|

Интерполоор хэн хэнийг эрэн сурвалжилж байгаа вэ

Дэлхийн Интерполийн төв Францын Леон хотод байдаг байна. Манай улс уг байгууллагад гишүүнээр элсээд 20 гаруй жил болж байгаа. Гишүүн болсон орны цагдаа, хууль хяналтын байгууллага эрэн сурвалжилж байгаа хүний тухай олон нийтэд мэдээлэх ёсгүй аж. Харин хууль хяналтын байгууллага мэдээлэл авах, ашиглах эрхтэй байдаг юм байна. Интерполд элсэн орсноос хойш манай улсаас олны анхаарлын төвд орсон ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор, "Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, "90 сая”-ын гэх тодотголтой мөнгө залилсан Т.Гансүх, удаа дараа улсын хил зөрчин, хууль бусаар оргон зайлсан У.Болд нарыг энэ шугамаар эрэн сурвалжилж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байдаг. Өдгөө Интерполоор манай улсын долоон иргэн эрэн сурвалжлагдаж байна. Энэ талаарх мэдээллийг сонирхуулъя.

 

"Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат

 Манай улсаас Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүст хамгийн сүүлд нэмэгдсэн нь Ч.Ганбат юм. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч "Samsung CT corporatian” компанийн удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн аравдугаар сарын 30-нд баривчилсан. Уг хэрэгт холбогдуулан "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг цуг баривчлах тушаал гарсан ч тэд оргон зайлсан тухай мэдээлэл гарч байлаа.

Д.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т буюу "Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн зүйл заалтаар шалгаж байгаа. "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.

 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү, Н.Энхтуяа нь 1960 оны хоёрдугаар сарын 29-нд төржээ. Англи, орос хэлтэй тэрээр Сингапур дахь Монголын далайн тээврийг хариуцан ажиллаж байсан гэгддэг. Монголын далайн тээврийг хариуцан Сингапурт олон жил амьдарсан түүний эзэмшиж байдаг 335 хөлөг онгоц байдаг гэсэн яриа ч бий. Түүнийг мөнгө завшуулсан, оргон зугтсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа юм.

 

БСШУЯ-ны дэд сайд Б.Тулгын төрсөн ах Б.Хуяг

 1978 онд төрсөн Б.Хуягийг Интерполоор эрэн сурвалжлах болсон нь мөн л Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой. Н.Энхбаярын туслах байсан БСШУ-ы дэд сайд Б.Тулгын төрсөн ах энэ залууг мөнгө завшиж, оргон зугтсан нэрийдлээр эрэн сурвалжилж байгаа юм. Тэрээр Монголд байхдаа "Хар дун” гэх компанийн захирал байжээ. Түүний хувьд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор "Өргөө" зочид буудлыг өөрийн "Хар дун" компанид шилжүүлсэн нь ийн эрэн сурвалжлагдахад хүргэжээ. "Өргөө” зочид буудлыг өөрийн нэр дээр авахаас найм хоногийн өмнө Б.Хуяг нь "Хар дун” компаниа байгуулж байсан гэдэг. Эх сурвалжийн хэлж байснаар компаниа байгуулаад удаагүй байхад тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй "Өргөө” зочид буудлыг татан буулгаж, Б.Хуяг захиралтай "Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой "Дун-Өргөө” ХХК-ийг шинээр байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр туслахынхаа төрсөн ахын нэр дээр компани байгуулж "Өргөө”-г өөрийн болгосон гэсэн таамаг бий.

 

Ц.Гансүх болоод бусад

 Өнгөрсөн онд Ц.Гансүх гэгчийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Тэрээр өдгөө 43 настай бөгөөд Төв аймгийн харьяат аж. Монголын цагдаагийн байгууллага түүнийг хүн амины хэрэг үйлдсэн, бусдын биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж буй ч ор сураггүй алга болсон тул ийнхүү Интерполд хандах болсон байна. Түүнчлэн Интерполоор Баян-Өлгий аймгийн иргэн, Т.Анез болон 36 настай Г.Нэргүйг бусдыг залилан мэхэлсэн хэргээр, 42 настай С.Энхчимэгийг бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжилж байгаа аж.

 

Ж.БАЯРСАЙХАН

 

Эх сурвалж: