|

ТИКА Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төв байгуулна

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь Дархан-Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгийн дэргэд 2-6 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан анги болон сэргээн заслын төв байгуулах төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2-6 насны нийт 7000 хүүхэд байдаг бөгөөд үүнээс 56 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг байна. Эдгээр хүүхдүүд тусгай арчилгаа, сувилгаа шаарддаг ба хүүхдүүдээ асрахын тулд эцэг эхийнх нь аль нэг нь ажлаасаа гарах шаардлага тулгардаг. Эдгээр хүүхдүүдэд сургуулийн өмнөх тусгай боловсрол олгоход шаардлагатай ямар нэгэн анги танхимын хүрэлцээ муутай байдаг тул ТИКА-гаас боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү анги болон сэргээн заслын төв байгуулагдсанаар улсын хэмжээнд хоёр дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог улсын цэцэрлэгтэй болох юм. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги болон сэргээн заслын төвийг хүний нөөцөөр хангаж урсгал зардалыг хариуцах ба 7 дугаар цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулийн өмнөх боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтарч ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги болон сэргээн заслын төв нь ашиглалтанд орсоноор нийт 2-6 насны 30 хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүд сэргээн заслын төвөөр үйлчлүүлэх боломжтой юм. Төслийн хамтын ажиллагааны хэлэлцээрт ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи болон Дархан-Уул аймгийн Засаг дарга М.Насанбат нар гарын үсэг зурав. ТИКА-гийн зүгээс барилга угсралтын ажилд нийт 35318 ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө барилга угсралтын ажлыг дуусган Монголын талд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Ч.БОЛ

http://www.news.mn/r/310377