|

Мэргэжлийн байгууллагын лабороторийг хүнсний захуудад байгуулна


Дархан мал эмнэлгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай аймгийн ҮХААГ-ЫН Мал эмнэлгийн хэлтсийн дарга Х.Хавсамет танилцууллаа. Тэрээр халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд хамруулах малын тоо, толгойг 30 хувиар нэмэгдүүлж, хүрэлцээ хангамжийг 60 хувьд хүргэх шаардлагатай байна гэж ярьлаа. Үүнтэй уялдуулан мал эмнэлгийн үйлчилгээний хөлсний санхүүжилтийн төсвийг 118,8 сая төгрөгөөр орон нутгийн төсөвт тусгах санал орууллаа.

 

Энэ жилийн хувьд малын халдварт, паразит өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 10 нэр төрлийн халварт өвчнөөс сэргийлэх тарилганд өссөн дүнгээр 412.6 гаруй мянган толгой, паразит өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтанд 686.4 гаруй мянган толгой, хээлтүүлэгч малын бруцеллёз, адууны ям, үхрийн сүрьеэ, лейкоз, гахайн мялзан, шүлхий зэрэг өвчний шинжилгээнд өссөн дүнгээр 10.3 мянган толгой малыг хамруулсан байна.

 

Мөн мал бүхий 1358 өрхийн 1560 өвөлжөө хашааны 230.5 мян.мкв талбайд төлөвлөгөөт болон урдьчилан сэргийлэх ариутгалыг хийсэн байна.Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангуулах үүднээс мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, магадлан шинжилгээ хийх ажилд ахиц гаргаж, хүнсний зах болон худалдааны төвүүдэд нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээг тус газрын лабораториор хийлгэж байх нь чухал байна гэв.

 

Энэ саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс дэмжиж, мэргэжлийн байгууллагын лаборторийг Хүнсний захуудад байгуулах нь зүйтэй гэж үзлээ.