдвэрийн хуучин объектын нэгийг борлуулав. "Ростех” компани ЗХУ гэж байх үед баригдсан "Эрдэнэт”, "Монголросцветмет” уулын баяжуулах үйлдвэрүүд дэх 49 хувийн эзэмшлээ 500 сая ам.доллараар худалдлаа. Сүүлийн үед Москва Улаанбаатартай харилцан ашигтай хэлцэлд хүрч чадахгүй байсан ба уг эзэмшил ОХУ-ын Сангийн танхимын анхаарлыг татаад байсан. Монголын талаас худалдан авагч нь Худалдаа хөгжлийн банк болжээ. Оросын томоохон тоглогчид хувь хүртэх санал ирүүлээгүй агаад тус сонины эх сурвалжийн мэдээгээр Монголын талын хяналт, татварын хатуу дэглэм уг хувь эзэмшлийг сонирхолгүй болгосон ажээ. Оросын талын хоёр эзэмшлээс хүртсэн ашиг 2015 онд 4.5 сая ам.доллар байсан юм. Хоёр үйлдвэр хоёулаа 1973 онд ЗХУ-ын Монголтой байгуулсан гэрээний хүрээнд баригджээ. 2008 онд ОХУ-ын Засгийн газар өөрийн хувьцаагаа "Ростех” компанид шилжүүлсний дараа 2009 онд компанийн төлөөлөл үйлдвэрүүдийн Удирдах зөвлөл, менежментэд оролцох болсон. Гэвч хувьцаа шилжүүлэлт удааширснаар 2015 онд Монголын парламент Засгийн газар хоорондын гэрээнд оруулах өөрчлөлтийг баталсан байдаг. Уг салбарыг мэддэг эх сурвалж ярихдаа "Монголын тал хэдийнээс хяналтын багцыг гартаа авахыг эрмэлзэж ирсэн. 500 сая ам.доллар гэдэг бол сайн үнэ. Хамгийн амжилттай жилүүдэд Эрдэнэтээс авдаг хувьцааны өгөөж 20 сая ам.доллараас хэтэрдэггүй байсан” гэжээ. Түүний хэлснээр "Эрдэнэт”-ийн ашгийн гуравны нэг нь үйлдвэрийн хөгжилд, дахиад гуравны нэг нь Монголын хэрэгцээнд, үлдсэн нь хувьцаа зэмшигчдэд ногддог байсан аж. "КОММЕРСАНТЪ” СОНИН

 

"Ростех”-ийн бодит эдийн засгийн салбарт хийсэн хамгийн том хэлцэл

Москва, зургадугаар сарын 28. (ТАСС). "Ростех” корпораци ба "Монголын зэс” корпорацийн (Монголын санхүүгийн томоохон институт болох Худалдаа хөгжлийн банкны бүтцэд багтдаг уул уурхайн төрөлжсөн компани) хооронд Орос-Монголын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК дахь "Ростех”-ийн эзэмшлийн 49 хувийг худалдах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ талаар "Ростех”-ийн охин компани 49 хувийн удирдлагыг гүйцэтгэж байсан "РТ-Развитие бизнес”-ийн төлөөлөгч ТАСС-т мэдээлэв. Уг мэдээлэлдээ "Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет”-ийн 49 хувийг борлуулсан нь "Ростех”-ийн бодит эдийн засгийн салбарт хийсэн хамгийн том хэлцэл юм. Бид хувьцааг эзэмших хугацаандаа үйлдвэрүүдийг удирдах үйл ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, корпорацийн удирдлагыг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авсан нь хувьцааны үнийг мэдэгдэхүйц өсгөлөө. Хэлцэл Орос ба Монголын талуудад харилцан ашигтай зах зээлийн нөхцөлөөр хийгдсэн. Хэлцлийг гүйцэтгэх зорилгоор 49 хувийн хувьцааны үнийг эзэмшлийн чанар ба хөгжлийн боломжийг тооцож, зах зээлийн урамшуулалтайгаар тооцсон. Гэрээний нөхцөлийг олон улсын бие даасан аудитор, зөвлөхүүд үнэлсэн. Хэлцлийн үр дүнд тус корпораци өөрийн төсөвт түүхэндээ хамгийн их мөнгөн хөрөнгийг нэг дор орууллаа” гэж уг төлөөлөгч ярьсан юм. Гэрээний нарийн зүйлийг мэдэх эх сурвалж нийт үнэ 0.5 тэрбум ам.доллар болохыг мэдээлсэн. Тэрбээр энэ туршлага тус компанийн бусад эзэмшлүүдийг борлуулж, өөрийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт ашиглах боломжийг харууллаа гэж тэмлэглэжээ. ТАСС

 

"Ростех” гэрээгээр орж ирсэн хөрөнгийг компанийн стратегид нийцсэн төсөлд зарцуулна

Орос-Монголын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК дахь "Ростех”-ийн эзэмшлийн 49 хувийг худалдах гэрээ байгуулсныг тус компанийн салбар "РТ-Развитие бизнес”-ийн төлөөлөгч мэдээлэв. Хоёр үйлдвэрийн үлдсэн тус бүр 51 хувийн хувьцаа нь Монголын Засгийн газрын мэдэлд үлдэнэ. Bloomberg-ийн эх сурвалж болон "Ведомости”-д мэдээлэл өгсөн хоёр талын нэгэнд ойр ярилцагч хэлцлийн үнэ 500 сая ам.доллар гэсэн байна. "Эрдэнэт” үйлдвэр жилдээ 500 мянган тонн орчим зэсийн, 4000 тн молибдений баяжмал гаргадаг. "Монголросцветмет” ХХК төмрийн хүдэр, алт олборлодог гэж "Ростех”-ийн сайтад бичсэн байна. "Ростех” корпораци "Эрдэнэт”-ийн баяжмалыг Өвөр Байгалийн хязгаар дахь зэс хайлуулах үйлдвэрт ашиглахаар төлөвлөж байгааг "РТ-Глобальные ресурсы” компанийн захирал Родион Сокровищук хэлж байсан. Тус компанийн төлөөлөгч хэлэхдээ уг хэлцлийн хүрээнд Оросын талын эрхийг хамгаалах механизм тусгагдсаныг дурджээ. "Ростех”-ийн төлөөлөгч гэрээгээр орж ирсэн хөрөнгийг компанийн стратегид нийцсэн төсөлд зарцуулна гэсэн юм. "ВЕДОМОСТИ” сонин

 

150-200 сая ам.долларын зах зээлийн урамшуулалтайгаар борлуулсан

 

"Газета.ру”-ийн эх сурвалжийн мэдээлснээр "РТ-Развитие бизнес”-ийн "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” дэх 49 хувь 0.5 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Мөн эх сурвалж Монголын тал хоёр эзэмшлийн нийт өртгийг 0.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан агаад "Ростех” үйлдвэрүүд дэх өөрийн хувиа 150-200 сая ам.долларын зах зээлийн урамшуулалтайгаар борлуулсныг тэмдэглэв. "РТ-Развитие бизнес”-ийн мэдээгээр үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, олон улсын удирдлагын стандарт нэвтрүүлэх арга хэмжээ авсны үр дүнд "Эрдэнэт”-ийн нэг тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх өөрийн өртгийг 2015 оны сүүлийн ба 2016 оны эхний улиралд 5200-аас 4000 ам.доллар болтол бууруулж чадсан байна. Төлөвлөгөөний дагуу хүдэр олборлох болон боловсруулах хэмжээг жилд 36-40 сая тоннд хүргэхээр тусгагдсаны дээр түүхий эд экспортлох дунд болон урт хугацааны худалдааны гэрээнүүдийг шинэчлэн байгуулжээ. "Эрдэнэт” үйлдвэр зэс, молибдений олборлолт, баяжуулалтаар Азид дээгүүр эрэмбэлэгддэг үйлдвэрүүдийн нэг юм. ГАЗЕТА.РУ "

Ростех” эзэмшлээ азтай борлуулжээ

Хэлцлийн үр дүнд тус компани түүхэндээ байгаагүй их хэмжээний мөнгийг оруулж чадлаа хэмээн онцолж байна. "Интерфакс” агентлаг "РТ-Развитие бизнес”-ийн хэвлэлийн мэдээг эш татан уламжилснаар энэ сарын 28-нд уг гэрээнд гарын үсэг зурсан байна. "Ростех”-ийн төлөөлөгчийн хэлснээр Монголын үйлдвэрүүд дэх эзэмшлээ худалдах шийдвэрийг Улсын корпорацийн 2025 он хүртэлх хөгжлийн стратегийн хүрээнд хийгдэх төслийг санхүүжүүлэх хөрөнгийн нөөцийн хэрэгцээг хангах үүднээс гаргасан аж. Түүнчлэн хамтарсан үйлдвэрүүдийн хувьцааны ханшийг өсгөх олон талт арга хэмжээ авсны дараа өөрийн хувийг худалдах шийдвэрт хүрсэн гэж энд дурджээ. "Эрдэнэт” бол Монголд зэсийн түүхий эд үйлдвэрлэдэг томоохон үйлдвэр агаад одоо нөөцийнхөө баруун хойд хэсгийг ашиглаж байгаа. Батлагдсан нөөц нь зургаан сая орчим тонн зэс, 170 мянган тонн молибдентэй. "Монголросцветмет” ОХУ-ын хими, хар төмөрлөг, хөнгөн цагааны үйлдвэрүүдэд жоншны баяжмал нийлүүлдэг юм байна. "Репортер.ком”