Дархан-Уул аймаг дахь нарны цахилгаан станцыг энэ онд багтаан ашиглалтад өгнө

 

Монгол Улс нарны анхны томоохон цахилгаан станцаа Дархан-Уул аймагт барих гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулсан. Энэхүүгэрээний хүрээнд Дарханд төвтэй дотоодын "Solar power international”, Японы "Sharp” корпорац, "Shigemitsu shoji” компани хамтран 10 мВт-ын хүчин чадалтай станц барьж байгаа юм.

Тус станц жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх зорилготой. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх тустай.

Цахилгаан станц барих ажилд арлын орны "Sharp” корпорацийн өндөр үзүүлэлттэй нарны зай, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан, ноу-хау, туршлагыг нэвтрүүлэх юм. Мөн нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолыг энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг ХБНГУ-ын СМА, Шведийн ABB компаниас авч байгаа бөгөөд хасах 30-40 хэмд найдвартай, үр ашигтай ажиллана гэж тооцоолжээ.

Энэхүү станц ашиглалтад орсноор Дархан-Уул аймгийн 20,000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.

Бүтээн байгуулалтын графикийн дагуу бол 2016 онд багтаан ашиглалтад оруулах юм.