|

Долларын ханш өсөлтийн буруутан Н.Золжаргал уу

 

Үүл гарч байж бороо ордог нь хорвоогийн жам. Энэ нь ямар нэг үйл явдлын үр дүн болж өөр үйл явдал өрнөдөг гэдгийн илэрхийлэл.

Өдгөө Монгол улсын эдийн засаг хямарч, долларын ханшийн өсөлт урд хожид гарч байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа. Мэдээжийн хэрэг үүнийг нэг талаас дэлхийн эдийн засгийн хямралтай холбож ойлгож болох ч нөгөө талаас эрх баригчдын эдийн засгийн буруу бодлого, төв банкнаас үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагаа явуулж чадаагүйтэй холбон ойлгож болно.

Ялангуяа Монголбанкнаас явуулсан буруу бодлогоос болж Монгол төгрөг үнэгүйдэж, гадаад валютын үнэ өссөн байх магадлалтай. Монгол банкны тухай хуулинд Монгол банкны үүргийг дараах байдлаар зааж өгчээ.

Үүнд:
1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
2. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

Тэгвэл Монгол банкны Ерөнхийлөгчөөр 5 жил ажилласан Н.Золжаргал энэ үүргийг биелүүлж чадсан уу гэдэг асуулт зүй ёсоор гарч байна. 2016 оны намраас эхлэн ам.долларын үнэ огцом өссөн. Иргэд олон нийт үүнийг МАН олонхи болсон парламентаас томилсон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы бодлого, үйл ажиллагаатай холбож ойлгосон.

Гэвч үнэндээ Үүл гараад бороо ордогийн үлгэрээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хэрэгжүүлсэн бодлогын буруутай үйлдлийн үр дүн ам.доллар огцом өсөхөд хүргэсэн гэж ойлгож болох юм.

Зарим эх сурвалж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ, Засгийн газарт мэдэгдэлгүйгээр их хэмжээний цаасан мөнгө хэвлүүлж, хэрэглээнд гаргасантай холбоотой гэж үзэж байгаа бололтой. Их хэмжээгээр хэвлэж хэрэглээнд гаргасан мөнгө үнэгүйдэж, улмаар төгрөгийн ханш унаж, долларын ханш өсөх шалтгаан болсон гэж олйгож болох юм. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн хувьчлал, Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө ОХУ-руу шилжүүлсэн үйлдэлтэй ямар нэг байдлаар холбож үзэх хардлага бий.

Мөн дээр нь Н.Золжаргалын үед Монголбанк дарга ажилтнууддаа нийгмийн асуудалд нь анхаарч буцалтгүй тусламж үзүүлж байгаа нэрийдлээр их хэмжээний мөнгө олгосон байдаг. Тухайлбал, "Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга” гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийгбуцалтгүй тусламж болгон шилжүүлсэн байдаг. Энэ тухай УИХ-ын гишүүн асан Г.Уянга баримттайгаар олон нийтэд мэдээлсэн.

Монгол банкны Ерөнхийлөгчөөр нэг гэр бүлийн төрсөн ах дүү хоёр ажилласан тохиолдол анх удаа гарсан. Энэ бол Н.Жаргалсайхан, Н.Золжаргал нар юм. Тэртээх 1990 оны эхээр Н.Золжаргалын төрсөн ах Н.Жаргалсайхан Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн цаг үед улс орны эдийн засагт шилжилтийн үе таарч, Монголбанк төв банкийн хувьд зөв бодлого гарган ажиллах шаардлагатай болсон ч мань эрийг энэ үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэж ажиглагчид үздэг юм билээ. Тэгвэл энэ цаг хугацаанаас хойш 20 гаруй жилийн дараа Н.Жаргалсайханы төрсөн дүү Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа цаасан мөнгө их хэмжээгэр хэвлэсэн, монгол төгрөгийг хэдэн зуун саяар нь баруун солгойгүй ажилтнууддаа шагнал, буцалтгүй тусламж болгож цацсан хүнээр нэрлэгдэн хоцорлоо.

"Тунгалаг тамир” уран сайхны кинонд "Туулын мөсийг долоох шахам зүтгэж байж цуглуулсан хөрөнгө” гэж Итгэлт баяны хэлдэгчлэн, Монголын бизнесмэнүүд олон жил хөдөлмөрлөж, ажиллаж, улсад татвар төлөн байж, арая ядан бизнесээ босгож байхад тэдний хажууд нэгч удаа бизнес хийгээгүй атлаа 3-5 жилд багтан төрөөс тэрбумтнууд төрж байгааг олон нийт харж сууна. Төрөөс төрсөн шинэхэн тэрбумтны нэг бол Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна.

Н.Золжаргалын огцом хөрөнгөжсөн нь иймээс түүнийг АТГ, ЦЕГ-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нэн даруй шалгавал зохилтой.

А.Галт