|

Буруу замаар тээсэн БОНДЫН ЗАРЦУУЛАЛТ

Буруу замаар тээсэн БОНДЫН ЗАРЦУУЛАЛТ

 

Засгийн газар мөнгөтэй бас дахин зээлтэй болсон үе Монголд бий. Тэгэхэд олон улсын бондын зах зээлээс 1.5 тэрбум ам.доллар босгож, мөнгө нь манай дансанд эхнээсээ орж байв. Энэ бол АН-ын, Н.Алтанхуягийн Засгийн газрын зорилгоо болгосон таван тэрбум бондын түрүүч, 2013 онд босгохоор төлөвлөсөн зорилтын эхлэл болох "Чингис” бондыг арилжаалсан 2012 оны төгсгөл үе. Тэр үед Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын бүрэлдэхүүнтэй баг "Чингис” бондын 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатайгаар 4.125 хувь, үлдсэн тэрбум ам.долларыг 5.125 хувийн хүүтэйгээр арван жилийн хугацаатай арилжаалсан байдаг. 1.5 тэрбум ам.доллар гэдэг мэдээж их мөнгө. Дээрээс нь улсынхаа Засгийн газрыг барьцаанд тавьж, эргэн төлөх зээл гэдгээрээ эрх баригчдаас асар их хариуцлага нэхэж байсан юм. Нэг үгээр хэлбэл, улсаа улс шиг хөгжүүлэх зорилгыг сонгуулийн тугаа болгож, түүнийхээ хүчинд ялсан АН амлалтаа биелүүлэхийн тулд олон улсын зах зээлд улсаа, ирээдүйгээ 1.5 тэрбум ам.доллараар барьцаалж, улс төрийн эр зориг гаргасан хэрэг.

 

Гагцхүү "Чингис” бондын зээлийг хойч үедээ өр болгон өвлүүлэх үү, хөгжил болгон үлдээх үү гэдэг нь зөвхөн эрх баригчид, Засгийн газраас хамаарч байв. Гэхдээ өмнөх Засгийн газрынх нь үед босгосон 580 сая евро болон түүнээс гурав дахин их 1.5 тэрбум ам.долларын бондын зээлийг санхүүжүүлэх бэлэн төсөл АН-д байгаагүй юм. УИХ-аас өгсөн зөвшөөрлөөр 1.5 тэрбум ам.долларыг нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад эрдэс баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулах үүрэгтэй учраас гэнэт олсон мөнгөө хэрхэн эдийн засгийн үр ашигтай төсөл болгохоо төлөвлөөгүй байсан хэрэг.

 

Нэгэнт УИХ-ын тогтоол гарч, хөрөнгө оруулагчид Монгол Улсын дансанд мөнгөө шилжүүлсэн болохоор Засгийн газраас бондын мөнгийг хамгийн түрүүнд хуваарилж эхэлсэн салбар нь дэд бүтэц байсан юм. Эдгээрээс зам тээврийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн нь өөрийн ашгаа эргэн төлөх дамжиггүй гэсэн шүүмжлэлийг одоо ч дагуулсаар байна. Улмаар сонгуулийн үр дүнгээр бий болсон МАН-ын Засгийн газраас бондын мөнгөний гол хуваарилалтыг хийсэн Хөгжлийн банкинд шалгалт оруулснаар энэ асуудлыг олны анхаарлын төвд дахин авчирсан билээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр Хөгжлийн банкнаас "Чингис” бондын талтай дүйх хэмжээний буюу 1.3 их наядын санхүүгийн зөрчил илэрсэн нь ч бонд тойрсон маргааныг улам дэвэргэхэд хүргэсэн нь саяхан. Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар "Чингис” бондын мөнгөнөөс "Гудамж” төсөлд 200 сая ам.доллар, "Автозам”-ын төсөлд 570 тэрбум төгрөг, "Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.доллар, ‘Тавантолгойн цахилгаан станц” барихад 50 сая ам.доллар, "Ноолуурын салбарт технологийн шинэчлэл” хийхэд 68.8 сая ам.доллар, "Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлт”-д 200 тэрбум төгрөг, ’’Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээхэд 14 сая ам.доллар, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, Хүлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар, Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.доллар гэх зэргээр санхүүжилт олгосон байдаг.

 

Мөн Хөгжлийн банкны 580 сая евро болон "Самурай” бондын эх үүсвэрийг дээрх чиглэлийн салбарт зарцуулсныг шалгалтаар тогтоосон билээ. Хачирхалтай нь, хаанаас ямар бонд авсныг нь олон нийт мэддэг ч хэрхэн зарцуулсан талаархи тоймтой мэдээлэл байхгүй нь улстөрчдийг талцахад хүргээд буй. 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкаар дамжуулан олгосон бондын олголтоор зам тээврийн салбарт 1.9 их наяд, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 613 тэрбум, эрчим хүчний салбарт 427 тэрбум, барилга хот байгуулалтын салбарт 1.1 их наяд, бусад салбарт 1.4 их наяд нийтдээ 5.5 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байдаг.

 

Эдгээрийн эргэн төлөлт энэ онд их наяд 644 тэрбум, 2018 овд их наяд 497.4 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр төлөлттэй байхаар харагдаж байна. Харин улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт хоёр их наяд 991.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн эргэн төлөж хаанаас хэрхэн төлөгдөх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Учир нь, "Гудамж” төслийн хүрээнд хийсэн ажлын санхүүжилт төсөвт өртгөөсөө хэд дахин өсөлттэй гарсан нь дээрх эргэлзээг төрүүлж эхэлсэн хэрэг. Жишээ нь, Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажлыг анх 440 сая төгрөгийн гэрээ байгуулсан байдаг ч зураг төслийг нь хийсний дараа тэрбум 895 сая төгрөг болж өссөн байдаг. Анхны төсөвт өртгөөсөө 4.3 дахин өссөн гэсэн үг. Мөн III, IV хорооллын эцсийн уулзварын өргөлгөл шинэчлэлд 300 сая төгрөгийн санхүүжилт олгохоор гэрээ байгуулсан ч нийт дүнгээрээ 1.3 тэрбум болж өссөн байдаг. Анхны дүнгээсээ мөн 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь энэ.

 

Мөн "Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд гурван сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1.4 сая ам.доллар зэргээр төсвөөс хэт өндөр зардлууд гаргасныг шалгалтаар тогтоогоод буй. Нэг ёсондоо хямд өртгөөр их ажил хийх дүр үзүүлж төсөл урьтаж авчихаад дараа нь өртгөө хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон нь энэ.

 

Эндээс харахад улсаа, ирээдүйгээ барьцаалж ээлж дараалан босгосон "Чингис”, "Самурай”, "Малаазай” бонд эдийн засгийн үр ашигтай гэхээсээ эргэн төлөгдөх нь ч тодорхойгүй байдлаар явсан мэт. Зам дагаж хөгжил гэдэг ч 1.9 их наядыг зөвхөн энэ салбарт төвлөрүүлсэн нь тийм зөв сонголт байгаагүйг Ажлын хэсгийн дүгнэлт хийгээд ажил гүйцэтгэсэн компаниудад олгосон хэт өндөр санхүүжилт бэлхнээ гэрчилнэ. Харин ч эсрэгээрээ улстөрчдийн, хэсэг бүлэг хүний зам барих нэрийдлээр мөнгө угаах хэрэгсэл болж их мөнгөний TOO цаасан дээрээ л үлджээ. Угтаа бол жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн төсөл хөтөлбөрийн хүрээллийг өргөжүүлж, импортын бүтээгдэхүүнийг орлох арга зам эрэлхийлсэн бол өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хувьд арай өөр дүр төрхтэй байх байсан биз.

 

Чингис бондын эхний төлөлтийг 2018 оны нэгдүгээр сард хийх бол сүүлийнхийг 2022 оны эцэст хийнэ. 2022 он хол байна гэж тайвшрах төлөлтөд "Гудамж” төсөл, Улаанбаатарыг аймгийн төвүүдтэй холбосон автозамууд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулсан санхүүжилт бүгд орох учиртай. Цөөн төслийн санхүүжилтийг улсын төсвөөс төлнө. Үлдсэн нь орлогоороо зээлээ эгүүлэн төлөх ёстой гэдгийг санахад илүүдэхгүй.


С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/