|

“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН 2016” НАЙМАН АЙМАГТ ХЭРЭГЖЛЭЭ

“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН 2016” НАЙМАН АЙМАГТ ХЭРЭГЖЛЭЭ

 

ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, МҮОНТ-ээс 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Хавдрын эсрэг үндэсний аян” Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Архангай, Хөвсгөл, Ховд, Завхан, Сэлэнгэ аймгуудад амжилттай хэрэгжиж 2016 оны орон нутгийн үзлэг оношилгоо өндөрлөлөө.
"Хавдрын эсрэг үндэсний аян” өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол орныг бүхэлд нь тойрч, алслагдсан аймаг сумдын эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан олон гэр бүлд аз жаргал, элэг бүтэн амьдрал бэлэглэсэн билээ.



ХААН Банкны хувьд тус аяныг хэрэгжүүлэхэд нийт 820 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг үзүүлэн орон нутгийн 2200 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

Аяны тайлан шинжилгээнээс харахад элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр байгаа бөгөөд ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 2016 оны орон нутгийн үзлэгээр давхардсан тоогоор 16800 гаруй хүнд үзлэг хийж хортой хавдар 100,  хортой  гэж сэжиглэгдсэн  191,  хоргүй хавдар 897,  хавдрын урьдал өвчин 1096 тохиолдлыг илрүүлсэн юм.



Мөн ХСҮТ-өөс орон нутгийн эмч нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж, "Зонхилон тохиолдох хорт хавдрын орчин үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтад 8 аймгийн  нийт 423 эмч, мэргэжилтэн,  "Сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалт”-д 160 эмч мэргэжилтэн, "Хорт хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээний үеийн сувилахуйн тусламж” сургалтад 432 сувилагч, 356 сайн дурын идэвхтэн иргэдийг хамрууллаа.   



"Хавдрын эсрэг үндэсний аян” 6 жилийн турш хэрэгжихдээ хавдрын өвчлөл өндөртэй аймгийг сонгон, эрсдэлт бүлгийн хүн амд хавдрын үзлэг оношилгоог цаг алдалгүй шуурхай хүргэн иргэдийн амьдралд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд сургалт мэдээллээр ханган ажилласан олон талын давуу талтай.