ШИНЭХУУЧИН ДАРХАНЫГ ХОЛБОСОН 2.48 КМ АВТО ЗАМ НЭЭГДЛЭЭ

 

Дархан хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг тохиолдуулан Дарханчууд олон бүтээн байгуулалтыг хийсэн билээ. Эдгээр бүтээн байгуулалтын нэг нь шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км авто зам юм. Энэхүү авто замын нээлт өнөөдөр /2016.10.17/ боллоо.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн олон бүтээн байгуулалтын ажлуудаас онцлох бүтээн байгуулалтын нэг бол энэхүү шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км хатуу хучилттай авто зам юм. Тус авто зам нь ашиглалтад орсноор Дарханчууд бид бүгдийн цаг хугацааг хэмнэж, тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж байгааг тус замын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат онцолж байв.

Монгол Улсаас Зам, тээврийн салбарт баримталж буй бодлого, аймгийн Хөгжлийн цогц бодлого, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн Дархан сумын шинэ-хуучин Дарханыг холбосон 2.48 км авто замын зураг төслийг 2012 онд төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэхүү замын трассыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үед Дархан хотын ирээдүйн хөгжил, эдийн засгийн өсөлтийн тооцоо судалгаан дээр үндэслэн Зөвлөлт холбоот Улсын зургийн мэргэжлийн байгууллага хийж, суурьшлын бүсчилсэн төлөвлөгөөнд тусгасан байдаг.

Уг замын барилга угсралтын ажил нь тусгаарлах аюулгүйн зурвас, явган хүний зам, гэрэл гэрэлтүүлэг, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ, ус зайлуулах ил буюу далд байгууламж бүхий 26 метрийн өргөнтэй, инженерийн шугам, хоолой хөндлөн нэвтрүүлэх тунелийн системийг нэвтрүүлсэн шинэлэг томоохон бүтээн байгуулалтын ажил юм.

Шинэ-Хуучин Дарханыг холбосон хоёрдахь төв замыг барих ажлыг хэрэгжүүлэхэд амар хялбар байгаагүй гэдгийг гүйцэтгэгч байгууллага болох "Өсөх- Урам" ХХК-ийн зүгээс хэлж байлаа.

Ийнхүү ОНХС-гийн 6.3 тэрбум төгрөгний өртөгтэйгөөр энэхүү замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд тус замын ажил цаашид үргэлжлэн хуучин Дарханыг Дархан сумын 15 дугаар багтай холбох бөгөөд нийт 8 км авто замыг төлөвлөсөн ажээ.