|

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Би хүүтэйгээ уулзсан. Түүнийг хоригдож байх хугацаанд нь сэтгэл санааны дарамт үзүүлсэн байна"


Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Би хүүтэйгээ уулзсан. Түүнийг хоригдож байх хугацаанд нь сэтгэл санааны дарамт үзүүлсэн байна"
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хяналтын шатны шүүх хурал Улсын дээд шүүхэд хаалттай үргэлжилж байна.
 
Энэ үеэр шүүгдэгч нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд товч мэдээлэл өглөө. Сэжигтэн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар, "Энэ хэрэгт эргэлзээтэй олон асуудал бий. Тухайлбал, Өмнөх шатны шүүх хурлуудаас С.Зориг агсны гэргий Д.Булганыг гэрч биш гэж үзсэн. Тэгсэн атлаа Д.Булганы ярьснаар сэжигтнүүдийн ам зургийг гаргах нь буруу. Түүнчлэн сэжигтнүүд тухайн үед хөдөө байсныг нотлох олон баримт бий. Миний дүү Т.Чимгээ тухайн үед гурван хүүхдээ хараад хөдөө байсан нь түүний хүүхдүүдийн хичээлийн ирцийн дэвтрээр нотлогддог. Мөн энэ хэргийг захиалагчтай гэж үзсэн. Гэвч захиалагч нь тогтоогдоогүй байхад яагаад энэ хүмүүсийг яллаж байна вэ. Захиалагч эдгээр хүмүүсийг сонгох үндэслэлийг шүүх юу гэж үзэж байгаа вэ гэх мэт олон асуудал бий. Улсын дээд шүүх энэ хэргийг нарийвчлан хянаж, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 
Сэжигтэн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, "Би хүүтэйгээ уулзсан. Түүнийг хоригдож байх хугацаанд нь сэтгэл санааны дарамт үзүүлсэн байна. Түүнчлэн өмнөх шүүх хурлуудын үеэр сэжигтнүүдийг Д.Булгантай нүүрэлдүүлсэн гэсэн. Тухайн үед Д.Булган энэ хүмүүс С.Зориг агсныг хөнөөсөн этгээдүүд биш байна гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ мэдүүлгийг огт хэрэгсэхгүй байна. Одоо бас л хаалттай хуралдаж байна. Хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй. Ингэж байж бүх хэрэг үнэн зөвөөр явагдах болно” гэв.
Эх сурвалж: Монцаме агентлаг