|

Чехийн иргэд террористуудын эсрэг галт зэвсэг хэрэглэх эрхтэй болно

Чехийн иргэд террористуудын эсрэг галт зэвсэг хэрэглэх эрхтэй болно

 

Чех нь Европын Холбоон дотор галт зэвсгийн хэрэглээ хамгийн чөлөөтэй оронд тооцогддог.  Тэгвэл одоо тус улсын дотоод хэргийн сайд үүнээс ч илүү боломжийг иргэддээ олгож, террористуудын эсрэг галт зэвсэг хэрэглэх эрхийг үндсэн хуульд тусган батлуулахаар ажиллаж байна.

 

Одоогоор Чехэд галт зэвсэг эзэмших харьцангуй хялбар. Бууны мэдлэгээ шалгуулсан 21-ээс дээш насны, гэмт хэрэгт холбогдож байгаагүй ямар ч иргэн өөрийгөө болон өмч хөрөнгөө хамгаалахын тулд галт зэвсэг эзэмшиж болдог. 10.5 сая хүн амтай Чехэд 300,000 гаруй буу эзэмших эрхтэй иргэн байгаа ба бүртгэлтэй 800,000 галт зэвсэг бий.

Харин үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар тэд террорист халдлагын үеэр олон нийтийг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж болох юм.

Төр дангаараа иргэдийг халдлагын үед хамгаалж амжихгүй тул ийм боломж нээх ёстой гэж үзэж байна.

Гэхдээ үүнийг дагаад буу эзэмших эрхийн шалгуур өндөрсөх магадлалтай байгаа аж.

Гэвч Чехийн хэвлэлд өгүүлснээр иргэдийн зарим хэсэг нь ингэж энгийн хүмүүсийг зэвсэглэх нь террористуудын анхаарлыг татаж, аюулыг өөртөө дуудах вий хэмээн болгоомжилж байна.

Эх сурвалж: Quartz