|

Наадам нэртэй жүжигчилсэн тоглолт

 

Төрийн наадам ч болдгоороо болоод өнгөрлөө. Тэгвэл эдгээр өдрүүдэд аймаг, сумдын наадмууд үргэлжилж байна. Наадам ч гэж дээ эртнээс төлөвлөсөн жүжигчилсэн тоглолт гэлтэй. Адгуус амьтан уралдаж байгаа учраас энд маапаан гарах нь бага.

Харвасан сум байгаа оносон оноогүйгээр нь байр эзлүүлэх учраас энд ч бас маргаан бага. Харин хоёр хүн ноцолдох явцдаа юу эсийг хийж болох вэ. Энд л маргаан, будилаан, наймаа зэрэг нь явагдаж байна.

Хэдхэн хоногийн өмнө улсын баяр наадамд цол хүртсэн хүчтэнүүд сумын наадам дээр очоод л бүгд залуу бөхчүүдэд өвдөг шороодож харагдах юм. Зарим маазарч инээсээр босч ирж байгаа нь ямар нэгэн тохироо хийчихжээ гэж хардмаар. Магадгүй улсын наадмаар алдсан хөрөнгөө орон нутгийн наадам дээр ирж нөхдөг ч юм болов уу гэж бодогдоход хүргэж байна.

Бөхийн цол гэдэг өөрөө тодорхой төлбөр, үнэ цэнэтэй бараа үйлчилгээ шиг зүйл болчихож. Мэдээж цол дагаж, нэр хүнд, ашиг сонирхол ч байх нь ойлгомжтой. Бүр цаашлаад улсын аварга цол хүртчихвэл олон түмний төлөөлж, УИХ-д суух эрхэм гишүүн ч болж мэдэх юм.

Тиймээс л сумын наадмаас ч болов цол хүртэх нь бөхчүүдийн чин хүслэн болжээ. Хүч чадал нь хүрэхгүй бол хөрөнгө мөнгөөр ч болтугай цолонд хүрч болдгийг орон нутагт өрнөж буй наадмын торгон дэвжээн дээрээс харж, толгой сэгсэрч болно.

Дээх нь үед дэлгэцээр гарч байсан даа. Жүжигчин Аглуу, Төөтөөгийн хамтаар хар цүнх үүрчихсэн сумын наадамд түрүүлж, цол хүртэх гээд л наймаа хийгээд явдаг жүжиг. Тэгвэл орон нутагт сумдад болж буй наадам яг л ийм дүр зурагтай өрнөж байна. Олон түмэндээ эр бяр, хүч чадлаа гайхуулж, аварга, арслангуудтай барилдаж, улсын цол хүртсэн сайхан бөхчүүд насанд хүрсэн болов уу гэж андуурмаар хөвгүүдэд өвдөг шороодож, тахимаа өгч явааг харахад дээрх жүжиг л санаанд буух нь тэр. Тиймээс л сумын наадам нэртэй жүжигчилсэн тоглолт явагдаад байна уу гэж хардаад байгаа юм. Аль суманд хэн гэдэг цолтон жүжиг тоглож, хэтэвчээ зузаалсныг дурдаад яах вэ. Хэлсэн хэлээгүй, ичиж ч яваа байлгүй. Монгол бөхийн дэвжээ ч молиго Очирын хэлдгээр ёс бус зүйлсээр дүүрч дээ.

Эх сурвалж: Өглөө.мн

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу