|

Хүнсэнд нуусан "ТЭСРЭХ БӨМБӨГ"

 

Олон хэрэглэгчийн хүнсэн дотор удаан хугацаанд тэсрэх бөмбөг нуугдсан байдаг гэвэл та итгэхгүй биз. Гэвч энэ үнэн билээ. Өдгөө бөмбөрцгийн хүн төрөлхтөнд транс тосны аюул нүүрлээд байна. Хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа пицца, гамбургер, кекс, торт, жигнэмэг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, энергийн хүнс зэргийг голдуу транс тосоор хийдэг болсныг судлаачид анхааруулсаар байгаа. Эдгээр нэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнд транс тос далд хэлбэрээр агуулагддаг тул мэдэх боломжгүй аж.

 

Уг нь үйлдвэрлэгчид ус-төрөгчжүүлсэн тос хэрэглэсэн гэдгээ бүтээгдэхүүнийхээ шошгон дээр заавал бичих шаардлагатай юм байна. Хэрэв хүнсний бүтээгдэхүүний савлагааны шошгон дээр хатууруулсан, эсвэл устөрөгчжүүлсэн гэж бичсэн байвал транс тосны хольцтой гэсэн үг. Тухайлбал, дугуй шар, хуванцар савтай стандарт нэртэй маслоны шошгон дээр трансфат гэсэн бичиг байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Энэ нь улстөрөгчжүүлсэн тосны найрлагатайг илтгэж буй тайлбар юм. ДЭМБ-ын тогтоосон стандартаар хүн хоногт нэгээс илүүгүй хувийн транс тос хэрэглэвэл аюулгүй гэж үздэг. Нэг хувь гэдэг нь ойролцоогоор 2.5-3.0 грамм гэсэн үг.

 

Гэхдээ 2.5 грамм транс тосыг хүн биедээ шингээхэд зүрх судасны өвчтэй болох магадлал 23 хувиар нэмэгддэг байна. Транс тосны найрлагатай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэсэн тохиолдолд хүний бие организм аажимдаа зогсонги байдалд орох эрсдэлтэй. Учир нь ургамлын тосыг хүний бие "ашигтай” гэсэн командаар хүлээж авдаг аж. Гэтэл ургамлын тосны усыг нь шахаж аваад хатуу хэлбэрт оруулан үйлдвэрийн аргаар боловсруулсан тохиолдолд найрлагад нь өөрчлөлт орж, хүний биед ашигтай шинж чанар нь алдагддаг. Ингэж усыг нь шахаж хатууруулсан тос хүний эсийн бүрхүүлийг гэмтээж, нэвтрэх чадварыг нь алдагдуулдаг бөгөөд биед шингэх ёстой сайн төрлийн холестрины хэмжээг бууруулдаг аж. Эсрэгээрээ муу төрлийн холестриных нь хэмжээг нэмэгдүүлдэг хэмээн судлаачид тайлбарлаж байгаа юм. Ингэснээр хүмүүс өвчинд өртөмтгий болдог. Мөн таргалалт үүсээд зогсохгүй судас, бусад эрхтэнийг үрэвсүүлдэг.

 

Гэвч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөгийг нь үйлдвэрлэгчид мэддэг хэрнээ бүтээгдэхүүнийхээ чанарыг алдагдуулахгүйн тулд транс тосны найрлагыг нэмсээр байдаг аж. Жишээлбэл, nestle, марс, сникерс зэрэг шоколад хүртэл энэхүү хортой тосны хольцтой байдгийг хойд хөршийн эмч нар анхааруулжээ.

 

Зуу гаруй жилийн өмнө химийн аргаар гаргаж авсан транс тос орчин цагт хүмүүсийн эрүүл мэндийн заналт дайсан болж хувирсан нь энэ. Учир нь анх 1897 онд ургамлын тосыг хатуу хэлбэрт оруулан устөрөгчжүүлэн транс тосыг гаргаж авсан нь тухайн үед эрдэмтдийн том ололт байв. Францын химич эрдэмтэн Поль Сабатье анх устөрөгчжүүлэх аргыг боловсруулсан бөгөөд энэхүү шинэ нээлтээрээ 1912 онд Нобелийн шагнал хүртэж байжээ.

 

Дэлхийн I дайны үед энэхүү тосны хэрэглээ улам нэмэгдэв. Байлдааны голомтын бүсэд хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүйн тулд транс тос хэрэглэхээс өөр сонголт байсангүй. АНУ-д 25 жилийн өмнө транс тос хэрэглэн үйлдвэрлэж байсан торт өнөөг хүртэл өнгөө алдаагүй хадгалагдсаар иржээ. Транс тос бол бүтээгдэхүүний хадгалах хугацааг хавьгүй уртасгаад зогсохгүй ихээхэн чанартай мэт харагдуулдагаараа онцлогтой.

 

Уг тосыг үйлдвэрлэсний дараа эмч нар хүний эрүүл мэндэд хамгийн аюулгүй гэж итгүүлээд зогсохгүй, цөцгийн тосноос давуу чанартай хэмээн сурталчилдаг байв. Гэтэл цөцгийн тос болон амьтны гаралтай ханасан тосноос хэд дахин ил үү хор хөнөөлийг эрүүл мэндэд учруулж буйг тухайн үед хэн ч таамагласангүй.

 

Үүнээс хойш дэлхий дахинд транс тосны хэрэглээ хавтгайрчээ. Хяналтгүй хэрэглэсний уршгаар 30 гаруй мянган хүн эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй амиа алдсан гэж олон улсын судалгааны байгууллага онцолжээ. Энэ үеэс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ аюулыг олон улсад байнга анхааруулдаг боллоо. Тус байгууллага 2020 он гэхэд дэлхийн улс орнуудын транс тосны хэрэглээг бүрмөсөн хориглохоор төлөвлөснөө ч дуулгаад байгаа юм. Сүүлийн үед дэлхий дахинд зүрх судасны өвчлөл нэмэгдэж, нас баралтын шалтгаан болсны бурууг транс тостойч холбох болов.

 

Дани улс транс тосыг хүнсний бүтээгдэхүүний найрлагад хэрэглэхийг хориглосны дараа зүрх судасны өвчлөл 30 гаруй хувиар буурсан байна. Тус улсад үр дүн ажиглагдсаны дараа Швейцарь хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргажээ. Ингээд зогсохгүй хэрэв транс тос хэрэглэсэн тохиолдолд тухайн бүтээгдэхүүний шошгон дээр заавал бичих ёстой гэсэн шаардлага тавьдаг болжээ. Канад мөн хэрэглээг хуулиар хязгаарлах хориг тавьжээ. Түүнчлэн АНУ бүх зоогийн газар, ресторанд хоолны орцон дахь транс тосны хэмжээг 0.5 граммаас хэтрүүлэхгүй байх шаардлага тавьж байна.

 

Харин манай улс өнгөрсөн жилээс л транс тосны аюулын талаар бага сага мэддэг болж эхлэв. Уг нь энэ талаар эрүүл мэндийн байгууллага иргэдэд эртнээс мэдээлэл өгч, дохио сэрэмжлүүлэг хүргэх ёстой байсан юм. Ийм байгууллага нь унтаа байдалтай байхаар иргэд эрүүл мэндийн мэдлэггүй, бас өвчлөл газар авч байна.

 

Дэлхийн улс орнуудаас Монгол транс тосны хор хөнөөлийн талаар нэлээд хожуу мэдэж авлаа. Энэ тосны аюулыг мэдэхгүйгээс болоод талх, нарийн боовны бүх үйлдвэр өргөн хэрэглэдэг болсныг Мэргэжлийн хяналтын газрынхан хэлж байгаа. Ер нь олон улсын зах зээлээс шахагдсан транс тосыг бизнесмэнүүд хөгжиж буй хийгээд буурай хөгжилтэй орнууд руу цутгадаг юм байна. Гаалийн ерөнхий газрын импортын мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн жил маргарины агууламжтай тос 2749.6 тонныг оруулж иржээ. Маргарин агууламжтай тос импортлох эрхийг дөрвөн компанид олгосон байна. Түүнчлэн Малайз, Сингапур, Тайландаас транс тосны агууламж өндөртэй бүтээгдэхүүн оруулж ирдэг талаар МХЕГ-ын мэргэжилтнүүд онцлов. Гаалиар оруулж ирж буй маргарин болон устөрөгчийн агууламжтай тосноос таван хувийн татвар авдаг аж. Транс тосны татварыг гурав дахин нэмэх ёстой гэсэн байр суурийг өнгөрсөн зун Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан хэлж байсан ч эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа юм билээ.

 

Судалгаагаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нарийн боовны үйлдвэрүүдээс 117 нь транс тос ихээр хэрэглэдэг нь тогтоогджээ. Эдгээр үйлдвэр түүхий эдээ ихэвчлэн ОХУ-аас оруулж ирдэг тухайгаа хүлээн зөвшөөрсөн байна. Хууль тогтоомжоор транс тос хэрэглэхийг хориглоогүй тохиолдолд үйлдвэрлэгчдийг бурууттах аргагүй. Иймээс хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлага тулгарч байгаа юм.

 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ажилтан Э.Эрдэнэцогт "Манай зах зээлд транс тосны хэрэглээ элбэг байна. Гэвч нэг өдөр хууль гаргаад, шууд хориглочихож болохгүй. Тэгвэл хүнсний ихэнх үйлдвэр дампуурна. ОХУ 2018 он гэхэд транс тосыг нэг хувь хүртэл бууруулна гэж тооцоолсон. Тэгэхээр аажмаар бууруулах зохицуулалт хэрэгтэй байна. Бид бэлчээрийн мал аж ахуйн цөцгийн тос хэрэглэдэг ард түмэн. Олон сая малынхаа буянаар органик цөцгийн тос хэрэглэх бүрэн боломжтой шүү дээ” хэмээсэн юм.

 

Харин Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Даваадулам "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод хүний эрүүл мэндэд хохирол учруулах, бусад улс орны хүнсний хэрэглээнээс хасагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр оруулж ирэхийг хориглох тухай тусгасан.

 

Гэвч энэ заалтыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай. Транс тосыг шууд хориглож болохгүй. Хөгжилтэй орнууд эхлээд хэрэглээг нь хязгаарлах арга хэмжээ авдаг. Монгол ч гэсэн тийм бодлогоор явах нь зөв байх. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд ч эрүүл мэндэд хохирол учруулах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд яах вэ гэдгийг тодорхой заасан байдаг” гэсэн тайлбар өглөө.

 

Монгол Улс одоогоор транс тосны хольцтой хүнсний бүтээгдэхүүнийг яах вэ гэдэг талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. Хязгаарлагдмал зах зээлтэй улсад транс тосны хэрэглээг хязгаарлах амаргүй байх биз. Гэхдээ дэлхий нийтэд аюулыг нь тогтоогоод олон орон угтосноос татгалзах арга хэмжээ авч байхад манай улс чимээгүй суугаад байж боломгүй юм.


Б.ГАНДОЛГОР /ЗГМ/