|

Ханшаар дамжуулан эдийн засгийг залж БОЛНО, БОЛОХГҮЙ


Ханшаар дамжуулан эдийн засгийг залж БОЛНО, БОЛОХГҮЙ


 

Хараад сонсоод байх нь ээ,  инфляци гэдэг хадны мангаанаас манай эрх баригчид ер нь айхаа больчихсон юм байна.  Харин валютын ханшийн өсөлтөөс бол бүгд чичирцгээж байх шиг. Уг чанартаа бол аль аль төгрөгийн үнэ цэнэтэй шууд холбоотой асуудал л даа. Тэрчлэн сүүлийн үед эдийн засагчид мөнгөний бодлоготой холбоотойгоор эсрэг тэсрэг байр сууриудыг нэлээд илэрхийлэх боллоо.  Зарим эдийн засагчийн үзэж байгаагаар  валютын ханшид хэт ач холбогдол өгөх нь дотоодын эдийн засагт хортой гажуудал үүсгэдэг бөгөөд гадаад валютын ханшаас илүүтэй инфляцид ач холбогдол өгч байх хэрэгтэйг хэлж байгаа юм. Түүнчлэн өдгөө төв банкнаас бодлогын хүүг өсгөх арга хэмжээ аваад байгаа нь, хэлбэр талаас  ам.долларын ханшийг бууруулж, төгрөгийн ханшийг чангатгаж болох ч,  бодит эдийн засгийн нөхцөл байдалд төдийлэн нийцэхгүй арга гэдгийг сануулж байгаа юм.  Эдийн засагч Д.Лхагвасүрэн хэлэхдээ "Төгрөгийн тогтвортой байдлыг ам.долларын ханшаар хэмжээд байвал юу болох вэ гэдэг том асуулт бий. Ам.долларын ханштай хөөцөлдөөд байгаа тохиолдолд манай эдийн засагт ямар ч өөрчлөлт гараагүй байхад АНУ-д болсон үйл явцаас хамааран Монголбанк тухай бүрт хариу арга хэмжээ авч байх ёстой гэсэн хачирхалтай мөнгөний бодлого гарч ирнэ. Тухайлбал, ойрын үед АНУ- ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ тогтвортой өсгөх магадлал улам нэмэгдэж байна. Үүнээс хамааран төгрөг, ам.долларын ханшийн зөрүү ч өөрчлөгдөж болзошгүй. Ийм гадаад хүчин зүйлээс хамаарсан өөрчлөлт бүхэнд төв банк хүүгээ өсгөж, буулгаад хариу арга хэмжээ авч байх шаардлагатай болно гэсэн үг. Гэтэл манай эдийн засаг, Америкийн хоёр өөр өөр төлөвт байна. Уг нь мөнгөний бодлогын бие даасан байдал их чухал зэмсэг. Долларын ханшид хэт их ач холбогдол өгөөд байвал энэ нь үр ашиггүй зэмсэг болно. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд бусад орон яагаад үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг бага байлгах сонирхолтой байна вэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Гэтэл манайд төгрөгийн ханш буурахаар бухимдах хүн их байдаг. Уг нь бие даасан мөнгөний бодлоготой тусгаар улс гэдгээ ийм үед мартаж болохгүй. Төгрөгийн ханш буурах тийм ч муу эд биш шүү дээ. Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Учир шалтгааныг нь ойлгосон цагт ханш ажлын хэмжүүр болоод байхгүй.”   хэмээн ярьсан байна.


За тэгэхээр энэ бол яг энэ цаг үеийн эдийн засгийн өнгө төрхтэй холбогдуулан эдийн засагчийн хийж байгаа дүгнэлт. Тэгвэл найман жилийн өмнө буюу 2008 онд эдийн засагчид нөхцөл байдлыг, мөнгөний бодлого, инфляци, ханшийг хэрхэн харж байсныг харьцуулах үүднээс хүргэе.


Р.Амаржаргал эдийн засагчийн хувиар байр сууриа илэрхийлэхдээ "Валютын ханшаар дамжуулан макро эдийн засгийг залах арга механизмыг Монголбанк огт эзэмшээгүй гэж хэлмээр. Валютын арилжаа нь Монголбанк болон Сангийн Яамны нэрийн өмнөөс хийгдэх боловч ханш чухам ямар байхыг Монголбанк хариуцахгүй, зөвхөн инфляциа л онилох болно гэсэн байр суурь нь зөв мэт боловч үнэндээ чөлөөтэй хөвөх валютын ханш үйлчилдэг нөхцөлд л үр дүнд хүрнэ. Гэтэл манай ханшны бодлого нь "managed floating exchane rate” нэртэй. Нэгэнт л залж байгаа бол ханш ямар байхыг Монголбанк хариуцах ёстой болно л доо.


Монголын эдийн засаг бараг 80 хувь импортоос хамаарсан бүтэцтэй байхад валютын ханшаар дамжуулан эдийн засгийг залах бололцоог бүрэн ашигламаар байгаа юм. Уул нь арваад жилийн өмнө энэ аргыг хэрэглэх гэж оролдоод орхисон л доо. Ханшийг баримжаалсан мөнгөний бодлогын үед гадаад улсын мөнгө санхүүгийн бодлого буюу инфляцийг оруулж ирнэ, бид нөлөөлөх чадваргүй гэж үздэг тал бий. Арваад жилийн өмнө улсын валютын нөөц бага байсан харин валютын нөөц хангалттай бүрдсэн нөхцөлд ханшаар дамжуулан үнийн өсөлтийг хазаарлаж болно. Нөгөө талаас эдийн засгийн импортын хамаарал хэтэрхий өндөр байгаа нөхцөлд энэ аргыг хэрэглэх нь зохистой. Гэхдээ ханшийг чангаруулж байгаа нөхцөлд техник технологийн импортыг эрчимтэй дэмжиж аж vйлдвэр болон vйлдвэр vйлчилгээний баазыг бэхжvvлэх зэрэг цогц арга хэмжээтэй нягт уялдуулах ёстой.


Түүнээс гадна зээлийн хүүгээ өөрчилж байгаа нь валютын ханшийг бас нөхцөлдүүлдэг гэдгийг Монголбанк эрхбиш мэднэ байх. Зээлийн хүү нэмэгдүүлэх нь төгрөгийг чангаруулж импортыг хямдруулж улмаар дотоодын зах зээлийн үнийг бас уруудуулах бололцоо бүрдүүлнэ. Гэхдээ цаг хугацааны хүчин зүйл гэж байгаа. Гадаад хүчин зүйлсийн шокийг хэрхэн зөөлрүүлэх вэ гэдэг нь өөрөө бас л мэдлэг туршлага, мэдрэмж шаардсан зүйл. Ер нь мөнгөний бодлого нь макро эдийн засгийн онолын гүн гүнзгий мэдлэг мэдрэмж, туршлага шаардсан ажил юм. Энэ бvгдийг бичихдээ инфляцийг онилох бодлогоос татгалзахыг уриалаад байгаа юм биш харин өөрийн орны бодит нөхцөл байдлыг онцгой анхаарч шийдвэр гаргахыг л анхааруулж байгаа юм. Бусдын зүйлийг хаа хамаагүй хуулбарлан хүчээр Монголд хөрслүүлэх туршилтанд ард иргэд нийгмээ хангалттай нэрвүүлсэн шүү дээ.”гэсэн байгаа юм.


Тэгэхээр энэ хоёр эдийн засагчийн байр сууриас харахад Монгол Улс өөрийн гэсэн мөнгөний бодлоготой л юм бол бусдын жишээг бэлэн зэлнээр нь хуулж авч, улс орноо улам хүндрүүлээд байж болохгүй. Аливаа онолыг хэрэгжүүлэхдээ мэдрэмж дээрээ, өөрсдийн бааз суурь дээрээ тулгуурлахгүй бол хол явахгүй гэсэн агуулга бас харагдаж байна.


Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн