|

ҮР ХӨНДҮҮЛЭХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ БОЛЪЁ

ҮР ХӨНДҮҮЛЭХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ БОЛЪЁ

 

Хүмүүн заяа олж төрөхийг атга арвайг асгахад зүүний үзүүр дээр тогтсон ганц арвайтай зүйрлэдэг. Энэ зүйрлэлээс хүн болж төрнө гэдэг ямар хэцүү болохыг ойлгож мэднэ. Гэтэл бид арай гэж хүн болон мэндлэхээр ирж байгаа бяцхан үрсээ "Чи энэ хорвоо ертөнцөд төрөх болоогүй” гээд буцаадаг болсон нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, жилээс жилд үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүдийн тоо ихэсч байгаа юм. Хувийн эмнэлгүүдийн хувьд ч орлогын гол эх үүсвэр нь үр хөндөлт байдаг учраас охид, бүсгүйчүүд маань үр хөндөлтийг дуртай газраа хийлгэдэг болж, тэр хэрээр энэ асуудал замбараагүй болжээ. Хамгийн эмгэнэлтэй нь ард түмнийнхээ төлөө тангараг өргөсөн эмч нар мөнгө цагаан, нүд улаан гэдэг шиг эхийнхээ хэвлийд бойжиж буй бяцхан үрийг бизнесийн сэтгэлгээгээр хөнөөсөөр байна.
 
Монгол Улс 1992 оноос үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор үр хөндөлт арилжаа наймаа шиг газар авчээ. Өдгөө нийслэлийн булан тохой бүрт "үүрээ зассан” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд үр хөндөлт хийсээр байгаа нь нууц биш. Энэ ажлаа амьдрах арга болгосон эмч нар "Үр хөндүүлэх эсэх нь хувь хүний эрхийн асуудал. Орчин үед ийм мэс ажилбар хийх багаж хэрэгсэл нь боловсронгуй болсон, хүний эрүүл мэндэд аюулгүй” гэх мэтээр хувийн бизнесээ хаацайлж суусаар байгаа.     
 
Хэрвээ манай улс үр хөндөлтийн асуудлыг хуулиар хориглож хариуцлагын асуудал ярьдаг бол өдөрт олон мянган эмэгтэйчүүд хувийн эмнэлгийн үүдийг сахихгүй байсан нь тодорхой. Уг нь хуулиар хориглодог. Харин манай улсад тодорхой нөхцөл байдлыг харгалзан үзэж, эхийн хүсэлтээр хийдэг гаж тогтолцоо бий болжээ.
 
Ямартай ч энэхүү замбараагүй үр хөндөлтийг цэгцлэх үүднээс МХЕГ-аас ирэх сарын 25-ныг хүртэл "Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” аян эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус аяны гол зорилго нь үр хөндөлтийг бууруулах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хүүхдүүдийн сурах орчны аюулгүй байдлыг хангах аж.

...үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн таван хувь нь 20-иос доош, 70.7 хувь нь 20-34, 24.3 хувь нь 35-аас дээш настай аж...

 
2025 оноос хүн ам дахь нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, үүний улмаас 60-аас дээш настай хүн олширч, 2040 он гэхэд энэ насныхан одоогийнхоос гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Тиймээс хүн амын өсөлтийг сайжруулж, төрөлтийг дэмжин, үр хөндөлтийг бууруулах шаардлага бий учраас үүнтэй холбогдуулан аяны хүрээнд хууль бусаар үр хөндөж буй эмнэлгүүдэд хариуцлага хүлээлгэхээр болсон байна.
 
Too баримтаар дурдахад үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн таван хувь нь 20-иос доош, 70.7 хувь нь 20-34, 24.3 хувь нь 35-аас дээш настай аж. Өнгөрсөн онд үр хөндөлтийн хүндрэл 41 бүртгэгдэж, үүний 29.3 хувь нь умайн агшилт суларч цус алдсан, 56.1 хувь нь умайн дайврын үрэвсэл, 4.9 хувь нь умай цоорсон гэсэн албан ёсны тоо гарчээ. Үнэхээр аймшигтай байгаа биз.
 
Үр хөндүүлэх нь өөрөө өндөр эрсдэлийг дагуулдаг төдийгүй эмчийн буруугаас умай цоорох явдал гардаг гэдгийг дээрх тоо баталж байна. Энэ их эрсдэлийг давж, сэтгэл санааны болоод  биеийн маш их зовиурыг тэвчин байж юунд бяцхан үрээ хөнөөнө вэ гэж бид олон ч удаа хөндөн бичиж байсан.
 
Үүнээс гадна 13-16 насны ээж болох бэлтгэлээ ч хангаагүй бяцхан охид замбараагүй бэлгийн хавьталд орсноос  болж эм ууж ургийг гадагшлуулах аргаар үр хөндүүлж, цус алдан амиа алдах, эм уусны дараа эхэс нь бүрэн гаралгүй үлдэх тохиолдол олон гардаг. Мэдээж эдгээр охидын хувьд цаг нь болоогүй, эцэг нь хүлээн зөвшөөрөөгүй гээд өмөөрөх олон шалтгаан бий ч тэд өөрсдийнхөө ирээдүйг ийн баллуурдаж байгаагаа мэдэхгүй байгаа нь харамсалтай. Угтаа бол тэд өөрсдөө аав ээжийнхээ гараас гараагүй хэрнээ хэвлийд нь бяцхан үр бүрэлдэж, түүнийгээ хөнөөчихдөг гэхээр үнэхээр харамсалтай.
 
Хэдийгээр энэ бүхэн хувь хүний асуудал ч гэлээ хувийн эмнэлгүүдийн орлогын гол эх үүсвэр нь үр хөндөлт биш байсан бол тэд мөнгөний төлөө хүний амийг егүүтгэж үр хөндүүлэх тоог ихэсгэхгүй байсан биз. Түүнчлэн гадуур ямар ч хяналтгүй худалдаалагддаг эрүүл мэндийн шаардлага хангаагүй үр зулбуулах эмийг хориглож чадахгүй байгаатай ч холбоотой. Үүнээс харахад үр хөндөлтийн талаар манай хууль хяналт дэндүү сул байгаа нь харагдаж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагаас нь үр хөндүүлэх асуудал дээр дорвитой арга хэмжээ авахаар дээрх аяныг зохион байгуулах болсон нь нүдээ олсон ажил болжээ гэж сайшаамаар байна.
 
Эцэст  нь хэлэхэд үр хөндөж буй эмнэлгүүдэд хариуцлага тооцоод зогсохгүй үүнийг хуулиар шийддэг байсан бол Монгол Улсын хүн ам гэрлийн хурдаар өсч өдийд гурав биш зургаан сая иргэнтэй болчих байсан. Аливаа улсын хөгжлийн цор ганцхан түлхүүр нь хүн ам юм билээ.


Өглөөний сонин
Р.Саруул