|

ШҮҮГЧИД ТАНГАРАГ ӨРГӨСӨН ХУУЛЬЧИД БИЗ ДЭЭ

 

Шүүгчдээс ингэж асуумаар байна. Шүүгчдийн цалинтай холбоотой асуудал хөндөгдмөгц тэд яасан их бухимдана вэ. Бүр хэвлэлийн бага хурал зарлаж, сүрийг үзүүлэх нь тэр. Улс орны эдийн засаг хямралтай энэ цаг үед иргэн бүр бүсээ чангалах ёстойг хамгийн түрүүнд ухамсарлаж, эдийн засаг сэргэтэл цалин хангамжаа төрийн албан хаагчдын цалингийн системд шилжүүлэх тухай санал санаачилгыг шүүгчид гаргасан бол төр, ард түмэн нь баярлаж, сэтгэл зүтгэлийг нь өндрөөр үнэлэх байлаа. Бахархсан зарим нь гэдний араас цалингийнхаа тодорхой хувийг улсын эднйн засгийг сэргээх сан байгуулж, түүнд хандивлах ихаяныг өрнүүлж ч мэднэ. Гэтэл үгүй ажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж гуай "Шүүгчид нөгөө талаас их үйлтэй хүмүүс. Нэг бол элдвээр хэлүүлнэ. Хүнд хүчир ажилд өдөр шөнөгүй зүтгэнэ. Хангамж хамгаалал муутай. Шүүгчийн цалингаар ямар ч улс орон хохирч байгаагүй, харин шүүгчээс цалин харамласан улс орон шударга ёс, хуулийн ноёрхлоо өөр зүйлд алдсаар байдаг. Харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг муухай үг бий. Тэр л болох нь” хэмээн сэтгүүлчтэй ярилцах үеэрээ онцолж, бас тунирхаад авчээ.

Түүний хэлсэнчлэн шүүгчийн цалинг эдийн засгийн утгаар нь дэлхий харахаа болиод удаж байгаа нь үнэн.
Улсын эдийн засгийн чадавхи шүүгчдийг байтугай хүүхдийнхээ 20 мянга, тэтгэвэр, тэтгэмжийнхээ асуудлыг шийдэж чадахгүй нөхцөл үүсэхэд тун ойрхон байгаа учраас бүү бухимд гээд байгаа хэрэг.

Нөгөөтэйгүүр, шүүгч хүн эмч, хуульч, прокурор, хилчдийн нэгэн адил тангараг өргөдөг. Ажил үүргийн хуваарийн тухайд өөр өөрийн онцлог бүхий мэргэжил хийгээд салбарууд. Шүүгчдийн хувьд Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг цорын ганц эрх мэдэл бүхий албан тушаалтан.

Гэхдээ тэд цагдаа нар шиг хэргийн халуун мөрөөр дээр орж, эмч нар шиг минут тутамд хүний алтан амийг аварч үлдэхийн төлөө эцсийн хүчээ шавхдаггүй бас хилчид шиг цас шуурч, мөндөр шаагиж, нар эгц дээрээс төөнөж байсан ч дархан хилээ манасаар байдаггүй. Тэд бүгд амьдрал үүрдэг. Дийлэнх нь 1-2 оюутны сургалтын төлбөр төлөхийн зэрэгцээ орон сууцны зээлтэй. Авдаг цалин нь ажилласан жилээсээ хамаараад 650-800 мянга. Үйлчилгээний байгууллагын ажилчид, асрагч нарын тухайд тоолдог хэд нь бүр бага бөгөөд 350-500 мянган төгрөг байх жишээний.

Эдний дэргэд шүүгчдийн цалин толгой эргэм өндөр тоо. Гэтэл тэр нь амьдралд нь арай ядан хүрэлцдэг гэх. Цалин өндөр байхын хэрээр хэрэглээ тансаг байх гээд байдаг гэм байдаг л юм. Хүний эрхийн асуудал учраас шүүгчийг эмч, багш нартай нэг төвшинд амьдарч сур гэж хэлчихвэл нэг их буруудахгүй л байх. Гэсэн хэдий ч сануулахад гэмгүй. Гурван жилийн өмнө шүүгчид бидний ижил цалин хангамж дор амьдарч болоод л байсан. Харин тэр үед Монгол Улсад шударга ёсыг тогтоож болохгүй байсан юм байх.
Монгол Улс авлигаас ангижрахад шүүгчдийн цалинг дэлхийн хэмжээнд очих ёстойг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж доктор үгийн далимд Монголын төрд сануулж амжсан. Бүр шүүгчдийн 98 хувь нь ямар нэг байдлаар тодруулбал, 80 хувь орон сууцны зээлтэй хэмээн гомдоллов. Шүүгчид өндөр цалинтайн хэрээр их хэмжээний зээл авсан байдаг нь дамжиггүй. Түүнээс төрийн албан хаагчид шиг 35-80 саяын өртөг бүхий орон сууцны зээл авчихаад түүнийгээ төлөх гэж арга үйлээ бардаггүй биз.

Тэгээд ч Монголд эдүгээ орон сууцны болоод автомашины, цалингийн, тэтгэврийн зээлгүй иргэн тун ховор. Бараг л 70 хувь нь зээлээс зээлийн хооронд амьдарч буй. Статистик мэдээнээс харахад, зээлд хамрагдаагүй үлдсэн 30 хувийн 25 нь зээлийн шаардлага хангахгүй ажилгүй нөхдүүд, үлдсэн тав нь зээл авах шаардлагагүй болтлоо баяжсан төрөөс төрсөн тэрбумтнууд эзэлдэг аж.

Нөгөөтэйгүүр, Монголын төр цаашлаад хууль боловсруулагчид "Шүүгчийн эрх зүйн байддын тухай” хуулийн төслийг боловсруулахдаа "бусдаас эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдралд нь хүрэлцээтэй, баталгаатай гэсэн заалтыг дэлхийн жишигт нийцүүлэхийг оролдож оруулж өгсөн хэдий ч өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүссэн тохиолдолд эдийн засаг хямарвал, улс мөнгөгүй болбол” гэх эрсдлийг давхар суулгаж өгснийг эргээд харахад буруудах зүйлгүй мэт санагдах юм. Социалист үзэл баримтлалыг дэлхийн улс орнууд шаардлагатай үедээ төрийнхөө бодлогод тусгасан л байдаг юм билээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юм шүү дээ.

Монголын мэдээ
Ч.Чулуун