|

Ц.Элбэгдоржийг ялуулсан гол ажиллагаа

Ц.Элбэгдоржийг ялуулсан гол ажиллагаа

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил гэхээсээ илүүтэй хар мэдээлэл шидэлцсэн өдөр хоногууд ард сугаран үлдэв. Нэр дэвшигчдийн Мөрийн хөтөлбөрөөс эхлээд хэвлэл мэдээллээр явуулж байгаа бодлого, пиарчдын багийн санаархал гээд бүхий л зүйл их энгийн, илүү массад давамгайлсан, дунд сургуулийн бага ангийн хүүхэд лавхан ойлгохоор болжээ. Үүнээс харвал манай нэр дэвшигчдийн сонгуулийн пиар технологи жил ирэх тусам улам хэврэгшиж байгааг өчигдөр өгсөн саналын хувиас ч харж болно. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн 2009 оны сонгуульд орохдоо эхлүүлсэн технологийн нэгээхэн хэсгээс сөхье.

            Өдгөөгөөс арваад жилийн өмнө буюу 2008 оны сүүлээр нэрт нийтлэлч Баабар нарын онолчид Монгол Улсын нийгмийн тогтолцоо биш боллоо. Яг одоо өөрчлөх цаг нь болсон хэмээн академик түвшний хэлэлцүүлэг хийн, нийгэмд мэдээлэл удаа дараа өгч байсан. Мэдээжийн хэрэг, эрдэмтэн мэргэд тойрч суугаад онол практик талаас нь яриад байхаар ард олонд ч чамгүй хүрсэн. Чамгүй хугацаанд үргэлжилсэн энэ сэдэв нь нийгэмд танил болж, улмаар энэ тогтолцооны буруутанг эрж хайж эхэлсэн.

Харин ард түмнийг энэ буруутанг хайж бэдэрч байх үед Баабар "Өдрийн сонинд ярилцлага өгөхдөө "Энэ хүн Монголын нийгмийг тогтолцооных нь хувьд хангалттай хорлолоо. Дахиад цааш хорлох асар их ирээдүй байна. Иймээс салах цаг нь болсон юм биш үү” хэмээн тухайн цагийн Ерөнхийлөгч Н.Энхбаярт хаягласан байв. Ганц нэгэн олны танил эрдэмтэн мэргэд ч эзнийг нь шууд л Н.Энхбаяр гэж цохож хэлээгүй ч алсуур нь дөхүүлээд өгсөн. Ингээд тогтолцооны гажуудлын буруутанг Н.Энхбаяр гээд олчихсон ард түмэн буруутнаа зайлуулж, аажмаар тогтолцооны гажуудлыг засах хүний эрэлд сэмхэн мордсон. Энэ бол нийгмийн араншин мөн. Ийнхүү нийгмийг засах хүний эрэл хаа хаанаа бий болсон цагт  намынхаа даргын суудлыг өгчихөөд ажилгүй суусан Ц.Элбэгдоржийн ярилцлагыг нийтэд түгээв. Түгээхдээ тогтолцоог хорлогч Н.Энхбаярыг зад шүүмжилсэн ярилцлага байв. Ёстой л шуугиулсан. Ингэхээр эрэлд хатаад байсан тогтолцоогоо засуулах эзнээ ард түмэн ч олчихлоо. Сонгуулийн пиар технологи ядаж ийм баймаар юм.

Үүнээс хойш манай нийгмийн тогтолцоонд өөрчлөлт гараад цэвэршээд сүйд болсонгүй. Магадгүй тухайн үеийнхээс муудсан үзүүлэлт л биднийг угтах байх. Тэгэхээр нийгмийн тогтолцооны талаархи кампанит ажиллагаа нь ерөөсөө 2009 оны сонгуульд зориулсан ажиллагаа байсныг тухайн үед яаж мэдэх билээ. Энэ кампанит ажил маш сайн явагдсан учраас 2009 оны сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулж, улмаар хоёр дахь удаагаа улиран ажилласан юм.

С.Баяр

Шуурхай.мн