|

Тусгаар тогтнолоо тунхагласны 104 жилийн ойд

1911 он Монгол газар түрэн ирж байгаа хятад иргэд хийгээд худалдаачдыг эсэргүүцэх үндэстэн хоорондын зөрчилдөөн дээд цэгтээ хүрэв

Tусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаа зарласан бичгийн хуулбар

1911 онд Халхын эрх баригч дээд ноёд, дээд лам нар 1911 оны зун Жибзундамба хутагтад бат оршил өргөх ялдамд Их хүрээнд нууц зөвөлгөөн хийв. Чин улсын гүн хямралтай байгаа үеийг ашиглан Монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө шийдэмгий шаргуу тэмцэх нь чухал гэсэн шийдвэр гарч байжээ.

Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг Орос улсад тусламж хүсэхээр томилон илгээв 1911.10 нд Үчан хотыг эзэлсэн Хятадын босогчид аравдугаар сарын 11-нд Хятад, Төвд, Монгол, лалын шашинтан (Уйгар Хотон) зэрэг таван угсаатнаас бүрдсэн Бүгд Найрамдах Улс байгуулах шийдвэр гаргав.

Ар Монгол Манжид эзлэгдэхээс өмнөхөн Орос улсын эрхшээлд орсон Монгол угсаатны нэг хэсэг Буриад Монголд үндэстний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байлаа.

Орос нь Чин улсын хүч доройг далимдуулан Ар, Өвөр Монголыг нөлөөнийхөө хүрээнд хувиарлах талаар 1907 онд Япон улстай гэрээ байгуулсан байлаа.

Монголчуудын Чин гүрний хорт бодлого колончлолыг эсэргүүцэх тэмцэл нь тусгаар тогтнолоо сэргээх тэмцэл болон гүнзгийрэв.

1911 оны арваннэгдүгээр сарын 28нд Жибзундамба хутаг лүндэн буулгав. Энэ лүндэн Чин улсын ноёрхол дахь Монголчууд нэгдэж тусгаар тогтнохын төлөө тэмцэх мөрийн хөтөлбөр болсон юм.

Жибзундамба хутагтын лүндэн:

Одоо Монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон хэмээн айлдав

Жибзундамба хутагтын лүндэнг Ар, Өвөр Монголын засаг ноёд, Барга, Алашаа, Хөх нуур, Ил тарвагатайн Монголчуудад яаралтай дамжуулахдаа Жибзундамба хутагтыг Монгол улсын хаанаар өргөмжлөх гэж байгааг нэгэн адил мэдэгдэж тус тусын нутгаас цэрэг татахыг тушаасан байна.

Чин улсын сүүлчийн албан Сань До-г Их хүрээнээс 3 хоногийн дотор зайлах шаардлага өгөв.

1911 оны арванхоёрдугаар сарын 3-нд Монголын уламжлалт 12 жилийн цаг тоог баримтлан Цагаагчин гахай жил гэж нэрлэв.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Жибзундамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд өргөмжилж Монголын тусгаар тогтнолыг тунхаглаж үндэстний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтнүүдээс бүрдсэн засгийн газар байгуулж, улс гэрээ төвхнүүлж, нутаг орноо чөлөөлөх их хэргээ өрнүүлсэн юм.

Ийнхүү Монгол төрийн тусгаар тогтнолыг сэргээснийг Оросууд Хятадууд, Манжууд маш хүчтэй эсэргүүцэж улмаар энэхүү хувьсгалын мөн чанар хүчийг үгүйсгэж, зориудаар далайцыг бууруулж Оросын хатгалгаар хийсэн анги давхаргын бослого, халхын цөөхөн язгууртны хийсэн хуйвалдаан гэх мэтхэнээр өнөөг хүртэл үнэн түүхийг нууцалж дарсаар иржээ.

Жибзундамба хутагт хаан болоод олон лам, ноёд дотроос Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нарыг хамгийн түрүүнд дурдаж цол олгож гадаад, дотоод хэргийн яамны сайдуудаар тохоон томилов.

Монголын Тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдсан суут хүмүүс:

Дээд эгнээнд: Ханддорж ноён, Да лама Цэрэнчимэд, Хайсан гүн, Богда хаан нарын төрийн зүтгэлтэнүүд.

Дунд эгнээнд: Түшээт хан Дашинима, Сэцэн хан Навааннэрэн, Засагту хан Содномрабдун, Сайн ноён хан Намнансүрэн нарын эрх баригчид.

Доод эгнээнд: Хатан баатар Магсуржаб, Манлай баатар Дамдинсүрэн, Жа лама Дамбийжанцан, Тогтоху тайжи нарын цэрэгийн зүтгэлтэнүүд.

Халхын Их Хүрээнд Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж Олноо өргөгдсөн Монгол улс байгуулсныг Монгол туургатнуудын олонхи нь талархан угтаж түүнд шууд дагаар орох, зарим нь хэрэг явдлын цаашдын өрнөлтийг харзнах байдалтай болсон.

Хүрээнд ялсан хувьсгалыг Хөлөнбүйрын баргууд шууд дэмжиж Манлайбаатар Дамдинсүрэн тэргүүтэй цэргүүдийг илгээв.

Монголын хаан барга цэргийг талархан угтаж Дамдинсүрэн улсад туслагч гүнгийн зэргээр шагнаж гадаад яамны дэд сайдаар томилов.
Ийнхүү Өвөр Монголоос ирсэн Хайсан дотоод явдлын дэд сайд, Баргаас ирсэн шулуун цагаан хошууны (Манлайбаатар) Дамдинсүрэн Гадаад яамны дэд сайд болов.

1912 оны 8 сарын сүүлээр (Хатанбаатар) Магсаржав, Дамдинсүрэн тэргүүтэй халх, барга, чахар, урианхай, дөрвөд, торгуудаас бүрдсэн Монгол угсаатны нэгдсэн цэргүүд ширүүн тулалдаан хийж Ховд хотыг Манж, хятадын ноёрхолоос чөлөөлөв.

Ийнхүү Монголын тусгаар тогтнол хөлөө олж, хувьсал тэмцлийн оч улс орны зүг бүрт ассан юм.