|

Гадны иргэнд газраа зарсан даргад хариуцлага тооцъё

Хотод хүссэн газраа гэрээ бариад амьдарна гэвэл гожийнжоо. Зарим нь өдгөө ч буусан газартаа эзэн нь болж чадаагүй, чадахгүй байна. Сайны хажуугаар саар гэгчээр газраа өмчилж авч чадаагүй иргэдийн "зовлон” мундахгүй. Хэсэг хугацаанд чих амар байж байтал эндээс ч явж байна, тэр ч газрын дарга гэсэн нөхдүүд ирж хөөж туун, буулгаж хаяхаас наагуур юм болдог нь нууц биш үнэн. Буусан газраа өмчилж авах нь байтугай, гэрээ барих ч газар үгүй иргэд өдгөө олон.

Гэтэл эрх мэдэлтэй нэг нь мөнгөнд улайрч, гадныханд хэдэн зуун саяар газар өмчлүүлж байх юм. Ингэж болно гэж үү...

Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх нь БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авч хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулжээ. Дээрх мөнгийг урьдчилгаа болгон авсан аж. Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б,Ч,П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байсан бөгөөд БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон байжээ. Авилга өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа барилгын нэгэнкомпанийн захирал юм байх. Одоогоор цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тодруулбал, түүнд Эрүүгийн хуулийн 268-д зааснаар хариуцлагад татжээ. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар бол:

268 дугаар зүйл. Хээл хахууль авах

268.1.Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

 

Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх нь 2013 оны дөрөвдүгээр сарын 30-нд ASSA.MNсайтад өгсөн ярилцлагадаа ийн хариулжээ.

Сэтгүүлч: -Газрын нөөцийн хувьд ямар байгаа вэ?
-"Нөөц бол яг үнэндээ алга. Бүүр хол байгаа амууд руу ч хүмүүс орчихсон байна. "Одоо энд хоосон байна . За ав” гээд өгч болохгүй байна. Сургууль цэцэрлэгтээ ч талбай олдохгүй болчихож. 21 дүгээр хороонд очоод иргэдтэй уулзахад бидэнд газар өгөхгүй гэж хориглочихоод яахаараа сургууль цэцэрлэгт өгч байгаа юм хэмээн өөдөөс асуугаад зогсч байдаг. Ухамсар бол ийм л хэмжээнд байгаа. Маш зөв, хатуу зохион байгуулалтад орохгүй бол газар Дашбалбар агсны хэлсэн үг санаанд ороод байна. Тэгэхээр иргэддээ хэлэхэд үнэхээр газар худалдан авах эрх шилжүүлэх ажиллагаа хийх гэж байгаа бол манай дээр ирээд лавлагаа аваарай. Лавлагаа авах эрх бол хүн бүрт нээлттэй. Яагаад гэвэл би энэ нэгж талбайг авах гэсэн юм. Хуулиар үүнийг авч болох уу гэвэл гаргаад л өгнө”гэжээ. Тэгсэн хэрнээ өдгөө гадныхнаас их хэмжээний мөнгө авч, наймаалцаж байна.

Хэдийгээр ийм явдал Баянзүрх дүүрэгт гарсан ч бусад дүүрэг, хороонд ч газаргүй иргэн олон бий. Энэ мэт албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг сонжоо харсан хүнээс болж бариад амьдрах гэр, байшинтай ч чадахгүй, эцэг, эхтэйгээ нэг гэрт толгой хоргодсоор буй хүн цөөнгүй бий. Тэр ч байтугай зарим нь олдож байгаа нь энэ гээд голын усны ойролцоо, үерийн далантай газар очоод буучихдаг. Гэвч тэдгээр хүнийг буруутгах аргагүй юм. Газар олдохгүй байхад өөр яалтай ч билээ. Харин энэ мэт албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг хонжоо харагчдад хатуу хариуцлага тооцож, төрийн үйлчилгээ зөв хүндээ хүрээсэй.

Д.Бат

эх сурвалж:Fact.mn