|

Дархан хотоос “Футзалын үндэсний цом”-ын түүх эхэллээ

Дархан хотоос “Футзалын үндэсний цом”-ын түүх эхэллээМонгол Улсын Ерөхийлөгчийн ивээлээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом” тэмцээн анх удаа футзаланд зохиогдож, өчигдөр Дархан хотод нээлтээ хийлээ. Анх 2008 оноос аймгуудын аварга шалгаруулах тэмцээн нэрээр зохогдож эхэлсэн тэмцээн 2013 онд нэрээ "Үндэсний цом” хэмээн өөрчилж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох болсоноор улам өрсөлдөөнтэй, өргөн цар хүрээтэй явагдах болсон. "Үндэсний цом” өнгөрөгч оны наймдугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод явагдсан нь анх удаа хөдөө орон нутагт зохиогдсон тохиодол байлаа. Тэгвэл тус тэмцээнийг өдгөө Дархан-Уул аймаг анх удаа футзаланд зохиож байгаа гэдгээрээ бүр илүү онцлогтой болж байна.

Анх удаа зохиогдож буй "Футзалын үндэсний цом” тэмцээнд Монгол орны 18 аймгийн нийт 300 гаруй тоглогч, дасгалжуулагч нар оролцож байгаа нь урьд өмнө гарч байгаагүй тоо юм. "Футзалын үндэсний цом 2017” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ө.Шижир, Гүйцэтгэх Хорооны гишүүн Б.Батзаяа нар оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар лигийн төдийгүй үндэсний шигшээ багийн олон арван шилдэг хөлбөмбөгчидийн өлгий нутаг Дархан-Уул аймагт АХБХ-ны "Жижиг талбайн төсөл”-ийн 20x40 харьцаатай талбайг байгуулахыг албан ёсоор мэдэгдлээ. Энэ дашрамд тэмцээнийг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбатаар удирдуулсан ажлын хэсэг өндөр түвшинд зохион байгуулж байгаа явдалд МХБХ-ны зүгээс талархал илэрхийлье.