|

Дэлхийн нефтийн зах зээлд эрэлт-нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржихэд тун ойрхон байна

Дэлхийн нефтийн зах зээлд эрэлт-нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржихэд тун ойрхон байна

 

АНУ-ын нийлүүлэлт нэмэгдэж, дэлхийн хэмжээнд эрэлт буурсантай холбоотойгоор ОПЕК буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн орнууд болон бусад олборлогчид олборлолтоо танах шийдвэр гаргасны дүнд нефтийн зах зээлд эрэлт ба нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржихэд тун ойртож байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ мэдэгдлээ.

ОУЭХА-аас гаргасан нефтийн зах зээлийн сар тутмын тайлан мэдээнд дурдсанаар, ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд, тэдгээрийн дотор ОХУ нефть олборлолтоо бууруулахаар тохиролцсон нь дэлхийн нефтийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн харьцааг тэнцвэржүүлэхэд "ихээхэн ахиц дэвшил” боллоо.

ОПЕК-ийн гишүүн орнууд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 1.2 сая баррелиар багасгахаар өнгөрсөн оны 11 дүгээр сард тохиролцоонд хүрсэн билээ.

Үүний дараа 12 дугаар сард Орос тэргүүтэй ОПЕК-ийн гишүүн бус орнууд өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 558 мянган баррелиар багасгах шийдвэр гаргасан юм.

ОПЕК-ийн гол гишүүн болох Саудын Арави улс ирэх сард болох уулзалтын үеэр нефть олборлолтын хэмжээг танах хугацааг дахин зургаан сараар сунгахыг гишүүн улс орнуудад уриалах бололтой.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ