|

С.Насанбат: Иргэдэд газрын дахин төлөвлөлт хийлгэх сонирхол их байдаг

С.Насанбат: Иргэдэд газрын дахин төлөвлөлт хийлгэх сонирхол их байдаг

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай тус аймгийн газрын харилцааны асуудлаар ярилцлаа.

-Дархан-Уул аймаг бусад аймгийг бодвол илүү хотожсон аймаг. Тийм болохоор газрын салбарын эрх зүй илүү үйлчилж, эрэлт хэрэгцээ бий болгодог. Засаг даргын мөрийн хөтөлбөрт газрын салбарын талаар ямар ажлууд тусгав?

-Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалтын бүлэгт аймгийн хөгжлийн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж эдийн засгийн үр ашигтай бодлого, үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд: Аймгийн хэмжээнд шинээр үүсч байгаа суурьшлын бүсэд байр зүйн зураг хийлгэх /1:1000/ "Орон сууц” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж орон сууцны хангамжийг нэмэгдүүлж орон сууцны хороололд "Жишиг хороолол” төслийг үргэлжлүүлнэ. Мөн хотоос алслагдсан гэр хорооллуудад "Тохилог хороолол” төслийг боловсруулж хэрэгжүүлэх, мөн Дархан суманд олон нийтийн соёл, амралтын бүсийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ.

-Манай аймгийн хувьд бэлчээрийн даац хэтэрсэн, нутаг бэлчээр багатай бэрхшээл их гардаг. Сүүлийн үед нүүдлийн хөлд дарагдлаа гэдэг энэ талаар?

- Манай аймаг нийт 327500 га газар нутагтай. Үүнээс хөдөө аж ахуй газар түүний дотор бэлчээр 177345.57 га ба 54.1 хувийг эзэлдэг. Бэлчээрийн даац хэтэрсэн шалтгаан гэвэл өөр аймаг сумын малчид малаа манай аймгийн бэлчээрт бэлчээрлүүлдгээс тухайн бэлчээрийн даац хэтэрч ургамлын гарц муудсан. Малчин өрхийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өслөө. Малчид бэлчээрийг зохисгүй дөрвөн улирлаар сэлгээгүй ашигласан зэрэг шалтгаанаар бэлчээр доройтсон гэж үзэж байна. Цаашид бэлчээрийн даацыг зохистой ашиглалттай буюу 30 хувийн ашиглалттайгаар тооцож түүнд малын тоо, төрлийг тохируулах арга замыг төлөвлөх хэрэгтэй болж байна. Их талхлагдсан зуны бэлчээрийг улирлын ашиглалтын болон өнжүүлж амраах бусад сумын малыг нүүлгэж гэрээгээр тохиролцсоны үндсэн дээр ашиглуулах. Тус аймагт бэлчээрийн нутагт байрлах өвөлжөө, хаваржааны бэлчээрт шинээр худаг гаргах мөн булаг шандуудыг хашиж хамгаалах шаардлагатай байгаа тул хамтын ашиглалтын хүрээнд төлөвлөж шийдвэрлэхээр болж байна. Түүнчлэн аймагтаа цаг хүндэрсэн үед малчин өрхүүдийг нүүлгэж оторлох нөөц бэлчээрийн судалгааг гаргаж ашиглалтыг нь төлөвлөн гаргах. Бэлчээрийг ургамал ургаж хэнзлэх үеэр болон үр гөвөх үед нь ашиглахгүй байх хугацааг тохируулж сэлгээтэй ашиглах, улирлын бэлчээрт хэд хэдэн сэлгээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлага байна. Сум тус бүрээр бэлчээрийн менежментийн төлөвлөгөө гаргаж түүнийг мөрдөж жил бүр хэрэгжилтийг нь гаргуулж хэвшүүлэхээр болж байна.

-Хот төлөвлөлтийн бодлого, барилгын бүтээн байгуулалт, зураг төсөлтэйгөө хэрхэн уялдаж байна?

-Дархан хотыг хөгжүүлэх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2004 онд 20 жилийн хугацаатайгаар батлагдсан байдаг. Үүний дагуу 2012-2016 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу найман байршилд 200 орчим га талбайд 10500 айлын амины болон нийтийн орон сууцны хороолол төлөвлөж 2015 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулаад ажиллаж байна. Хот байгуулалтын тухай хуулиар шинэ хороолол хотхон барьж байгуулахад эхний ээлжинд дэд бүтцийг нь заавал шийдвэрлэх шаардлагатай байдаг. Энэ төслийн хүрээнд тус төлөвлөгдсөн байршлуудад дулаан хангамж болон, цахилгаан хангамжийн асуудлыг улсын төсвийн 20 орчим тэрбум төгрөгөөр шийдвэрлэсэн. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар эдгээр төлөвлөгдсөн хорооллын гол зам болох 2,4 км замыг ашиглалтад орууллаа. Одоо шинээр баригдаж байгаа болон баригдах гэж байгаа барилгуудын зураг төслийг боловсруулж эхлэх шатанд нь аймгийн Ерөнхий архитекторын баталсан "Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг өгч угсралтын шатанд чанд мөрдүүлж ажиллуулах талд нь анхааран ажиллаж байна. Ингэснээр тухайн газар дээр газар эзэмшигчийн хүслээр биш хотын төлөвлөлтийн дагуу барилга баригдах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.Дархан хотын төлөвлөлтийг 1961 онд тухайн үеийн нэрээр ЗСБНХУ-н нийслэл Москва хотод гүйцэтгэсэн ер нь л их зөв төлөвлөлттэй хот. Дархан хот анх байгуулагдсан цагаасаа л эхлэж "Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г чанд мөрдөж ирсэн цаашдаа ч мөрдөж ажиллах болно гэдэгт итгэлтэй байдаг даа.

-Газар тариалангийн үйлдвэрлэлийн газар эзэмшилт ямар байна. Хөрсний эвдрэл элэгдэлтэй тэмцэх талаар барьж буй бодлого байдаг уу?

- Манай аймагт газар тариалангийн зориулалтаар 32,8 мянган га газар байдаг. Үүнийгээ ч зуун хувь бүрэн ашиглаж байгаа. Үр тарианы зориулалтаар 83 иргэн, аж ахуйн нэгж байгууллага томоохон талбайг ашиглаж байна. Төмс, хүнсний ногооны зориулалтаар 1018 иргэн, аж ахуйн нэгж байгууллага томоохон талбайг ашигладаг. Аймгийн хэмжээнд хөрс болон хөрсөн бүрхэвч доройтож байгаа. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хэд хэдэн гол ажлыг хийхээр тусгасан. Үүнд: Усалгаатай газар тариаланг хөгжүүлж газар тариалангийн техник технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Өрхийн тариаланг хөгжүүлэх зорилгоор "Ногоон хувьсгал” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж жимс жимсгэний тариалалтын нэр төрлийг нэмэгдүүлнэ. Мөн ногоон хөгжлийг дэмжин цөлжилтийг сааруулснаар экологийн тэнцвэртэй байдлыг хадгална. Тухайлбал: Уул уурхай, ашигт малтмалын олборлолтод хяналт тавьж, ашиглаж байгаа болон орхигдсон талбайн нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийлгэнэ. Тусгай хамгаалалтын газар нутгийн сүлжээг өргөтгөж газар болон газрын хэвлийг зохистой ашиглаж хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. 2009-2021 он хүртэл хөрсний элэгдэл эвдрэлийг хэрхэн багасгах талаар аймгийн Хүнс, Хөдөө, аж ахуйн газарт цогц бодлого боловсруулан ажиллаж байна.

-Гэр хорооллын иргэдийн хувьд дахин төлөвлөлтөд хамрагдаж байна уу?

-Дахин төлөвлөлт хийлгэх сонирхол маш их байдаг боловч одоохондоо манай аймагт орчин нь арай бүрдээгүй байна. Учир нь дахин төлөвлөлт хийхдээ иргэдээс газрыг нь худалдаж авах эсвэл газрынх нь оронд байр өгөх маягаар шийддэг жишиг бий. Хэрэв иргэн, аж ахуйн нэгж хүсэлт гаргавал дахин төлөвлөлт хийх боломж нь бүрэн нээлттэй. Хотын үндсэн тосгон, хуучин суурьшлын бүсийн дахин төлөвлөлтийг хийхээр мөрийн хөтөлбөрт туссан байгаа.

-Орон сууцны иргэд газар өмчлөхөд газрын нөөц хэр зэрэг байна вэ?

-Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр газар өмчилж авах тухай өргөдөл гаргасан иргэдийн тоо 22924, үүнээс 12860 иргэнд 1445,53 га газрыг нь өмчлүүлсэн. Энэ нь нийт хүн амын тоотой харьцуулбал 13,8 хувь нь газраа өмчилж авсан байдаг. Газрын нөөц гэвэл манай аймгийн хувьд нэлээд хязгаарлагдмал. 2016 онд аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчилж баталсан. Удахгүй хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол батлагдана. Энэ ажлыг хот төлөвлөлтийн зураг төслийн "АРТ КОНСТРАКШН” ХХК гүйцэтгэж байгаа. Харамсалтай нь хөрөнгө мөнгөний хувьд жаахан удаашралтай байгаа тул гүйцэтгэх ажил түүнийгээ дагаад хойшилсоор л байна.

-Шинээр газар өмчлөхөөр төлөвлөсөн газарт дэд бүтэц нь хэр шийдэгдсэн бэ?

-2014 онд Дархан сумын хотоос алслагдсан Малчин багийн "Хөтөл хороолол”-д 980 айлын гэр хорооллын айлын хэсэгчилсэн төлөвлөгөөг хийж батлуулсны дагуу газар олголтыг хийсэн. Энэ төлөвлөлтийн дагуу цахилгаан хангамжийн угсралтын ажлыг "Эрчит Цэнэг” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.

-Газрын маргаан ямар чиглэлээр их гарч байна. Хэрхэн шийдвэрлэж байна?

-Үүнийг газар эзэмшлээс нь эхэлж хариулъя. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар сонгон шалгаруулалтаар болон дуудлага худалдаагаар газар авч байгаа аж ахуй нэгж, иргэд болон хуучин эзэмшлийн газартаа ажил, үйлчилгээ явуулж байгаа газар эзэмшигчид хот байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулж гадна тохижилт, зам талбайн тохижилтоо хийлгэдэггүй дур мэдэж авто зогсоол хийх, зам талбай сэтлэх, бусдын эзэмшлийн талбай руу газраа сунгах, орц гарцыг хаадаг, газар эзэмших гэрээгээ цаг тухайд нь дүгнүүлж газрын төлбөрөө барагдуулдаггүй мөн газар тариалан эрхлэхээр авсан газраа ашигладаггүй төлбөр тооцоогоо хийдэггүй зэргээс болж маргаан үүсч байдаг. Газрын маргаан ихэвчлэн захиргааны хэрэг, иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгддэг. Харин газар өмчлөлийн хувьд хуучин эзэмшиж байсан газраа өмчилж авч байгаа иргэдийн хашаагаа дур мэдэн сунгаж бусдын өмчлөлийн газрын орц, гарцыг хаадаг нийтийн эзэмшлийн гудамж талбайг нарийсгах, багийн Засаг дарга нар гудамж хашааны хаяг дугаар давхцуулж олгосон мөн өмчлөлийн гэрчилгээ авсан иргэний газар дээр өөр айл бууж хашаа байшин барьсан зэргээс үүдэлтэй маргаанууд байнга гарч байна.

- Энэ жил Дархан суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,07 га газар олгох уу?

- Энэ жил Дархан суманд гэр бүлийн зориулалтаар шинээр 0,07 га газар олгохгүй. Учир нь Дархан суманд иргэдэд олгох газрын нөөц байхгүй. Тэгэхээр иргэд маань Хонгор Шарын гол, Орхон сумдаас Монгол улсын иргэнд үнэгүй өмчлүүлэх газраа авч болно.

-Газрын чиглэлээр ойрын үед хийх шаардлагатай тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Юуны өмнө хаягжилтийн ажлыг эрчимжүүлж шинэчилсэн хаягийн зургийг батлуулж мөрдөх шаардлага байна. Газрын бүсчлэл, үнэлгээний системийг боловсронгуй болгож газрын харилцааны шинэчлэлт, газрын нэгдмэл сангийн тооллого хийх, орон сууцны хорооллын болон гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, хотын ерөнхий төлөвлөлт болон гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж иргэдийн санал санаачилгад тулгуурлаж томоохон төслүүдийг "Миний гэр-Миний байр”, "Жишиг хороолол”, "Тохилог хороолол” хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж хотоо хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Б.НОРОВСАМБУУ