Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид түр үнэмлэхээ гардан авлаа

 

Дархан сумын ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч нарт Сумын Сонгуулийн хорооноос ИТХ-ын түр үнэмлэхийг өнөөдөр /2016.10.26/ гардуулан өглөө. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-ны өдөр болсон. Гэвч 19-ний өдөр сонгогчдын ирц Дархан сумын 26 санал авах байранд хүрээгүй. Иймд аймгийн Сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны өдрийн 7-22 цагийн хооронд зохион байгуулсан юм. Дээрх санал хураалтын дүнд Дархан сумын 31 мандатаас 30 мандат МАН, 1 мандат АН ялалт байгуулсан байна. Дархан сумын 13 дугаар тойргийн санал өгсөн сонгогчдын 1185 сонгогч буюу 96 хувь нь МАН-аас нэр дэвшигч Б.Нямбаярт, 2 дугаар тойргийн санал өгсөн сонгогчдын 1085 сонгогч буюу 80.84 хувь нь МАН-аас нэр дэвшигч Б.Бадамхандад, 1 дүгээр тойргийн санал өгсөн сонгогчдын 1023 сонгогчбуюу 74.89 хувь нь МАН-аас нэр дэвшигч Б.Даваасамбуугийн төлөө тус тус санал өгч хамгийн өндөр саналыг авсан мэдээллийг Сумын Сонгуулын хорооноос өглөө. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн дээрх нэр дэвшигчдийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олголоо. Ирэх дөрвөн жилд Дархан сумын 31 Төлөөлөгч Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ийнхүү Дархан сумынхаа иргэдийг төлөөлөн ажиллахаар боллоо.