|

Хөгжлийн онол: Төрийн философи Cheap Offers: http://bit.ly/gadgets_cheap

Хөгжлийн онол: Төрийн философи  Cheap Offers: http://bit.ly/gadgets_cheap

 

Философичид хүнийг тодорхойлохдоо үндсэндээ хоёр ангид хуваагддаг.

1 - Хүн бол төрөлхийн хар амиа хичээсэн амьтан. Бусад хүмүүст зориулж хариу нэхэлгүйгээр юм хийж чадахгүй.

2 - Хүн бусад хүмүүсийн төлөө өөрийнхөө амьдралыг зориулж чадна. Хариу нэхэлгүйгээр өөр хүмүүст тус хүргэж чадна. Хүн бол төрөлхийн egalitarian амьтан буюу өглөгч амьтан юм. Аливаа философич хүн энэ хоёр ангийн аль нэгт нь багтана.

 

Манай фундаментал сургууль 2-р үзэл баримтлалыг дагадаг. Энэ суурь итгэл үнэмшлээс бид бусад мэдлэгээ ургуулж гаргадаг. 1-р ангийн философичид өөрсдийн итгэл үнэмшлээсээ болж ТӨР хүмүүсийн бүрдэл болохынхоо хувьд зөвхөн хувиа хичээдэг, ард түмний төлөө гэсэн сэтгэл байх боломжгүй гэж үздэг.

 

Өөрөөр хэлбэл төр натурынхаа хувьд (хүний натур нь сөрөг учир) амиа хоохойлсон институт гэсэн үг. Харин бид тэр үзлийг няцаадаг. Бид төр бол ард түмний төлөө байгуулагдсан институт гэж үздэг.

 

Бид төр дотор байгаа шунахай түшмэлүүдэд анхаарлаа хандуулахын оронд харин түүний суурь философид нь чиглэдэг. ---------------------------------------------------------------------------------------------------------------

Үнэндээ төр маш олон хэлбэртэй байж болно. Хаант, феодал, ардчилсан, аристократ, меритократ, коммунист, социалист гээд бид олон хэлбэрийг туршиж ирсэн юм. Төрийн хэлбэр нь өөрөө үр ашиггүй, бүтээмж багатай байж болно. Ардчилсан төр бол хамгийн төгс төр огтхон ч биш. Коррупци, популизмд маш эмзэгхэн нэгэн. Хэлбэрийн хувьд бусдаасаа арай дээр л юм. Төрийн хэлбэрээс үл хамааран төрийн философи нь нэг л билээ. Олон тооны философичид үүний эсрэг байр суурьтай байдаг. Гэхдээ тэднийг амархан няцааж болно. Жишээ нь Чингис хааны төрийн философи нь Сингапурын Ли Күэн Игээс огт ялгарах юмгүй байв. Чингис төр юуны төлөө оршдог вэ гэсэн асуултын хариуг мэдэж байв.

 

Харин түүний үр хойчид энэ ойлголт нуран унаж, зөвхөн хувийн ашиг сонирхолж давамгайлж байх жишээтэй. Чингис хаан хувийн шунал, амиа хоохойлох үндсэн зандаа хөтлөгдөж төрийг байгуулсангүй. Гэтэл хэлбэр нь буруу байснаас ердөө 3 үеийн дараа нуран унах нь тэр. Лидер хүн цус дамждаг (Чингис хаан - түүний хүү - түүний ач хүү) үгүй юм байна аа гэдгийг хүн төрлөхтөн ойлгох гэж 5,000 жил зарцуулсан юм.

 

Энэ маш урт хугацаа байсан учраас хамгийн оюуны өндөр хөгжилтэй гэгдэх Англичууд өнөөдрийг хүртэл хатан хаантайгаа зууралдаад харанхуй мунхаг мэт байцгааж л байна. (мэдээж хатан хаан төрийг төлөөлөхөө бараг больсон л доо) Лидер хүн хаа нэгтээ, торгон дэрэн дээр гэхээсээ илүүтэй шавар шавхайн дунд төрдөг гэдгийг хүн төрлөхтөн мэдээд ардчилалд тэмүүлсэн.

 

Уг нь Грекчүүд аль 3,000 жилийн өмнө ойлгосон байсан боловч Ромын үед нуран унаж эргээд харанхуй үедээ шилжсэн байдаг. Ингээд бид хүн төрлөхтөний түүхэнд ардчилалыг хоёрдох удаагаа туршиж байгаа. Ардчилал бол хаана ч хамаагүй төрж мэдэх, цус дамжихгүй лидерийг сонгуулиар гаргаж ирэх систем төдий л юм шүү дээ. Гэтэл ардчилал бол популистуудын хувьд сайхан өгөөш юм байна гэдгийг бид бас харж байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------

1990 онд бид аймшигтай гэнэн алдаа гаргасан юм. Бид яасан бэ гэхээр социалист төрийн хийж байсан бүх зүйлийг буруу гэж итгэсэн хэрэг. Философийн наад захын мэдлэггүй хүмүүсийн шинж л дээ. Фундаментал сургууль харин юу гэж томъёолдог вэ гэхээр "хэлбэр буруу байж болно оо", "гэхдээ аливаа төр ард түмнийхээ төлөө л байдаг юм".

 

Өөрөөр хэлбэл социалист төр төр шиг л төр байсан юм. Мэдээж тэнд коррупци, үр ашиггүй байдал, бүтээмж тасралт хавтгай байсан нь үнэн. Харин төр болохынхоо хувьд ФИЛОСОФИО ухамсарлаж, төрийн хийх ёстой зүйлсийг хийж байв аа.

 

СОЦИАЛИСТ ТӨР ЮУГ ЗӨВ ХИЙЖ БАЙВ?

Социалист төр даян дэлхийн ширүүн өрсөлдөөнд монгол үндэстэн тэсч үлдэхийн тулд БОЛОВСРОЛ хэрэгтэй гэдгийг ухамсарлаж ард иргэддээ хамгийн сайн боловсрол олгох гэж чармайж байв. (Шинжлэх ухаанч иргэн гэх лоозон зөв бурууг бид энд ярихгүй, тэмүүлэл л ярина) Харин ардчилалыг сайн ойлгоогүй залуухан хүмүүсээс бүрдсэн төр 1990 оноос хойш "боловсрол бол чадалтай нь авдаг, чадалгүй нь хоцордог" ширэнгийн хууль мэтээр үзэж ирэв.

 

1990 оноос өмнө ардын хүүхдэд боловсрол олгодог багш хүн хамгийн өндөр цалинтай, нийгмийн дээд давхаргад байв. 1990 оноос хойш багш хүн хамгийн бага цалинтай, ядуу хүн болж хувирав.

 

Төр өөрийн наад захын үүргээ ойлгохгүй ингэж хэлмэгдүүлэв. Социалист төр нүүдлийн мал аж ахуй хоцрогдсон, бүтээмж-гарц муутай, экспорт явуулахад эдийн засгийн масс нь хүрэхгүй байгааг аль тэртээ 1940 онд л ойлгоод нэгдэл, хамтрал, агент, хоршоо, ферм гээд үзэж тарж байв. 1970 оноос малынхаа гарцыг нэмэгдүүлэх гээд ноосны мярнос, ноолуурын ангор, сүүний тарлан үнээ гээд энэ олон сая малаа яаж экспортын түүхий эд болгох вэ гэж бүх янзаар үзлээ. Харин 1990 онд яав. Малыг хувьчлав. Ферм, сангийн аж ахуйнууд тоногдов. Нөгөө ангор, мярнос хонь эрлийзжээд алга болов. Монгол орны мал аж ахуй 1921 ондоо эргэж очив.

Харин саяханаас нөгөө муу хэлүүлээд байдаг компаниуд гадаадаас (гадаадаас шүү) сүүний үнээ, махны хонь тэргүүтэн оруулж ирж байна. Монголын уламжлалт, нүүдлийн мал аж ахуй бол нэг айлыг хоол, унд, хувцас хунар, орон байраар хангахад бүрэн зохицсон 10,000 жил шалгарсан аж ахуй юм. Харин энэ нэг л өрхийн хэрэглээг хангах чадалтай аж ахуйгаас экспортод гараад байх юм ховор.

 

Тийм ч учраас түүх судар сөхөж үзэхэд 2,000 жилийн өмнөх Хүннү гүрнээс эхлээд Мандухай сэцэн хатан хүртэл, тэгээд 1921 он хүртэл бид дандаа Хятадаас гадаад худалдааны хувьд хараат. Хятадууд дуртай үедээ хилээ хаадаг төвөгтэй харилцаанд явж ирсэн билээ л. Бидэнд эцсийн бүтээгдэхүүн гэж юм байсангүй. Одоо ч алга. Нөгөө эрлийзжээд алга болсон малаа одоо дахиад өндөр бүтээмжтэй мал болгох 1970 оны их ажил биднийг хүлээж байна. 1990 он гэхэд бидэнд мал аж ахуйн кластер байв. Зайсанд Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, мал эмнэлэгийн хүрээлэн, Агро технологийн парк бүгд байв.

 

Харин 1990 онд эдгээр том институтүүд хоосон байшин болон хувирч, гадаадад олон жилийн турш бэлтгэсэн дэлхийн төвшний эрдэмтэд нь ганзагын наймаачид, хэн ч биш болж хувирахыг би өөрийн нүдээр гэрчилсэн бөлгөө. Төрийн философио ойлгосон хүмүүс ингэж өмнөх төрийнхөө хийсэн амжилтыг үнс мэт үлээдэггүй юм. Төрийн хэлбэр л солигдох ёстой болохоос биш төрийн философи нь хэвээрээ л байх учиртай шүү дээ. Харин зөвхөн социализмийг үзэн ядсан, төрөө зүхсэн залуучууд төрд гарч ирснээр төрийн олон функцийг нураасан юм. Аливаа зорилгод төлөвлөгөө тавилгүйгээр хүрч болдогийг би мэдэхгүй юм. Харвардын эдийн засгийн профессорын толгойд л тийм бодол орох байх даа. Америкчууд сарлуу нисэхийн тулд яаж төлөвлөж байв. Америкийн хөгжлийг авч явдаг бүх корпорациуд яаж төлөвлөж, яаж хэрэгжүүлдэг билээ. Боинг компани америкийн эдийн засгийн дараагийн хөгжлийг тодорхойлох онгоцоо яаж төлөвлөж, яаж хатуу чанд ажиллаж гаргадаг билээ. Гэтэл улс орны эдийн засгийг төлөвлөдөггүй юмаа гэж 1990 онд Монголд ирж зөвлөж, донгодож яаж чадав аа??!!! Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг ор тас буруу гэж яаж дайрч чадав аа.

 

Гэтэл Хятадыг хар. Одоо тэднийг юу гэж нэрлэх вэ? Төрийн философио ойлгосон Хаант төрийн үед хөгжил дэвшил дундаж Ардчилсан төрөөс хэд дахин хурдан хөгжиж чадна.

 

Гэтэл хаант төрийн хэлбэр буруу учир хааны хүү ширээ залгахад өмнө хийсэн зүйлс замхаран алга болох суурь гажигтай. Яг л үүнтэй адилаар меритократ төр коррупцид автахгүй гэх баталгаа хаана ч байхгүй. Тагнуулын байгууллагаа тарааж, үндэстний аюулгүй байдлыг хамгаалдаг шилдэг тагнуулчдаа хэн ч биш, архичин болгон хувиргадаг тийм төр байж таарах уу. Буцааж сэргээх гэж юу боллоо. 1990-ээд онд 3000 гаруй үйлдвэрээ хувьчилж, дотор нь байсан цоо шинэ тоног төхөөрөмжүүдээ Хятадад төмрийн хог гэж ачуулж, үйлдвэрийн мастерууд нь архичин болж байв.

 

Үйлдвэрүүд нь харин хоосон амбаарууд болж билээ. Төрийн философи огт мэдэхгүй, 76 жалга л төлөөлсөн, үндэстэн төлөөлж чадахгүй хүмүүст Монголын ирээдүйг бэлтгэж байгаа багш нар яагаад хамгийн бага цалинтай байж болохгүй вэ гэдгийг ойлгох ухамсар дутмой. Төр гэдэг ийм билээ.

 

Төрийн философийн учир ийм юм аа. Төр гэдэг институт хэлбэр хамаарахгүйгээр яаж ажиллах ёстойг уншигч авгай нэвт ойлгосон буйзаа.

Cheap Offers: http://bit.ly/gadgets_cheap

http://ganzorigulziibayar.blogspot.com/