|

Япон Цэнд: "Урсаж буй усыг хараад энэ бол ус гэж сэтгэдэг хүн дэ­мий. Харин энэ бол чулуу гэж сэтгэдэг, түүнийгээ үнэм­шил­тэй нотолдог хөгжсөн оюунтай хүн хэрэгтэй

 
 

Б. Цэнд хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Онон голын зүүн эргийн Сүл­жээ гэдэг газар 1928 онд мэндэл­жээ. Хэлмэг­дэж, на­саа­раа нутаг заагджээ. Б. Цэнд "18 настайдаа 18 хэл сурна" хэмээж англи, орос, япон, герман, франц, хятад зэрэг хэлийг сурсан гэдэг. Германд сурч байсан, нэрт эрдэмтэн О.Намнандорж түүнтэй дотно нөхөрлөж, хөлс өгч хэвлэ­лийн зураг зуруул­даг байж. Түүний япон гэгдэх болсны учир нь хятад, япон хэл сурч байхдаа олзны япон офице­руудтай танилцан, япон хув­цас өмсч дэгжирхдэг байс­­­­наас үүдэлтэй аж.


Тэ­рээр "Социализм, коммунизм гэдэг чинь ор үндсээрээ худлаа байна, манай улс Оросын колони болжээ." гэж ярих болсноор До яамны ногоон малгайтнуудын ха­раанд өр­төж эхэлжээ. 1950 оны арван нэгдүгээр сарын 13-нд түүнийг улс төрийн хэрэгтэн хэмээж дайчлан баривчилсан байна. Хэрэгт сэжиглэгдэх үндэслэл нь гэрээс нь олдсон хятад, япон, англи, орос хэл­ний толь би­чиг, ном зохиол, Манжийн газрын зураг, гер­ман атлас, америк сэтгүүл зэрэг болжээ. Харгис Чин­гэсийг өмгөөлсөн үндэсний үзэлтэн, Зөвлөлт-Монголын ард түмний ган бат най­рамдлыг үгүйсгэсэн гэсэн шалтгаанаар 10 жилийн ялаар шийтгүүлсэн Цэнд Японы Квантын армийн хурандаа, эрдэмтэн Такао, хөгжмийн зохиолч Г.Бирваа, домогт баатар Дандар нарын гадаад, дотоодын нэр бүхий хүмүүс­тэй хоригдож байсан агаад Дандар баатрын хамт Тэрэлж голоор сал урсгах ялын ажил хийж байсан байна.

Б.Цэнд  "Урсаж буй усыг хараад энэ бол ус гэж сэтгэдэг хүн дэ­мий. 

Харин энэ бол чулуу гэж сэтгэдэг, түүнийгээ үнэм­шил­тэй нотолдог хөгжсөн оюунтай хүн хэрэгтэй" гэж ярьдаг сэтгэгч нэгэн байсан гэдэг.

Монголын нэрт эрдэм­тэн "Дубна" Содном гэдэг хүн түүнийг Биндэрт нутаг зааг­даад байхад нь очиж уулзаж байсан баримт байдаг. "Дуб­на" Содном хэдэн жилийн дараа Цэндэд захидал, ЗХУ-ын шинжлэх ухааны сэтгүү­лийн хамт илгээж "Таны ярьж байсан зүйл батлагдахад төдгүй болж байна. Үүнийг энэ сэтгүүлээс үзээрэй" гэсэн байжээ. Ямартаа ч, тэрээр тулгуур физикийн шинэ нээлт хийж байжээ гэдгийг эл ба­римт нотолно.
Билгүүн номч Б.Ринчен 1966 онд их хааны нутгаар аялаад буцахдаа "Хөдөөгийн эрдэнэ хөдсөнд боолттой гэж үнэн юм. Бин­дэрт нэг тийм "эрдэнэтэй" таарлаа. Япон Цэнд гэж хэд хэдэн хэлтэй, эрдэмтэй залуу байна. Надтай явсан герман оюутантай Германаар зэгсэн сайн ярьж байна, бас ном бүтээлтэй ч хүн юм. Би гадар­лаж бас доторлох учраас хэл шинжлэлийн юм л түүнтэй жаахан ярилаа. Харин Их Наран улсын "овогт" тэр хүн одон орон, бодис зүй гээд өвгөн намайг өрхгүй сансрын өөд авч "нисчих" гээд мэдэх­гүйн мянган шалтаг, айхын түмэн зовлон тоочиж байж, тэр түг түмэн од дунд нь төөрч талийчхалгүй шуу эсэн мэнд ирлээ" гэж намтар наргиан хослуулан ярьж байжээ.
Цэнд өөрөө одон орны дуран хий­сэн байсан гэнэ. Харамсал­тай нь түүний астрономийн дуранг НАХЯ-ныхан ховор ном судрынх нь хамт хурааж аваад өгөөгүй аж. Хожим харин академич Б.Чадраа түүнд одон орны дуран бэлэг­лэсэн байна.
Бин­дэрийн хүн ардын олонх нь Цэндээр гэрэл зургаа даруул­сан нь одоо ч айлуудын жаа­занд байгаа нь лавтай. Гэхдээ, гэрэл цахилгаан байх­гүй үед тэрээр лааны гэрэлд зураг угаах технологи бий болгосон байжээ. Энэ нь Цэнд гэдэг хүний алдар нэр тухайн үедээ хэ­тийдсэн нэгэн байсан гэлтэй. Ардын уран зохиолч Д.Пүрэв­дорж "Би 1950 онд хотод орж ирсэн.Тэр үед хотын сэхээт­нүүдийн дунд япон Цэнд гэдэг хүн их яригддаг, нэр нь их сонсогд­дог байсан. Оргоод Япон руу гарчихжээ гэх цуу ч гарч байсан" гэсэн байдаг. Тэгвэл, эх орондоо ихийг сурч, мэд­лэг боловсролоо улс олондоо зориулна гэж бодож явсан түүний авьяас билгийг тоол­гүй­ хэлмэгдүүлснээр тэрээр 1990-ээд он хүртэл улс төрийн чанга хатуу шоронд тарчилж байжээ.