|

Ах дүү нарынх нь дансаар тендерийн мөнгө орсон гэгдэх Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй юу?

Ах дүү нарынх нь дансаар тендерийн мөнгө орсон гэгдэх Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй юу?

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаагаа хэлж буй. Гэвч түүнд тийм эрх ёс зүйн хувьд байгаа юу гэдэг асуудал анхаарал татаж байна. Учир нь түүний  төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат нарын хүмүүсийн  хувийн данс руу тендерийн мөнгө орсон гэх асуудлыг хуулийн байгууллагын эх сурвалжууд хэлж ярьж өдийг хүрэв. АТГ ч Н.Алтанхуягийг шалгаж буй. Тэгэхээр түүний хувьд хууль зөрчсөн гэм буруугийн асуудлаа нэгмөр шийдэж, цэгцлээгүй байж Ерөнхийлөгчийн суудал руу үсрэх гээд байгаа нь нийтэд тийм ч сайхан санагдахгүй л байгаа болов уу.

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман ярихдаа "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг.Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм.” гэсэн байдаг. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат  "Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа  "Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж, шүүх гэм бурууг нь тогтоосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгчийн арилжааны банкин дахь харилцах дансанд нь "Ар дааган” гэх ХХК-ий данснаас ихээхэн хэмжээний мөнгийг "нүүрсний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь анхаарал татдаг. Ингээд "Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан "MGL SB”, "MGL SBD” ХХК-ий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан М.Тулгын дансанд тухайн гэрээнд хамааралгүй аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн асуудлыг Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж, лавшруулан шалгах болсон.

Гэтэл 2012 онд БСШУЯ-наас зарласан,Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт "Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарчээ. "Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, "Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа. Нийтэд бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж санасан учраас хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээнд нь үүгээр хязгаарлая.” хэмээн ярьсан байдаг.

Тэгэхээр Н.Алтанхуягийн тухайд энэ мэт асуудлууд нь шалгагдаж дуусаагүй байхад, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч билэг тэмдэг болохыг санаархаж яваа нь, саваагүй нохой саранд хуцна гэдгийн үлгэрийг сануулж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн