|

Хятадад ТТГ-ын 20 орчим мэдээлэгч байгааг илрүүлжээ

Хятадад ТТГ-ын 20 орчим мэдээлэгч байгааг илрүүлжээ

 

Хятадын эрх баригчид 2010-аас 2012 оны хооронд БНХАУ-д АНУ-ын ТТГ-ын хориод мэдээлэгч байгааг илрүүлснээр Америкийн тус улсад явуулж буй тагнуулын ажиллагаанд ноцтой хохирол учруулжээ. Энэ тухай бямба гарагт "The New York Times" сонинд мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Хятадууд нийтдээ ТТГ-ын Хятадад буй 18-20 мэдээлэгчийн амийг хөнөөж эсвэл шоронд хийжээ. Олон жилийн туршид бий болгосон Америкийн тагнуулын сүлжээг Бээжин устгаж чадсан ба ТТГ-тай хамтран ажиллаж байсан нэг мэдээлэгчийг бусдад нь сануулга болгох үүднээс Засгийн газрын барилгын хашаанд хамтран ажиллагчдынх нь нүдэн дээр буудан хөнөөжээ.

Америкийн одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан тагнуулын ажилтнууд энэ үйл явдлыг хэдэн арван жилийн хугацаанд Америкийн тагнуулын салбарт гарч байгаагүй томоохон бүтэлгүйтлийн нэг гэж үзэж байгааг уг нийтлэлд  дурджээ. Мөрдөгчид одоогийн байдлаар энэ хэрэг явдлын шалтгааныг нь олж тогтоож чадаагүй байгаа ба нэг хэсэг нь ТТГ-ын нууц ажилтан АНУ-аас урвасан гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Хятадууд АНУ хилийн чанад дахь мэдээлэгчтэйгээ холбоо барьдаг холбооны нууц системд нэвтрэн орсон гэж үзэж байгаа аж.

Мэдээлэгчдээ алдсан явдал нь Вашингтоны хувьд их эмзэг тусч байгаа юм, учир нь Америкийн тусгай албадад тагнуулын мэдээлэл цуглуулах нь онцгой хүнд төдийгүй чухал даалгавар байдаг. ТТГ, ХМТ-ны төлөөлөгчид "The New York Times" сонинд гарсан нийтлэлийн талаар тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

2015 онд үл мэдэх хакерууд кибер халдлага хийн АНУ-ын хэдэн сая төрийн албан хаагчийн мэдээлэлд нэвтэрч байсан юм.. Тэр үед Америкийн Засгийн газрын боловсон хүчний удирдах газрын төлөөлөгч хакерууд 25 сая гаруй хүний, тэдний дотор төрийн албанд ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүмүүсийн мэдээллийг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.

АНУ-ын тагнуулынхан тэр үед боловсон хүчний мэдээллийн санд кибер халдлага хийсний төлөөх хариуцлагыг Бээжинтэй холбоотой хакеруудад тохож байсан ч БНХАУ энэ буруутгалыг нь үгүйсгэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn