|

Х.Баттулгын зөвлөхийн томилгоо буюу дараагийн хүлээлт

"Монгол ялна” хэмээн уриатай Ерөнхийлөгч Х.Баттулгаас ард иргэд их зүйлийг хүлээж байгаа нь илт. Орон даяар түймрийн асуудал дэгдэхэд өөрийн биеэр очиж тусалсан түүний талаарх мэдээллүүд үүнийг гэрчилнэ. Түүнийг дэмждэг иргэд Х.Баттулга ийм л хүн болохоор Ерөнхийлөгчөөр сонгосон хэмээж байгаа бол нөгөө хэсэг нь хүрз, төмөр бариад хэвлэлийнхний өмнө шоуд гэж сонгоогүй байлтай гэж шуугих. Онцгойгийнхонд нэн хэрэгтэй байгаа нисдэг тэрэгний асуудлыг бага ч болов шийдвэрлэлээ гэх мэдээллийн дор "Ямар аваад өгчихсөн биш. яриа хэлэлцээрийн асуудлаа хурдхан шийд. Ялалт байгуулсан Монгол чинь шатаж байна” гэх сэтгэгдэл бас л цөөнгүй. Үүнээс харахад хийж буй үйлдэл, хэлж буй үгийг олон нийт анхааралтай гэгч нь ажиглаж, өмнөх Ерөнхийлөгчидөөс өөр ямар ажил хийхийг хараа салгахгүй байна.

 

Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлж байгаагаар гарч буй түймрийг өөрсдийн хяналтадаа бүрэн оруулжээ. Тиймээс Ерөнхийлөгчийн дараагийн алхам болох шадар зөвлөхүүдийн томилгоо анхаарлын төвд орж ирэх нь.

 

Амласан, төлөвлөсөн олон ажлаа хийж, хэрэгжүүлэхийн тулд тэр юуны түрүүнд багаа бүрдүүлэх ёстой. Тэрбээр тангараг өргөсөн өдрөө анхны зарлигаа гаргаж, Тамгын газрын даргаараа УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилсон. Тамгын газрын дарга ирэх дөрвөн жилд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг хангаж, арын албыг нь хариуцах юм. Эхний томилгооноос улбаалан түүнийг сонгуулиар хамгийн их дэмжиж оролцсон хүмүүсээ дараа дараагийн албан тушаалд томилох болов уу гэж харах хүн цөөнгүй байна. Гэхдээ өөр хувилбар ч байж болох.

 

Хуулиар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь "дэд сайдын нэгэн адил цалин, ажлын нөхцлөөр хангагдана" гэж заасан байдаг.  Хэнийг, ямар чиглэл хариуцсан зөвлөхөөр томилох нь Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны цаашдын чиглэл тодорхой болох нь дамжиггүй.  БНХАУ-тай харилцах харилцааг нэн яаралтай тодорхой болгож, ойр дотно харилцах үүднээс Гадаад бодлогын зөвлөхөөр БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатарыг томилох тухай яриа наадмын өдрүүдэд гарсан ч шийдвэр яаж ч эргэх магадлалтайг хэвлэлийнхэн онцолж байна. Түүнээс гадна хэд хэдэн хүнийг зөвлөхөөрөө томилбол ард түмний таашаалд нийцнэ гэх. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар бол АН-ын лидерүүд. Тиймдээ ч түүнтэй хамт Ерөнхийлөгчийн эхний даваад өрсөлдөж байсан. Хашиж байсан албан тушаалдаа хийсэн үр бүтээлтэй, хэлэх үгтэй эдгээр хүмүүсийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилаасай хэмээн Ардчилсан намын гишүүд хүсч байгаа гэнэ.

 

Түүнээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албыг хэн удирдах бол гэдэг нь сонирхол татаж байна. Тус албан тушаалд горилогчдын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж буй сурагтай. Тиймээс Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч гэсэн албан тушаалыг сэргээж, горилогчдоос хэн нэгнийг томилох асуудал яригдаж магадгүй байна. Өмнө нь тус албан тушаалд сэтгүүлч С.Батзаяа болон өдгөө АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж буй С.Эрдэнэболд нар ажиллаж ирсэн ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаагаа дуустал хэвлэлийн төлөөлөгчгүй байсан юм. Тэдгээрээс сэтгүүлч Ж.Цэсэн, О.Батханд нарын талаар нэлээд ул суурьтай ярьж буй бололтой. Ж.Цэсэн нь Х.Баттулгын хэвлэл мэдээллийн багт сүүлийн арав гаруй жил ажиллаж буй бол О.Батханд нь УИХ-ын дарга З.Энхболдын үед Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг удирдаж байсан юм. Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгчийн үед Тамгын газар төсвийн болон төсөл, хөтөлбөр хариуцсан ерөнхий менежер буюу хоёр дэд даргатай ажиллаж байсан билээ. Эдгээр албан тушаалд  чухам хэн "нэр дэвшиж” хэлэлцэгдэж буй нь тодорхойгүй байна.

 

 

 Монгол Улсын Ерөнхийлөгч дараах чиглэлүүдийг хариуцсан зөвлөхүүд томилоно. 
 
 
-Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх 
 
-Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх
 
-Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх 
 
-Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх 
 
-Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх
 
- Гадаад бодлогын зөвлөх
 
-Аюулгүй байдлын зөвлөх 
 
-Батлан хамгаалах бодлогын зөвлөх

 

24tsag.mn

http://www.24tsag.mn/content/152654.shtml