|

Японы эзэн хаан сэнтийгээ шилжүүлэхээр болов

Японы эзэн хаан сэнтийгээ шилжүүлэхээр болов

 

Японд урьд өмнө хэзээ ч ийм юм болж байсангүй. Амьд сэрүүн ч эрүүл мэнд нь сайнгүй эзэн хаан Акихито Японы парламент болон Засгийн газарт хандаж хааны суудлаас татгалзах зөвшөөрөл өгөхийг хүсчээ. Ард түмэн үүний эсрэг биш байгаа ч гунигтай байна.

 

Эзэн хааны хүсэлтийг ёсоор болгох билэгдлийн санал хураалтыг 235 депу­тат дэмжиж, эсэргүүц­сэн нэг ч санал гар­сан­гүй. "Хууль батлагд­лаа” хэмээн сайд нарын тан­химийн ерөнхий на­рийн бичгийн дарга Ёшихида Суги мэдэгдэж, гүн бөхийж хүндэтгэл үзүүлжээ. Ийнхүү эзэн хаан Акихитод хаан ши­рээ­­нээс татгалзах зөв­шөөрлийг олгож, шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа. Эзэн хаан Акихито 2018 оны арван­хоёрдугаар сард хааны титмээ буулгаж өгсний дараа тэрхүү шинэ эрин 2019 оны нэгдүгээр сард эхэлнэ хэмээн таамаглаж байна. Энгийн япон иргэдийн 85 хувь нь парламентын шийдвэрийг дэмжиж, эзэн хаан чөлөөнд гарч амрах нь зөв гэж үзжээ. 83 нас сүүдрийг зооглоод байгаа Акихито түрүү булчирхайн хорт хавдраар шаналахын зэрэгцээ зүрхэндээ хүнд мэс засал хийлгэсэн юм. Тэрээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, эрүүл мэндийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болж байна гэжээ. Олонх дэлхийн иргэдийн хувьд нэг настай хүн чөлөөнд гарч байгаа ч япон иргэдийн хувьд тийм биш. Учир нь Японы хаан сэнтийний сүүлийн 200 жилийн түүхэнд ийм явдал болж байгаагүй аж. Япон иргэдийн хувьд Акихито нь дэлхийн II дайны дараах Японы билэгдэл болсон хүн юм.

 

Акихито хаан ширээнээс татгалзах шийдвэр гаргасны дараа ВВС-ийн сурвалжлагчид Токиогийн гудамжинд иргэдээс санаа бодлыг нь сонсжээ. Япон иргэд эзэн хаандаа тун ам сайтай, түүнгүйгээр амьдралаа төсөөлөхөд хэцүү хэмээн ярьж байв.

 

Өнөөгийн Үндсэн хуулийн дагуу, хаан ширээг залгамжлагч нь эрэгтэй талаа дагасан эрэгтэй байх ёстой. Охид, гүнж нар нь хаан ширээг залгамжлах эрхгүй, тэд энгийн хүнтэй гэрлэвэл эзэн хааны удам, овгоос гардаг аж. Акихитогийн охин Саяко, ач охин Мако нар ийм замыг сонгосон билээ. Эзэн хаан Акихито хоёр хүүтэй. Том хүү Нарухито, бага хүү Фумихито, мөн 10 настай ач хүү Хисахито байгаа. 57 настай Нарухито Японы шинэ эзэн хаан болох нь тодор­хой. Гурав дахь үеийнх­нээс ганцаараа эр хүйсийг төлөөлж байгаа Хисахито том болоод хүүтэй болохгүй бол хаант засаг­лал төгсгөл болох аж. Тэр тохиолдолд Японы парламент Үндсэн хуулиа эргэн харах нь тодорхой. Жүничиро Коизүмийн Засгийн газар 2000 онд хаан сэн­тийг эмэгтэй хүйсийн төлөөлөлд шил­жүү­лэхийг зөвшөөрөх та­лаар өөрчлөлт хийх хэрэг­тэй хэмээн ярьж, хэлэл­цүүлж байв. Гэвч Шинзо Абэ намынхаа кон­сер­ватив чанарыг хадгалж үлдэхийн тулд энэ талаар ярихыг хүсэхгүй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Н.МӨНХЖИН