|

Дарханы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгтэй болно

Дарханы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгтэй болноДархан-Уул аймагт 2-6 насны 7000 хүүхэд байдгаас 56 нь хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээр хүүхдүүд тусгай арчилгаа, сувилгаа шаарддаг. Хүүхдээ асрахын тулд эцэг эхийн аль нэг нь ажлаасаа гардаг байна.

Учир нь тэдгээр хүүхдэд сургуулийн өмнөх тусгай боловсрол олгодоггүй буюу тэднийг цэцэрлэгт хамруулдаггүй. Иймд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ Дархан-Уул аймгийн долдугаар цэцэрлэгийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан анги, сэргээн заслын төв байгуулахаар боллоо.

Шинэ анги, сэргээн заслын төв байгуулснаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог улсын хоёр дахь цэцэрлэг бий болно.

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, сэргээн заслын төвийг хүний нөөцөөр хангаж, урсгал зардлыг хариуцах юм. Энд 2-6 насны 30 хүүхэд тусгай боловсрол эзэмшинэ. Мөн аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдэд сэргээн заслын төвөөрөө үйлчлэх боломжтой.

Төслийн хамтын ажиллагааны хэлэлцээрт ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи болон Дархан-Уул аймгийн Засаг дарга М.Насанбат нар өчигдөр гарын үсэг зурлаа.

ТИКА барилга угсралтад 35 мянга орчим  ам.долларын хөрөнгө оруулалт хийн, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахаар төлөвлөжээ.