|

Дарханд 10 мянга гаруй оюутан суралцаж байна

Дархан-Уул аймаг дахь АШУҮИС дэргэдээ ард иргэд, оюутнуудад зориулсан "Сайхан сэтгэл” нэртэй эмнэлэгтэй. Тус эмнэлэг оюутны байрныхаа нэгдүгээр давхарт байрладаг ажээ. Их сургуулийн эмнэлгийн хаалгаар ороход урдаас "Инээмсэглэн угтъя-Итгэлтэй үйлчилье” гэсэн ногоон бичигтэй уриаг дотор хаалганы дээр бичсэн, цэвэрхэн, тохилог орчин угтсан юм.

Дархан-Уул дахь АШУҮИС-ийн дэд захирал, захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны дарга П.Нямсүрэн эмнэлгийнхээ талаар "Мэс засал, охид эмэгтэйчүүд, нярай болон хүүхэд, дотор гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эмч, сувилагч, асрагч нийлээд 10 хүн ажиллаж байна. Сургуулийн дэргэд ийм эмнэлэг байгуулсан нь тойргийн иргэд болон аль ч сургуулийн оюутан, залуус өргөнөөр үйлчлүүлэх боломжтой. Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага, сургалтад ч ач тусаа өгч байна. Мөн манай сургууль төвийн бүсийн долоон аймгийн оюутанг сургах ёстой ч өнөөдөр 21 аймгаас оюутан, залуус ирж суралцаж байна. Манай аймагт 10 их, дээд сургуулийн 10 мянга гаруй оюутан суралцдаг. Энэ оюутнууд манай эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг” гэсэн юм. "Сайхан сэтгэл” эмнэлэг иргэдийг 10 мянга, харин оюутнуудыг 2000 төгрөгөөр үздэг ажээ.
Харин оюутны дотуур байранд 350 оюутан амьдардаг байна. Нэг өрөөнд дөрвөн оюутан байх бөгөөд өрөө бүр тохижилт сайтай, хивс, дрож дэвссэн байлаа. "2014 оны тэргүүний тасаг” гэж бичсэн өрөө ч байв. АШУҮИС оюутнуудын дунд амьдрах орчноо сайжруулах, тасаг байраа тохижуулах, санаачлагыг өрнүүлэн дэмжих зорилгоор, болзолт уралдааныг жил бүр зарлан явуулж шалгарсан хамт олныг дараагийн хичээлийн жилд дотуур байранд суух эрхийн бичиг, өргөмжлөл, медаль, мөнгөн шагна­луу­даар шагнадаг ажлыг уламжлал болгон хийж байгаа ажээ.

Мөн түүнч­лэн дотуур байранд оюут­нуудад үйлчлэх үйлчил­гээг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах зорилгоор цайны газар, хүнс соёлын барааны дэлгүүр, саун, нийтийн халуун усны үйлчилгээ үзүүлж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин