|

Э.Бат-Үүл дарга аа, ингэж иргэдээ тухирмааргүй байна аа

Э.Бат-Үүл дарга аа, ингэж иргэдээ тухирмааргүй байна аа

 

Хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр Ардчилсан намын сонгуулийн штаб дээр мэдээлэл /мэдэгдэл ч гэмээр юм уу/ хийлээ.   Тэрбээр эдүгээ нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байгаа юм байна.  Э.Бат-Үүл энэ үеэрээ "Хэрэв сонгуулийн дүн сөрөг гарвал үндэсний фронт байгуулж тэмцэнэ” гэдгээ мэдэгдлээ.  Түүний хэлээд байгаа сөрөг дүн гэдэг нь юу юм бол...

 

Хэрэв АН-ын нэр дэвшигч Х.Баттулга ялагдвал энэ түүний хувьд сөрөг дүн болж таарах байх. Угаас сонгууль гэдэг ялалт, ялагдлын огтлолцол. Нэр дэвшигчдийн хэн нэг нь ялна, нөгөө хоёр нь ялагдана.  Хууль журам нь ийм.

 

Гэтэл өөрийн намынх нь нэр дэвшигч ялагдвал тэр үндэсний фронт байгуулж тэмцэнэ гэнэ. Фронт гэдэг угаас цэрэг дайны үед л хэрэглэгддэг нэр томъёо.  Улс төрд бол намуудын нэршилд л хааяа хэрэглэгдсэн  харагддаг.

 

Тэрбээр Хан-Уул дүүргийн зарим хэсгийн хороодын санал хураалттай танилцахад тэнд хууль бус ажиллагаа зөндөө дуулдаж байна гэнэ. Нүд үнэн чих худал гэгчээр нэгэнт газар дээр нь танилцсан бол нүдээрээ харж баталгаажуулах учиртай биш үү. Тэгснээс худал үнэн нь нотлогдоогүй зөрчил хаа сайгүй дуулдаж байна. Хэний нам нь хийгээд байгаа нь ч тодорхойгүй. АН-ыхан овог нэр давхардсан,  хусаад ч арилахгүй байгаа хурууны тэмдэглээ,  санал нууцлах зориулалттай хавтсаар шоу хийтлээ доошоо орох хэрэггүй л байхгүй юу. Буруутай булхайтай бүхний үнэн худалд хариу өгдөг, шалгаж тогтоодог нь бид биш. Э.Бат-Үүл ч бас биш. 

 

Хэрэв сонгуулийн дүн сөрөг гарвал МАН буруутай, харин эерэг гарвал сонгууль алдаа гажуудалгүй сайн сайхан болсон хэмээн хүлээж авах юм байна, тэр хүн. Өөрийнхөн ялбал шударга сонгууль, өрөөлийнхөн ялбал булхайтай сонгууль гэж харах нь ёстой л үзэл суртлын үеийн манайхан дандаа ялж байдаг байлдаантай кино шиг төсөөлөгдөж байна даа.   

 

Э.Бат-Үүл даргын  нам өвдөг шороодвол тахимаа өгөхгүй гэдгээ ингэж эрт илэрхийлж, муу ёрлох нь нэг л амны билэггүй харагдаад байна шүү. Тэгэхдээ бүр үндэсний эв нэгдлийнхээ эсрэг фронт байгуулж тэмцэнэ ч гэх шиг.  Үндэснийхээ эв нэгдлийг илэрхийлэгчээ сонгох гэж байгаа юм чинь хагарч бутрахгүйхэн шиг сонгуулиа өгчихвөл дараа нь буруутай булхайтай бүхнийг шалгаж тогтоогоод ил болгоод өгнө шүү дээ. Тэгэхээр ус үзээгүй байж гутлаа тайлав гэгчээр эцсийн дүн гараагүй байхад иргэдээ тухирмааргүй байна аа.  


http://www.zaluu.com/read/14d6d7aca