|

Сум агентлагийн удирдлагууд 12 дугаар сарын ажлаа тайлагналаа

Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд сар бүрийн сүүлийн долоо хоногт зохион байгуулдаг сум, агентлагийн дарга нарын хурал өчигдөр /2015.12.28/ боллоо. Хурлаар сум агентлагийн дарга, удирдлагууд 12 дугаар сарын ажлаа тайлагнасан байна. Тухайлбал ХШҮТ нь энэ сард аймгийн Засаг даргын захирамжаар Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай байгуулсан 2015 оны "Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллажээ. Харин ХГБХХ-ийн 12 дугаар сард хийгдсэн томоохон ажлуудын нэг нь Шилдэг хүүхдүүдээ шалгаруулах Сүлд модны наадмын арга хэмжээ байлаа. Энэ оны хувьд аймгийн хэмжээнд 26 хүүхэд шилдгээр шалгарсан бол Улсын Шилдэг хүүхдээр 36 хүүхэд манай аймгаас тодорч, томоохон амжилтыг үзүүллээ. 

Мөн Монгол Улсын Шадар сайдын 2015 оны журам, ОБЕГ-ын даргын аргачлал зааврын дагуу ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг ОБГ-т тав хоног ажиллан албан хаагчдад түвшин тогтоох үзлэгийг явуулсан байна. Уг хурлаар аймгийн Татварын хэлтсээс ирэх оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх НӨАТ-ын тухай шинэчилсэн хуулийн талаар мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн БСГ-аас 2015-аас 2016 оны хичээлийн жилд суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан 12 дугаар сарын 21-ээс 24-ны хооронд БСШУЯ-тай хамтран " Бага суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр – Тогтвортой хөгжлийн боловсрол” нэртэй сургагч багш бэлтгэх 1-р шатны сургалтыг явуулж, 180 гаруй багш нарыг хамруулсан байна. Шарын гол сумын 100 хүүхдийн цэцэрлэг, 14 дүгээр хороололд баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгүүд тун удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна. Харин Төв номын сангийн тухайд "Номтой нөхөрлөе” аян, "Ном хөтөлбөр”-ийн хүрээнд Төв номын сангийн үйл ажиллагаатай уншигчид, хүүхэд багачуудыг танилцуулах, тэднийг номтой нөхөрлүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилгоор төвөөс алслагдмал Шарын гол, Орхон, Хонгор сумдын иргэд, аймгийн Шүүх, Онцгой байдлын газар, ШШГЕГазрын харъяа 435, 445-р ангийн хүмүүжигчдэд , Турк, ОИЦ сургууль, 1, 4, 10, 12, 18 дугаар цэцэрлэг зэрэг байгууллагуудын 835 уншигчдад 1451 боть ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, нүүдэл зөөврөөр олгож үйлчилсэн байна. НХҮХ-ээс энэ оны сүүлийн сар буюу 12 дугаар сард аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулсан Нийгмийн үйлчилгээг – Танд аянд нэгдэн олон ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийжээ. Мөн Готи-4 хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын даргын санаачлагаар ОУХТ, Алтан сагс зэрэг томоохон үйлчилгээний төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч нартай хамтран 60 иргэнийг хувцаслах ажлыг зохион байгуулж, "Халуун хоол” хөтөлбөрт 70 иргэнийг хамруулсан байна. 

Дархан сумын Засаг даргын тамгын газраас ХАОС-ын 2015 оны завсрын тооллогын талаар мэдээлэл хийлээ. Тус тооллогод 25376 өрхийн баяжилтыг хийснээс өнөөдрийн байдлаар ХАӨМС-д 25130 өрхийн мэдээлэл бүртгэгдэж 99,03%-тай байна.


Аймгийн Цагдаагийн газраас Шинэ жилийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран анхааруулга, сэрэмжлүүлгийг байнга өгч, аж ахуйн нэгж байгууллагуудад албан мэдээлэл хүргүүлэн, эргүүл шалгалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. ЕБС-уудын шинэ жилийн арга хэмжээний үйл ажиллагаанд хяналт тавьж, 9, 18 дугаар сургуулиудын 240 орчим сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийжээ. Аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар энэ оны сүүлийн сарын тайлангаа ийнхүү тавьж, аймгийн удирдлагуудаас холбогдох үүрэг даалгавар авлаа.