|

Хонгор сум хордсон хэрэгт Д.Хаянхярваа гишүүн холбоотой юу?

 

Монголчууд бид аливааг амархан мартах юм даа. Бараг өмнөх сонгуулийн амлалтыг санаж байгаа хүн одоо хир олон байдаг бол.

Тэгвэл хэдэн жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сум мөнгөн усанд хордож иргэд нь өвдөж, мал сүрэг нь олноор үхсэн тухай, товчхондоо Хонгор сум хордсон тухай үйл явдлыг эргэн сануулья.

Энэ үйл явдлын хор уршиг өдийг хүртэл бүрэн арилаагүй байгаа гэдэг. Мөн Хонгор сумын иргэд бусад сумын иргэдийг бодвол харьцангуй ихээр элэг болон дотрын өвчнөөр өвдөн, группт орж, энэ төрлийн өвчнөөр нас барагсдын үзүүлэлт ч өндөр байна.

Өдгөө энэ бүхний буруутан хэн байв. Хонгор сумынхан УИХ-ын гишүүн  Д.Хаянхярвааг  энэ хэргийн буруутан гэж үздэг нь нууц биш. Хонгор хордсон 2007 онд тухайн үеийн Онцгой байдлын сайд С.Отгонбаяр "Онц байдал тогтоох байдалд орчихсон байна. Нөхцөл хүнд. Агаар дахь мөнгөн усны хэмжээ 6-120 дахин их, усанд нь цианит натри илэрсэн” гэж мэдэгдэж байсан бол Байгаль орчны сайд Л.Гансүх "Хараа голоор дамжин хор тархах аюултай байна. Тиймээс бохирдсон ус цэвэрлэх талаар гадаадын мэргэжилтнүүдээс тусламж авъя” гэсэн саналыг хэлж байсан. Мөн Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил "Мөнгөн ус, цианит натри ашиглалтын талаар улсын хэмжээнд үзлэг явуулах тогтоолыг Засгийн газарт хүргүүлье” хэмээн мэдэгдэж, тухайн үед дээр дооргүй бүгд л Хонгор сумыг хордсоныг хүлээн зөвшөөрч байхад Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан  Д.Хаянхярваа л Хонгор хордоогүй хэмээн мэдэгдэж байв.

Хэзээнээсээ дарга нарын ая эвийг олоод сурчихсан, Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Д.Хаянхярваа Хонгорыг хордоогүй гэсэн "дүгнэлтийг” гаргуулж чадсан гэж Дарханыхан ярьдаг юм билээ.

Д.Хаянхярваа болон түүний "нөхдүүд” Хонгор хордоогүй гэх атлаа Хонгор сумын малын мах,  хүнсний ногооноос амь тавих нь холгүй зугтдаг гэнэ. Тэр бүү хэл тухайн үед Засаг дарга Д.Хаянхярваа иргэдтэй уулзахаар Хонгорт очоод айлд орохдоо аяганд нь амаа ч хүргэхгүй цэрвэдэг гэдгийг нутгийн иргэд ярьдаг.

Хонгор сум бодит байдал дээр хордсон нь үнэн атал өнөөдрийг хүртэл төр засгаас Хонгорын ард иргэдээс уучлалт гуйгаагүйгээр барахгүй Хонгор сум  хордоогүй  гэж мэтгэдэг.

Хонгор сумын  иргэний мэдээлснээр бол тэртээ 2000 оны эхээр  одоогийн УИХ-ын гишүүн  Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хэлтсийн дарга байхаасаа л багын найз, Хонгор  сумын уугуул иргэн Батнаран, Батболд хэмээх ах дүү хоёртой хамтран, тэднийг далдаас дэмжиж  Хонгорын сангийн аж ахуйд хууль бусаар спирт үйлдвэрлүүлж байсан гэдэг.  Улмаар тэд хамтын  бизнесээ өргөжүүлж, спирт үйлдвэрлэхээ больж, түүний оронд хууль бусаар газар ухаж, алт олборлож эхэлжээ. Эндээс л Хонгор хордох болсон шалтгаан эхлэсэн гэдэг.  http://www.news.mn/r/183390

Нутгийн иргэдийн ярьснаар бол  Батнаран, Батболд нарын эцэг нь Хөдөлмөрийн баатар хүн байсан бөгөөд ажилсаг, хөдөлмөрч ах дүүсийг хууль бус үйл ажиллагаанд Д.Хаянхярваа уруу татсан гэх юм билээ. Улмаар Хонгорыг хордуулсан хэрэгт мань ах дүүс холбогдож, аавын хаалга татахад, Д.Хаянхярваа дарга "уснаас хуурай” гарч, ард нь сугарч үлдсэн гэх.

Ийнхүү  өөрийнхөө доор ажиллаж байсан гэмгүй залууст хүн чанаргүй хандаж буруу замаар оруулсанд нь Д.Хаянхярваад Хонгор сумынхан ам муутай байх юм.

Үүгээр зогсохгүй  өдгөө Д.Хаянхярваа дарга Болорсайхан гэх захиралтай "Уужим Хангай” хэмээх компаниар дамжуулан өөрийн далд бизнесийг явуулдаг гэж Дарханчууд ярьж байна. Болорсайхан захирлын хувьд Д.Хаянхярваатай худ ургийн холбоотой гэнэ билээ.

Ямартай ч улс орон даяар шуугиад замхарсан Хонгор сумын хордсон хэргийн учиг Д.Хаянхярваатай ямар нэг байдлаар холбоотой байж болзошгүй нь гэдэг нь дээрх мэдээллээс харагдаж байна. "Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй” гэдэг. Хэрвээ энэ хэрэг үнэн бол Д.Хаянхярваа гэдэг хүн УИХ-ын зөөлөн сэнтийд  биш, арай л өөр газар байх учиртайсан.

Одоо харин  Хонгорын хордсон тухай хэргийг энэ чигээр нь дарж, олон хүнд эрүүл мэнд, эд малын гарлага учируулж хохироосон хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхгүй энэ хэвээр өнгөрөх үү, аль эсвэл хууль журмынх нь дагуу асуудлыг шударгаар шалгаж шийдээд хууль шиг хуультай, төр шиг төртэй улс гэдгээ бид харах уу гэдэг л үлдлээ.

Э.Төгс