|

Б.Ганболд: Математикт сайн хүүхдүүд хөрвөх чадвартай мэргэжилтэн болдог

Б.Ганболд: Математикт сайн хүүхдүүд хөрвөх чадвартай мэргэжилтэн болдог

Энэ удаагийн дугаарын зочноор Сүхбаатар аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын Математикийн зөвлөх багш Б.Ганболдыг урилаа. Түүний шавь нар Олон Улсын Математикийн олимпиадаас амжилт дүүрэн иржээ. 

-Өнгөрсөн долдугаар сард болсон олон улсын математикийн олимпиадаас танай шавь нар ганзага дүүрэн ирлээ. Багшийн хувьд баяртай байгаа байх?

-Хонгконг улсад Олон Улсын математикийн хорьдугаар олимпиод болсон юм. Манай улсаас дөрвөн сурагч хоёр багшийн хамт амжилттай оролцоод ирлээ. Хүүхдүүд хувийн болон багийн гэсэн төрлөөр бодлого бодож өрсөлдсөн. Багийн төрөлд манай сурагчид хүрэл медаль хүртэж, багаараа цомын эзэн боллоо.

-Эдгээр хүүхдүүдийг хэрхэн сонгосон бэ?

-Хоёр нь Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуулийнх, хоёр нь Улаанбаатар хотын "Соёмбо” сургуулийн сурагчид. Бид хүүхдүүдээ нэрэмжит болон Бүсийн олимпиадын амжилтаас гадна дөрөвдүгээр сараас эхлэн гурван удаа сорил шалгалт явуулсны эцэст сонгодог. Үүний дараагаар  нэгдсэн бэлтгэл хийсэн.

-Математикийн олимпиадад ямар, ямар орны хүүхдүүд оролцдог вэ. Хэр хүчтэй өрсөлдөгчид байв?

-Матемиатикийн олимпиодод манай улсын сурагчид гурван насны шатлалаар оролцож байна. Нэг нь бага ангийнх. Энэ тэмцээн Хонгкон улсад  болсон юм. Дараагийнх нь бага, дунд ангийн сурагчид оролцдог. Энэ жил Энэтхэг улсад боллоо. Энэ олимпиодад манай улсын сурагчид өндөр амжилт үзүүлээд ирсэн. Гурав дахь нь Дэлхийн математикийн олимпиод. Энэ жил 58 дахь удаагийнх нь болсон. Үүнд улс бүрээс зургаан сурагч оролцдог уламжлалтай. Манай улсын хүүхдүүд амжилттай оролцож нэг сурагч мөнгөн медаль хоёр сурагч хүрэл медаль,  гурван сурагч шагналт байранд орсон. Монгол хүүхдүүд бусад улсын хүүхдүүдээс ур чадвар, техникийн хувьд хоцорсон зүйл байхгүй. Дэлхийн математикийн хөгжилтэй бид хөл нийлүүлэн алхаж чадаж байна.

-Хүүхдүүдийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан. Энэ үеэр юуг онцолж ярьсан бэ?

-Дэлхийн олимпиадад оролцоод ирсэн сурагчдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан. Энэ олимпиадад 110 гаруй орны 600 гаруй сурагч оролцсон юм. Энэ нь багш сурагчдын хувьд том урам болсон байх. Учир нь хүүхдүүд ганцхан энэ жил л амжилт гаргасан юм биш. Жил бүр амжилттай оролцоод ирдэг. Гэхдээ тэдний амжилт сургууль, багш, эцэг эх, хүүхдүүдийн хүрээнд л яригддаг байлаа. Харин энэ жилээс сурагчдын амжилтыг улсын хэмжээнд мэдэгдэж, төрийн тэргүүн хүртэл хүлээж авсанд багш, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд сэтгэл хангалуун байна.

-Энэ олимпиадад танай хүүхэд оролцсон гэсэн?

-Олон Улсын математикийн олимпиодод манай хүү гурван удаа амжилттай оролцож, нэг удаа шагналт байр, нэг хүрэл медаль, нэг мөнгөн медаль хүртэж байсан. Өнгөрсөн он жилүүдэд багш нар бид хүүхдүүдийнхээ амжилтыг гарын бэлэг төдийхнөөр урамшуулдаг байсан. Харин энэ жилээс Ерөнхийлөгч хүртэл ивээлдээ авсан учир шагнал урамшууллын хувьд ч арай өөр болно гэж найдаж байна.

-Олимпиадад оролцох хүүхдүүдийн зардлыг хэрхэн, яаж шийддэг вэ?

-Дэлхийн олимпиадад оролцох зургаан хүүхдийн зардлыг Засгийн газраас жил бүр даадаг. Харин бага, дунд насны ангилалд оролцох сурагчдын зардлыг эцэг эх нь өөрсдөө гаргадаг. Бид аль болох эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүйн тулд бичиг бариад албан байгууллагуудаар явж, ивээн тэтгэгч хайдаг. Манай хоёр сурагчийн зардлыг аймаг орон нутгийн удирдлага шийдэж өгсөн.

-Бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ. Хүүхдүүддээ юуг анхаараарай гэж захиж байна?

-Өдөр бүр л бэлтгэлтэй. Харин хичээл эхлэхээр хичээлийн бусад цагаар ихэвчлэн давтдаг. Зөвхөн тоо бодоод амжилт гаргахгүй. Сэтгэлзүйгээ хүртэл нарийн бэлдэх шаардлагатай болдог.

-Аль сургуулийн сурагчид олон улсын олимпиадад оролцож байна?

-Улаанбаатар хотоос 1 болон 11-р сургууль "Олонлог”,”Эмпати” "Сант”, "Орчлон”, "Шинэ монгол”, "Оюунлаг”, "Соёмбо” сургуулийн сурагчид улсаа төлөөлөн амжилттай сайн оролцож байна. Энэ жил орон нутгаас анх удаа Сүхбаатар аймгийн хоёр сурагч амжилттай оролцлоо.

-Ихэнх нь хувийн сургууль байна. Тэгэхээр улсын сургуулиас илүү хувийн сургуулийн заах арга барил сайн байна гэсэн үг үү? 

- Улсын сургуулийн багш нар тэр олон хүүхэдтэй нэг бүрчлэн ажиллах хэцүү. Хувийн сургууль бол нэг ангидаа цөөн сурагчтай. Үүнтэй холбож ойлгож болно.

-Таны хувьд "Олонлог” сургуульд багшилж байсан гэсэн?

-1994 онд Багшийн их сургуулийг төгсөөд 48 дугаар сургуульд таван жил багшилсан. Дараа нь 11 дүгээр сургуульд таван жил, дараа нь "Олонлог” сургуульд 10  жил багшилсан. Шавь нар маань улс, нийслэл,  дүүргийн математикийн олимпиадаас тэргүүн байрын шагналуудыг авдаг байлаа. Одоо ч энэ уламжлалаа алдаагүй. Миний ажиллаж байсан жилүүдэд хүүхдүүд маань Дэлхийн математикийн олимпиодоос найман медаль авсан.

-Яагаад хувийн хэвшлийн хамгийн том сургуулиас Сүхбаатар аймгийг зорих болсон юм бэ?

-Төрсөн нутгийнхаа сургуулийн хүүхдүүдийн түвшинг ямархуу байна гэж үргэлж ажигладаг байсан. Бид сурагчдын амралтаар очиж, сургалт, давтлага өгдөг байлаа. Гэсэн ч нэг л сэтгэлд хүрээгүй. Тиймээс өөрөө очиж багшлахаар шийдээд нутагтаа очсон. Мөн тухайн үед аймаг, сумдын удирдлагууд ирж ажиллаач гэсэн санал тавьсан юм. Ингээд төрсөн нутагтаа гурван жил ажиллаж байна..

-Үр дүн хэр байна?

-Хүүхдүүд маань элсэлтийн ерөнхий шалгалтандаа тогтмол амжилт үзүүлдэг болсон. Олон Улсын математикийн олимпиодод амжилт гаргадаг боллоо. Орон нутагт авьяаслаг багш, сурагчид олон бий. Түүнийг багш хүн зөв залж, удирдах хэрэгтэй. Би орон нутагт ажиллаад ирэх нь чухал биш. Эргээд ирэхдээ тэдэндээ юу үлдээх вэ гэдэг чухал. Өөрийн арга барил, бодож байсан бодлогуудаа нэгтгээд гарын авлага бэлдэж өгч байгаа.

-Таны хувьд яагаад математикт дурлах болсон бэ?

-Хүүхэд байхаасаа тооны хичээлдээ сонирхолтой байсан. Дунд сургуулиа төгсөх жилээ багш болохоор шийдээд Багшийн их сургуульд орсон. Би 10 жилийн боловсролоо Сүхбаатар аймагт эзэмшсэн. Тухайн үеийн бүх мундаг багш нараар хичээл заалгасан өөрийгөө азтай гэж боддог.

-Зарим хүүхдүүд тооны хичээлдээ их дургүй байдаг. Хүүхдийг яаж математикт дуртай болгох вэ?

-Багаас нь суурийг нь сайн тавьж өгөх хэрэгтэй. Бага ангийн багш нарын тавьсан суурийг дунд ангийн багш нар зөв залах шаардлагатай. Тэгж чадаагүйгээс хүүхдүүд хичээлээ ойлгодоггүй. Мөн ойлгоогүй хичээлээ байнга багшаасаа асууж, нөхөж ойлгох хэрэгтэй. Математикийг нэг л алдчихвал барьж авахад хэцүү.

-Математикийн ухаан амьдралд ямар хэрэгтэй юм бэ?

-Манай шавь нар салбар салбартаа тэргүүлэх ажил хийж байна. Америкт, Японд сургууль төгсөөд тэндээ ажиллаж байна. Монголдоо төрийн болоод хувийн байгууллагад, удирдах албанд амжилттай ажиллаж байгаа эрдэмтэн,  докторууд ч байгаа.  Ер нь математикийн хичээлд сайн байсан хүүхдүүд ажил амьдралын талбарт гараад хөрвөх чадвар их сайтай боловсон хүчин болдог. Олимпиадад амжилттай оролцсон сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нартаа, эцэг эхчүүддээ, сургуулийн хамт олонд нь ажил, сурлагын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин