|

“ХЯТАДЫН МОНГОЛ” Л БИШ ШҮҮ

“ХЯТАДЫН МОНГОЛ” Л БИШ ШҮҮ

 

Дэлхий дахинд Монгол Улсыг "Хятадын монгол” гэж харагдуулах зүйл олон хийгдэж байна гэх шүүмжлэл сүүлийн үед ихсэх хандлагатай болоод байгаа. Энэ талаархи мэдээллийг ихэнхдээ цахим ертөнцөөс, газрын зураг энэ тэрээс л хардаг байлаа.
 
Тухайлбал, 2011 онд Солонгосын SBS телевизийнхэн амралтын өдрийн хөгжөөнт нэвтрүүлгийн хоёр дугаараа гадаадын улс орноос бэлтгэсэн байгаа юм. Тусгай дугаар нэртэйгээр цацагдсан уг нэвтрүүлгийг манай урд хөрш Хятадаас бэлтгэсэн бөгөөд уг нэвтрүүлгийн эхэнд гаргасан Хятадын газар нутгийн зурган дотор Монгол Улсын газрын зургийг багтаан оруулж, дээр нь "Running Man in China” хэмээн бичиж Солонгос даяар цацжээ.

Тухайн үедээ монголчуудын зүгээс энэхүү алдааг албан ёсоор залруулж, уучлалт гуйхыг хүссэн ямар нэгэн санал гомдол гаргаагүй байна. Тэгээд ч энэхүү мэдээлэл үнэн эсвэл худал эсэхийг ч тодруулаагүй өнгөрсөн. Учир нь албан ёсны мэдээлэл биш учир тэр байх.
 
Тэгвэл энэ удаад Монгол Улсад биднийг "Хятадын монгол” юм байна шүү дээ гэж андуурмаар нэгэн зүйл олон улсын нисэх буудлын үүдэнд сүндэрлэж байна. Тодруулбал, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу ордог гарцан дээр "Үзэсгэлэн төгс БНХАУ. Сүрлэг сайхан Өвөрмонголд тавтай морилно уу” хэмээсэн Хятад, Монгол бичигтэй, хадаг бариад угтаж байгаа өвөрмонгол бүсгүйн зурагтай томоос том сурталчилгааны самбар байх юм. Энэ нь гадаадаас ирсэн жуулчин бүрт л Чингисийн Монгол бус "Хятадын монгол”-д ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөнгө олох сонирхолтой тэнэг монгол хүнээр нь монголчуудыг доромжлуулсан мэт харагдах юм билээ.
 
Уг нь "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам” гэж байдаг. Уг журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж байсан сурталчилгааны самбаруудыг цэгцэлж, мэдээллийн болон реклам сурталчилгааны самбарууд гэж ангилан хориглох бүс тогтоох зэрэг ажил хийгдэж байсан.
 
Өөрөөр хэлбэл, хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлаж буй рекламны самбаруудыг буулгаж, төлөвлөлтийн дагуу мэдээллийн болон рекламны самбаруудыг гудамж, талбайд байршуулж эхэлсэн. Тэгвэл энэ удаад улс орны тусгаар тогтнолын асуудалтай холбоотой энэхүү самбарыг татан буулгаж яагаад болохгүй гэж.
 
Магадгүй энд ийм самбар байгааг нийслэлийн самбар хариуцдаг хүмүүс харсан, мэдсэн л байх. Гэхдээ яагаад нүдэн балай, чихэн дүлий байгаа нь сонин. Эцсийн дүндээ энэ бол ямар ч улс орноо гэх сэтгэлгүй, бодолгүй мөнгө л өгвөл толгойгоо ч мултлаад өгөх зар сурталчилгааны самбар түрээслүүлэгчдийн эмгэнэлт үйлдэл. Уг асуудлыг хариуцсан нийслэлийн албаныхан үүнийг авч чадахгүй, хүч нь хүрэхгүй байгаа бол чаддаг эрх мэдэлтэн нь энэ "хачин” том самбарыг авч өгч тус болооч.  Үүнээс өөрөөр мөнгө олох өчнөөн арга байсаар байтал энэ л биш шүү.


Монголын мэдээ
Ж.Мягмар