|

Трампт хэл хүргэх гэж яваад баригджээ

 

Америкийн Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн төвд байрлалтай "Трампын цамхаг” барилга руу олс болон бумба ашиглан авирч байсан залууг цагдаа нар баривчилжээ. Энэ залууг 58 давхар барилгын 21 дүгээр давхарт хүрэх үед цагдаа нар барилгын дотроос "шүүрэн” авсан байна. Тус барилга нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн төв штаб юм. Трамп мөн тус барилгад амьдардаг ажээ. Гэхдээ уг хэрэг болох үед тэрбээр Нью-Йоркод байгаагүй аж. Цагдаа нарын хэлснээр, авирагч нь Виржиниад амьдардаг, 20 настай гэнэ. Тэрбээр цагдаад мэдүүлэгтээ "Би ноён Трамптай уулзахыг хүссэн ” гэжээ. Түүнийг үүнээс өөр ямар нэг далд санаа агуулж, хэн нэгнийг гэмтээх үйлдэл хийх гэж байсан гэж цагдаа нар үзэхгүй байна. Авирагч залуу энэ долоо хоногийн эхээр "YouTube”-д нэгэн бичлэг тавьсан байсан гэнэ. Уг бичлэгт өөрийгөө "Бие даасан судлаач, Трампад "чухал мэдээлэл” хүргэх хэрэгтэй байна" гэжээ.

Д.Од