|

Өмнөд Солонгосын эрх баригч нам нэрээ солилоо

Өмнөд Солонгосын эрх баригч нам нэрээ солилоо

 

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр холбогдсон улс төрийн дуулиан шуугианы улмаас Өмнөд Солонгосын эрх баригч "Сэнүри” нам нэрээ солихоор шийдвэрлэжээ.

Даваа гарагт Сөүл хотноо болсон намын их хурлын үеэр намын нэрийг "Liberty Korea Party” буюу "Эрх чөлөөт Солонгосын нам” болгон өөрчилсөн байна. 

"Эрх чөлөө” гэдэг энэ үгээр бид либерал ардчиллын үнэт зүйлс болон зах зээлийн эдийн засгийг эрхэмлэж, Умард Солонгостой нэгдэх зорилготой байгаагаа илэрхийлж байна гэж намын удирдлага мэдэгдлээ.

Өнгөрсөн оны 4 дүгээр сард болсон бүх нийтийн сонгуульд эрх баригч "Сэнүри" нам ялагдал хүлээснээс гадна Ерөнхийлөгч Пактай холбоотой дуулиан шуугианы улмаас өнгөрсөн оны сүүлчээр тус намыг дэмжигчдийн тоо эрс цөөрчээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард парламентын гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар Ерөнхийлөгч Пакийг албаны тушаалаас нь түдгэлзүүлсэн юм.

Хэрвээ тус улсын Үндсэн хуулийн шүүх түүнийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах шийдвэр гаргавал 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах ёстой болно. 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ