|

Өвөлжилт хүндэрвэл хамтын хүчээр даван туулна

Аймаг, орон нутгийн удирдлагууд, хил залгаа аймаг, сумууд бие биедээ тусалж, хамтарч ажиллаарай. Цаг хүндэрвэл, энэ цагийг бид хамтын хүчээр давна. Засгийн газар аймаг, орон нутаг малчдаа дэмжиж ажиллана гэдгийг Ерөнхий сайд зөвлөгөөний үеэр хэд хэдэн удаа дурдлаа.

 

Өр төлбөртэй аймгийн, ялангуяа өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөрөнгийн асуудлыг Сангийн яам даруйхан шийдэж өгөхийг үүрэг болгоод амралтын энэ өдөр Сангийн яам болон бусад шаардлагатай яам, агентлагууд ажиллаж, Засаг дарга нартай уулзан, орон нутгийн ажлаа зохицуулах, асуудлыг нь шийдэж өгөхөд анхаарч ажиллахыг хүслээ. Өр нэхэхээс айж зугтаад байхааргүй ажиллах боломжийг Засаг дарга нарт олгох учиртай. Харин нэмж дахин өр төлбөрийн асуудал гаргахгүй ажиллах учиртайг Ерөнхий сайд зөвлөөд энэ тохиолдолд хариуцлага ярина гэдгийг онцоллоо.

 

Засгийн газрын гишүүдэд аймгуудыг хуваарилж хариуцуулсан. Засгийн газрын гишүүд, сайд нар хариуцсан аймгийнхаа цаг үеийн байдлыг сайтар судалж, шаардагдах арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэгтэй. Цаг хүндэрсэн, байгалийн болзошгүй гамшиг тохиолдсон үед ч тухайн аймгийнхаа удирдлагатай хамтран ажиллана. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангах болон бусад асуудлаар хариуцсан сайдтайгаа ярилцаж, Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулан шийдүүлэх боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засаг дарга нарт хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.