|

Шударга ёсыг мөнгөөр бус ёс зүйгээр тогтоодог

Шударга ёсыг мөнгөөр бус ёс зүйгээр тогтоодог

 

Эрх мэдэл, ёс зүй хоёр нэг төвшинд байхгүй бол хамгийн аюултай хэрэг. Ёс зүйгүй эрх мэдэл ханаж цадах тухай ойлголтыг хөсөр хаяулдаг бол эрх мэдэл ёс зүйгүй болохоороо нийгмийг булингартуулдаг гэсэн үг байх юм. Сүүлийн үед улс орныг хамарсан эдийн засгийн хямралын улмаас төрийн албан хаагчдын цалинг бууруулах, танах тухай асуудал хөндөгдөв.

 

Засгийн газраас гаргасан шийдвэр учраас төрийн албан хаагчдын зүгээс "Цалинг минь бууруулах гэлээ гэж хэн ч асуудал хөндсөнгүй. Харин ч хүлээн зөвшөөрч, бага танаасай, татвар бага нэмээсэй гэсэн залбирал цахим ертөнц, зарим нэг сайт, хэвлэлээр хөндөөд удаж байна.

 

Харин хамгийн ёс зүйтэй байх, нийгэмд шударга ёсыг тогтоох эрх үүрэг бүхий шүүгчид, шүүхийн байгууллагынхан "Бидний цалинг хасвал авлига авна шүү” гэсэн заналхийлэл бүхий ил захидлыг өдөр тутмын сонинуудад төлбөртэй нийтлүүлж, тун ч олон шалтгаан, шалтаг тоочиж. Монголын хуульчдын болон шүүгчдийн холбооноос гаргасан энэхүү мэдэгдэлд "Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг эдийн засгийн хувьд хараат бус ажиллах боломжийг хангахуйц байдлаар тогтоох нь шүүгчдийн эрх ашгийг хамгаалах гэхээсээ илүүтэйгээр иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг баталгаатай хангахад чиглэсэн” хэмээн онцолсон байх юм. Хэрэв цалин бууруулсан тохиолдолд иргэд шүүхээр шударга шүүлгэх эрхгүй болж хохирно шүү гэсэн "заналхийлэл” эндээс үнэртэнэ.

 

Шүүгчид үндсэн чиг үүрэг бүхий ажлаа хийж байгаа. Цалин хэд байх нь энд тодорхой хэмжээгээр сөхөгдөх нь зүй ч бусад салбарыг бодоход эдлэх эрх, эрх ямбаар тэд дутаагүй. Шүүгчийн бүрэн эрх, халдашгүй байдал гээд яривал тэд бусад чиг үүрэг бүхий хуулийн салбарынхан дундаа "дархан цааз”-тай гээд хэлчихэд болно. Хэргийг илрүүлж мөрдөх мөрдөн байцаагч, хэрэг бүртгэх, хяналт тавих прокурор зэрэг чиг үүрэг адил бүхий албан хаагчдын цалин энэ хугацаанд нэмэгдээгүй. Гэтэл өнгөрсөн хэдэн жилд хууль бусаар нэмсэн шүүгчдийн цалинд 15 тэрбумыг зарлагадсан гэсэн тоон үзүүлэлт бий. Ингэж нэмсэн ч шүүгчдийн зүй бус үйлдлийн талаар дуулиан тасардаггүй. "Нүүрсний” гэх тодотголтой хэргийн шүүх хурлыг даргалсан н.Тамир шүүгчийг эрх ашгийн зөрчилтэй тул шүүх хурлаа даргалуулахгүй гэж сэжигтэн Л.Гансүх хүсэлт гаргасан ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нааштай хариу аваагүй. "Шүүх хурал даргалагчийн төрсөн ах нь хар тамхины хэрэгт орооцолдсон тул дарамтад орж, надад ял өгнө” гэсэн үндэслэлийг Л.Гансүх гаргаж тавьж байлаа. Иргэд шүүхийн энэ шийдврийг эсэргүүцэж, шүүгчид гэж хэн бэ гэдгийг хар талаас нь ойлгож харах болсон. Шүүгчдийн нэгэнт нэмсэн цалинг цаашид үргэлжлүүлэх үү эсвэл… гэсэн асуултын өмнө хууль тогтоогчид ирээд байна. Үүнээс гарах хоёр арга зам бий. Нэг бол энэ хэвээр нь үргэлжлүүлж, адил чиг үүрэг бүхий прокурор, мөрдөн байцаагчдын цалинг шүүгчдийн цалинтай дүйцүүлэх, ядаж дөхүүлэх талаар санаачлага гаргах. Харин нөгөөх нь төрийн бусад албан хаагчдын жишгээр шүүгчдийн цалинг хасах.

 

Анхан шатны шүүгч сард гурван сая төгрөгийн цалин авдаг бол адил чиг үүрэг бүхий ачаалал ихтэй ажилладаг прокурор сард 900 мянга хүрэхгүй төгрөгийн цалин, хангамжтай. Түүнээс гадна эрүүгийн болон бусад хэрэгт ажиллаж, анхан шатны хэргийн материалыг бүрдүүлдэг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид сард 600-700 мянган төгрөгийн цалин авдаг. Уг нь мөрдөн байцаагч ч, хэрэг хянаж буй прокурор ч адилхан л ачаалалтай ажилладаг.

 

Тэдний ажил үүргийг харьцуулж харвал яг адилхан. Харин ч шүүгчдээс илүү хүнд, ээдрээтэй нөхцөлд мөрдөн байцаагч, прокурорууд ажилладаг. Ижил төрлийн ажил хийж байгаа ч шүүгчид илүү цалин авдаг нь үнэн. Шүүгчдийн цалинг нэмсэн өдрөөс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Мөрдөн байцаагч, прокурорын цалингийн зөрүү илүү байж болохгүй. Хэрэв 30 хувиас хэтэрвэл хууль зөрчиж байгаа хэрэг шүү” гэж мөн ч олон хэлсэн. Даанч түүний үгийг хэн ч тоогоогүй.

 

Үүнээс гадна шүүгчийн цалин хэт өндөр болоод ирэхээр мөрдөн байцаагч, прокурорууд ажлаа муу хийж, хагас дутуу бүрдүүлсэн материалынхаа үндсэн дээр цалингийнхаа зөрүүг олж ав гэсэн төрийн мунхаг шийдвэр болж хувирдаг талаар ч тэрбээр хангалттай ярьж, сануулж байлаа. Мөрдөн байцаагч хавтаст хэргийг дутуу бүрдүүлж, прокурор уг хэргийг хангалтгүй хянасан тохиолдолд шүүгч мэргэн шийдвэр гаргадаггүй гэдгийг дэлхий нийт мэднэ.

 

Уг нь Монгол Улс нэг л төр, нэг л засагтай. Гэтэл цалин нэмэх, хасах болоод ирэхээр шүүх гэдэг далд төр бий болж, "Цалин хасвал авлига авна шүү” гэсэн утга бүхий ил захидал илгээж, төрөө шантаажилдаг болоод удав. Банкны зээлтэй учир банкны барьцаанд тэд орох магадлалтай, цалингийн зээлтэй учир хасч болохгүй гэнэ. Монголд өнөөдөр зээлгүй төрийн албан хаагч хэд байгаа бол. Тэгэхээр банкнаас зээл авсан төрийн албан хаагчид нийтээрээ банкны шантаажинд амьдардаг болж таараад байгаа юм. Үүнийг шалгаж тогтоосон байгууллага байхгүй ч шүүхийнхэн ингэж хэлж байгаа нь тэдний хувьд банкны шантаажинд орж байсан тохиолдол гарч байснаа илэрхийлэх гэж ядаад байх шиг харагдана. Мэргэжил бүхэн өөрийн онцлогтой бас өнцөгтэй. Бүгд л цалин хангамжийн хувьд тийм ч хангалуун, нэгнээсээ илүү гараад байгаа нь үгүй. Гэхдээ бидний цалин бага учир авлига авч болно гэж бусад салбарынхан, мэргэжлийнхэн хэлээгүй. Бас өртөх магадлалтай гэж өөрийгөө өмөөрөөгүй. Харин шүүгчид ингэж хэлэв. Бүр төрөө дарамтлав. Шүүх байгууллага шударга биш, мөнгөний хэт хараанд ороод ирэхээр аюултай. Шүүх байгууллагад мөнгө ноёрхох ёстой гэсэн энэхүү үзэл баримтлал "Шударга ёс мөнгөн дор амьсгаадах цагт хууль ёс шүүгчийн хувийн өмч болж хувирдаг” гэсэн үгийг эрхгүй санагдуулна.

 

Мэргэжил бүхэн сайхан. Шүүгчийн мэргэжлээрээ бахархаж, эзэн болох нэгэн байхад зөвхөн илүү цалинтайг нь бодож шүүгч болсон нэгэн ч бий л байх. Өдгөө шүүгч болохын төлөөх уралдаан ил, далд ихээхэн өрнөж байгаа. Бүгд шударга байх гэж биш илүү их цалин, хангамж л шүүгч гэдэг мэргэжлийг үнэд оруулж байна. Шударга ёсыг уг нь мөнгөөр бус ёс зүйгээр тогтоодог. Харин мэргэжлийн ёс зүй мөнгөн дээр тогтдоггүй. Бүх юм мөнгөөр үнэлэгдэх цагт мянган шударга шүүгч байгаад ч хэрэг байна уу. Хэн мөнгөтэй нь шударга нэгэн болдог хууль баталчихвал шүүгчийн гэх орон тооны хэрэг үгүй болох бус уу.

 

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН