|

Сонгуулийн хар машиныг худалдаж авах санал явуулсан Ууганбаяр гэж хэн бэ?

Сонгуулийн хар машиныг худалдаж авах санал явуулсан Ууганбаяр гэж хэн бэ?

 

Өнгөрсөн долоо хоногийн гол дуулианы нэг нь Канад Улсын "Доминион вөүтинг системс” гэх компанид "Шинэ яармаг" компанийн захирал, Монгол Улсын иргэн У сонгуулийн санал тоолох машин худалдаж авах, хамтарч ажиллах хүсэлт илгээснийг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвд Канадаас мэдэгдсэн явдал байлаа. Канадын "Доминион вөүтинг системс” гэх компаниас хүсэлг ирүүлсэн компанийн нэр хаяг, холбоо барих утас, компаниа төлөөлөн албан бичиг, захидал илгээсэн хүний овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт хамтран ажиллах саналд дурдагдсан бүх мэдээдлийг манай талд ирүүлсэн байна.

 

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гаригаас Тагнуулын ерөнхий газраас Ажлын хэсэг томилогдон энэ хэргийг шалгаж эхэлсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатар "Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвөөс цагдаагийн байгууллагад "Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч ажилладаг Канад Улсын "Доминион вөүтинг системс” гэх компанид "Шинэ яармаг” коомпанийн захирал, Монгол Улсын иргэн У сонгуулийн санал тоолох машиныг худалдаж авах, хамтарч ажиллах хүсэлт тавьсан байдал нь Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос тус компанитай байгуулсан гэрээг зөрчсөн учир шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийг үндэслэн Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгаж байна. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Канад Улсын нэр бүхий компанитай байгуулсан гэрээнд ийм үйлдэл хийхийг хориглосон байдаг юм билээ. Мөн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан хийх” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн санал тоолох машиныг Сонгуулийн ерөнхий хорооноос өөр аж ахуйн нэгж, байгууллага, иргэн худалдан авах боломжгүй гэсэн үг. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатарын дурдсан Шинэ яармаг” ХХК-ийн захирал, Монгол Улсын иргэн У гэгч хэн бэ.

 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хүсэлгийг Мижиддоржийн Удаанжаргал гэх иргэн илгээсэн нь тогтоогдсон байна. М.Удаанжаргал нь "Нью яармаг Хаусинг Прожект” компанийн салбар хариуцсан захирал юм байна. Түүнтэй утсаар холбогдож, "Сонгуулийн санал тоолох машин худалдан авах саналыг Канадын талд явуулсан нь үнэн юм уу. Ямар зорилгоор худалдаж авах гэж байсан бэ” гэж асуухад "Энэ талаар Ууганбаяр захирлаас асуусан нь дээр байх аа. Би энэ талаар тодорхой мэдэхгүй. Ууганбаяр захиралтай холбогдоод эргэн хариу өгье” гэсэн юм. Хэсэг хугацааны дараа "Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Мөн хэнтэй ч холбож өгөх боломжгүй” хэмээн "Нью яармаг Хаусинг Прожект” компанийн ажилтан хэлсэн юм.

 
Эндээс харахад "Доминион вөүтинг системс” компаниас сонгуулийн санал тоолох машин худалдан авах зорилготой хүн нь М.Удаанжаргал биш байх магадлалтай болж таарч байгаа юм. Түүний цаана энэ бүхнийг зохион байгуулсан н.Ууганбаяр гэх хүн байгаа нь түүний ярианаас илт. Тэгвэл тэдний захирлын албан тушаал хашиж буй "Нью яармаг Хаусинг Прожект” компани нь УИХ-аас баталсан дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй "100.000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд "Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллын төслийг хэрэгжүүлэхээр 2011 онд байгуулагдсан, Юнайтэд прожектс групп компанийн охин компани юм. Юнайтэд прожектс групп компани нь Үндэсний компаниудын нэгдэл юм. Түүнчлэн н.Ууганбаяр гэх энэхүү эрхмийн нэр өмнө нь "Шинэ яармаг” хорооллын төслийн санхүүжилттэй холбоотой асуудлаар цөөнгүй удаа хэвлэлээр гарч байсан билээ. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Женко Х.Батгулгын орон тооны бус зөвлөх гэх мэдээлэл ч бий. Эндээс нэг асуулт гарч ирж байна. н.Ууганбаяр Х.Баттулгын хүн мөн бол тэд сонгуулийн санал тоолох машиныг юунд ашиглах гэж байсан тухай.

 

Учир нь, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй энэ цаг үед Канад Улсын "Доминион вөүтинг системс” компани руу сонгуулийн санал тоолох хар машиныг худалдаж авах хүсэлт явуулсан нь өөрөө ноцтой асуудал. Цаашлаад уг хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэлгүйгээр Канад Улсын "Доминион вөүтинг системс” компанийнхан н.Ууганбаяр гэгч эрхэмд худалдсан, хувийн зорилгоор ашиглуулсан бол юу болох байсан бэ гэдэг нь эргэлзээтэй. н.Ууганбаяр гэгч ямар нэгэн зорилго, хувийн ашиг сонирхол өвөртлөөгүй л юм бол хуулиас давж хил дамнан хүсэлт явуулаагүй байж таарна. Тэгээд ч сонгуулийн санал тоолох хар машин бол хүссэн болгон нь хүсэлт гарган худалдаж аваад хувийн зорилгоор ашигладаг зүйл биш. Бүхэл бүтэн тусгаар улсын төрийн эрх барих эрхийг тайван замаар, ард түмний оролцоотойгоор нэг өдөр ашиглаж, бусад үед нь төрийн тусгай хамгаалалт, хяналт дор байлгадаг онцгой хэрэгсэл. Тийм атал санал тоолох хар машиныг худалдаж авах хүсэлт гаргасны ард улс төрийн томоохон ашиг сонирхол нуугдаж байсныг үгүйсгэхгүй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гээгүй л юм бол хар машиныг худалдаж авах хүсэлт явуулах санаа баргийн хүнд төрөхгүй л болов уу. Ямар ч байсан Сонгуулийн ерөнхий хорооноос хууль хяналтын байгууллагад хандсанаар холбогдох хүсэлт гаргасан эрхмийг ийн шалгаж эхлээд байна. Хууль хяналтын байгууллагаас холбогдох шалгалт хийсний дараа энэ асуудлын эзэд тодорхой болно. Тэр үед М.Удаанжаргалын нэрийг ашиглаж явуулсан н.Ууганбаяр гэгчийн зорилго ч тодорхой болох биз ээ.

 

"Шинэ яармаг” хорооллын төслийг Монгол Улсын Засгийн газар, ЗТБХБЯ, Үндэсний компаниудын нэгдэл "Юнайтэд Прожектс” групп компани, БНХАУ-ын "Гэжоуба” групп компани хамтран хэрэгжүүлж, БНХАУ-ын "Экспорт-Импорт” банкнаас жилийн 4.2 хувийн хүүтэй 6-12 жилийн хугацаатай 195 сая ам.долларын зээлээр санхүүжилтээ шийдэж буй. Энэхүү санхүүжилтийг Монгол руу татахад н.Ууганбаяр гэх дээрх эрхмийн оролцоо их тухай яриа ч бий.


Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/