|

ХӨДӨӨНИЙ ЗАМД ШАЛГАЛТАА ХИЙГЭЭЧ

ХӨДӨӨНИЙ ЗАМД ШАЛГАЛТАА ХИЙГЭЭЧ

 

Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд явж буй автомашинууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг өнгөрөгч наймдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн. Энэхүү шалгалт энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд автомашины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан эсэх, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч, ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч гэх мэт зүйлсийг нарийвчлан шалгаж буй. Түүнээс гадна бензин хөдөлгүүртэй машинаас гарч буй утаан дахь хорт бодисын хэмжээ, дизель хөдөлгүүртэй машины утаан дахь тогтворжилтыг хэмжиж, жолооч нарт 19200-аас эхлээд 42 мянган төгрөг хүртэл торгууль ногдуулж байгаа.
 
Тэгвэл гэнэт явуулсан энэхүү шалгалтад жолооч нарын дийлэнх нь бүдэрч байгаа нь мэдээж. Учир нь манайхан автомашинд заавал байх ёстой галын хор, ослын тэмдэг, эмийн санд тэр бүр ач холбогдол өгөөд байдаггүй, хэнэггүй нь дэндсэн хүмүүс болохоор шалгалтад будрэх нь лавтай. Түугээр ч барахгүй энэхүү шалгалтыг улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг хуримтлуулахаар явуулсан гэх мэдээлэл цацагдсан.
 
Харин үүнийг албан хүн нь "Энэ бол гэнэт хийж байгаа ажил биш. Жолооч нараас мөнгө салгах гээд байгаа ч юм биш. Тиймээс ташаа мэдээлэл гэдгийг хэлэх нь зүйтэй. Замын цагдаагийн газраас урьд өмнө ч нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар ийм хяналт, шалгалт явуулж байсан. Бүтэн жилийн төлөвлөгөөнд тусгасан ажлын нэг нь эдгээр өдөр болж байна. Түүнээс биш ямар нэг улс төрийн захиалгаар энэ ажлыг хийгээгүй” хэмээн тайлбарлаж байна.
 
Хуульд зааснаар бол эдгээр гурван зүйлийг авч яваагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог. Харин бодит байдал дээр манай жолооч нар сануулга авч, зарим нь торгуулж аваад замын цагдаагаас мултардаг нь үнэн. Жолооч нар ч аюулгүй байдлыг хангахдаа зөвхөн замын цагдаагийн албан хаагчийн нүдийг хуурах төдийхнөөр хандаж байгаа нь өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг.

Тиймээс нэг нь шалгаж сүрийг үзүүлж, нөгөө нь торгуулж байж ухаан ордгоос хойш яая гэх вэ. Ямар ч байсан, "Хяналт шалгалт” гэх сүржин нэртэй шалгалт хийгддэгээрээ хийгдэж, галын хор, ослын тэмдэг, эмийн сан зардаг хүмүүс баяжиж байгаа нь үнэн. Тэгэхдээ энд нэг зүйл хэлэхэд, хяналт шалгалтыг зөвхөн нийслэлийн хэмжээнд л хийгээд байгаа бололтой. Саяхан орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх замд бүрэн бус тээврийн хэрэгсэл маш их зөрж байгаа нь хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд хийж байгааг батлах шиг. Үнэндээ 22-ын товчоо руу дөхөх тусам нэг гэрэл нь байхгүй, холын гэрэл нь асдаггүй олон машинтай таарлаа. Дээрээс нь манайхан холын замд гэрлээ шилжүүлж мэддэггүйгээс гадна утааг бол жинхэнэ утгаар нь "үйлдвэрлэж” байна билээ. Гэтэл өнөөх хяналт шалгалт нь тэнд байгаа ч үгүй.
 
Улсын хэмжээнд явж буй автомашинуудыг бүгдийг нь шалгана гээд байсан хэрнээ утаа үйлдвэрлэсэн, бүрэн бус автомашинуудыг зүгээр л хот руугаа нэвтрүүлж байна. Хяналт шалгалтыг ингэж өнгөцхөн хийж, нэг хэсгийг нь торгож, арга хэмжээ аваад ч яах юм бэ. Түүний оронд орон нутаг дахь постоо нэмэгдүүлж, хот руу орж ирдэг товчоон дээрээ хяналт шалгалтаа сайн хиймээр юм.
 
Ер нь бол бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн жолооч, зорчигчдын эрүүл мэнд, амь нас өөрийнх нь гарт байгаа гэдгийг ухамсарлах л учиртай. Замын цагдаа нар ч ялгаагүй, улсын хэмжээнд хяналт шалгалт явуулна гэсэн бол түүнийгээ хэрэгжүүлэх л хэрэгтэй байна. Ялангуяа хөдөөгийн замд, өөрсдийн чинь хайгаад байгаа нөхдүүд олон байна шүү гэдгийг дуулгачихъя.


Монголын мэдээ
Э.Туул