|

ӨР ЗҮРХНИЙХЭЭ ГҮНД ГОО САЙХАНТАЙГАА НӨХЦӨГЧ НЭГЭН ЯРУУ НАЙРАГЧИЙН ЦЭЭЖНИЙ ГҮНЭЭС НИСЭН БУУХ ШУВУУДЫГ АНИРДАХУЙ

ӨР ЗҮРХНИЙХЭЭ ГҮНД ГОО САЙХАНТАЙГАА НӨХЦӨГЧ НЭГЭН ЯРУУ НАЙРАГЧИЙН ЦЭЭЖНИЙ ГҮНЭЭС НИСЭН БУУХ ШУВУУДЫГ АНИРДАХУЙ

 

(
"ОН ЦАГИЙН ХҮРД” номын "Цаг хугацааг чинадаас угтахуй”

бүлгийн зарим шүлгийн тухайд)

...Буцаж буй тогоруудын цувааг ирж яваагаар төсөөлмүй

Буурал сор насны хярууг бодлын шувууд гэж тайвширмуй

Өвсөнд молцоглосон цанг өвлийн цэцэг гэж хайрламуй

Өөрийн үзэл дор юм бүхнийг өөдрөг бодмуй, би

Сар жилийн салхинд саничиган тус цагаан цэцэг хийсч

Санааны хээр талд өвс бууралтах үес

Өөрийн минь гадаад чанар дотоод ертөнц рүүгээ нисэх цагт

Өр зүрхнийхээ гүнд гоо сайхантайгаа нөхцмүй, би.

"Шингэн цагаан манан Богд ууланд хөшиглөж” шүлгийн хэсэг

Хөлгөн хөх зэрэглээ наадсан холын барааг ширтэж, шинээр очиж нутаглах газарт нь ямар нэгэн ер бусын сонин содон учрал хүлээж буй гэдэгт итгэх хүүхэд насны гэрэлт мөрөөдлөөр жигүүрлэн өнө холын их аянд мордсон тал нутгийн найрагч Гомбажавын МЭНД-ООЁО-гийн "Он цагийн хүрд” хэмээх яруу найргийн охь дээжис бүхий номыг гартаа барин сууна, Би...

Найрагч маань ‘Шүлэг бүтэх үеийн яруу найрагчийн сэтгэлийн долгисол, догдлол, уярал хайлалыг уншигч мэдэрч оюун санаагаараа шүлэгт уусан нэгдэх тэр огтлолцолд жинхэнэ яруу найраг амилдаг болов уу. Өөрөөр хэлбэл яруу найраг бичигдсэнийхээ дараа тогтонги оршиж байдаг, харин уншигч түүнийг нээж олох үед жинхэнэ хөдөлгөөнд орж, хэл нь амилж хөгжим нь эгшиглэн дуурсаж, утга санаагаа гэрэлтүүлэн цацрааж байдаг аж’ хэмээжээ...

Олон жилийн тэртээ анх уншихад төдийлөн сайн мэдэрч амжаагүй Г.Мэнд-Ооёо найрагчийн шүлгүүд өнөөдөр эртний герегийн суут хүү Платоны "Үлэмжийн сайхныг гэв гэнэт олж харах ухаарал нь уран бүтээлч хүнд Богд тэнгэр нарын хишиг болж, нүд гялбам гэрэл гэгээ цацруулсаар бууж ирдэг” хэмээсэнчлэн хөдөлгөөнд орж, яруу найргийн хэл нь гэрэлтэж, хөгжим нь эгшиглэж, үлэмжийн сайхан мэдрэмж болон амилах нь тэр ээ! Г.Мэнд-Ооёо найрагч чухам энэ тухайд "Анх уншихад төдийлөн сэтгэлд тусаагүй шүлэг, дараа нь ер бусын ертөнцийг тольдсон байх нь ч буй” хэмээжээ. Би боддог юм... жинхэнэ шүлэг, жинхэнэ зохиол, жинхэнэ уран бүтээлийг сэтгэл, мэдрэмж, оюундаа нээж олох хүртэл өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэж... Миний хувьд энэ цаг лавтайяа ирсэн байна.

Г.Мэнд-Ооёо найрагч амьдралынхаа дөрвөн арван жилийн турш бүтээж туурвисан шүлэг найргийнхаа охь дээжсийг "Өөрийн эгшиг”/1975-1884/, "Чулууны аялгуу” /1985-1994/,"Шинэ нутаг”/1995-2004/, "Цаг хугацааг чинадаас угтахуй” /2005-2015/ хэмээх дөрвөн бүлэгт баринтаглаж "Он цагийн хүрд” гэж нэрлэсэн нь ч бас учиртай.

"Он цагийн хүрд” номын хуудсыг эргүүлж, найрагчийн дөрвөн арван жилийн турвилзүйг өөртөө нээх, шүлэг найраг болоод оюун санаанд гарсан хувьсал өөрчлөлтийг нь бүхэлд нь нэгтгэн дүгнэхэд ихээхэн цаг хугацаа, нарийн судалгаа шаардагдана. Тиймээс би энэ нөр их ажлыг "хожмын учралт сайн өдөр” хэмээн түр хойш тавьж, энэ удаад сэрэл мэдрэмж, сэтгэл оюунд минь эн тэргүүнд бууж ирсэн найрагчийн "ажин түжингүй он цагийн шувууд нисэн одтол амин зүрхнийхээ галаар нэрсэн” зарим нэгэн шүлгийн талаар өгүүлсүй хэмээн зорилоо.

 

·

Өөр нэгэн модны тухай дахиад л дуулчихлаа би, энэ үдэш

Өөрийнхөө хашааны муу бөгтөр улиасыг

Өдий болтол дуулж амжаагүй л явна!...

 

Тэнгэрт сүүдэрлэх уд модны мөчир магнайг нь шүргэх агшинд харь газрын солонголог үзэсгэлэн тэрхэн зуур найрагчийн сэтгэлийг эзэмдэх ч өнөө муу бөгтөр улиасаа санагалзах! Дотоод дүрслэл, хэл найруулгын онцлог нь тал нутгийн зөөлөн айг санагдуулдаг Г.Мэнд-Ооёо найрагчийн "Өөр нэгэн модны тухай дахиад л дуулчихлаа” шүлгийн мөрийг анирдахад ийм... Найрагч бээр хаана ч явсан, дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байсан ч хээр талаа санагалзах. Эх нутгийнхаа юм бүхнийг санагдуулам тэр л зүйлийг үзэсгэлэнтэй атлаа хүниймсэг харь орчноос олж харах. Түүний шүлгийн амь, амьсгал үүнд оршино!

Жирхрээн дуу намрыг дохиолж хаа нэгтээ жир жир дуулна

Чих дөжрөм ойрын чимээ холдох тусмаа л уянгатай

Эрхийн чинээхэн энэ амьтан дуулсаар байгаад л дуусна

Эрдэнийн хонгор аялгууг нь шүлгийн мөрөнд л дурсана...

"Өөр нэгэн модны тухай дахиад л дуулчихлаа” шүлгийн хэсэг

Харь газрын нэгэн цэцэрлэгт хэрэн бэдэх найрагч... цэцэрлэгийн дэгжин байдалд нэгэнтээ автаж, тэгснээ гуниглаж, дотно бүхнээ санагалзах агшинд хаа нэгтээгээс танил дуу сонсдох... ойрхноос гарах тэр дуу эхэндээ чих дөжрөөм яршигтай ч холдох тусмаа нэг л уянгатай эх нутгийнх нь эд эс бүхнийг санагдуулна. Найрагчийн төсөөлөлд нөгөө л хус, нарс сүүдэрлэсэн эх нутгийнх нь тэнгэр доор жир жир хийх эрхийн чинээхэн жирхрээ дуугарах биш дуулна... ийм гайхалтай уянга шүлгийг амь оруулна.

Магадгүй найрагчийн гуниглах бас нэгэн шалтгаан нөгөө л оорцог бор толгодоо санагалзахын зэрэгцээ бяцхан жирхрээний дуу ургаж хагдрах ертөнцийн жамыг дохиолж насны намар хаяанд ирснийг чимээлж буйд ч байж мэднэ... Эрхийн чинээхэн тэр амьтан дуулсаар байгаад л дуусахад найрагч маань эрдэнийн хонгор аялгууг нь шүлгийн мөрөндөө мөнхөлнө... Ирж буцахын энэ цэнхэр орчлонд уянга үлдэнэ, дуу үлдэнэ, ШҮЛЭГ ҮЛДЭНЭ.

·

Он жилүүдийн хэц дээгүүр шувууд ирж буцсаар найрагчийн цээжин гүнд жигүүрээ дэлгэх тэр гайхамшгийг олж харах агшинд сэтгэлд гуниг төрнө. Бас зөөлөн ай нургилна. Гуниг үгүй бол шүлэг биш гэж хэн нь ч билээ, хэлсэн нь бий. Үнэхээр тийм. Г.Мэнд-Ооёо найрагчийн гуниг шанхаар наадах хээр талын салхин мэт тийм зөөлхөн, нуугисан шаргал гуниг...

 

Цээжнийхээ чинад дахь ертөнцийг өөрөө би цоожилчихож

Цэнхэрлэх он жилүүдийн хөшиг халхалчихаж

Халхалсан тэр цэнхэр хөшигний наахнатай

Хаврын дунд сарын гүйлс цэцэглэчихэж...

Сэр сэр салхи. Сэрчигнэн шарчигнах навчис

Сэтгэлээ би унаа хөлөг шигээ чөдөрлөчихөж

Бур бур бороо. Бужигнан үймэлдэх үүлс

Буцах шувууд он жилүүдийн хэц дээгүүр зэллэчихэж.

Тэртээ жилийн намар. Арван зургааны сар

Тэрнээс хойших залуу насаа мартчихаж.

"Он жилүүдийн хэц дээгүүр” шүлгийн хэсэг

 

Хаврын дунд сарын гүйлс цэцэглэх цагаар хайртай хүнээ бодох, гүйлсийн цагаан цэцгэн дунд тодрох түүнийгээ гүйгээд ирэх вий гэхээс эмээх... тэгснээ буцаад явчих вий гэхээс бүүр ч их айх... Буцах шувууд он жилүүдийн хэц дээр зэллэчихээд залуу насыг нь цагаас өмнө эргэлт буцалтгүй тээн одох... Тэртээх намрын арван зургааны сартай үдэш сэр сэр салхитай, бур бур бороотой, сэрчигнэн шарчигнах навчистай хамт найрагчийн зүрхэнд тэр чигээрээ үлдчихсэн ГУНИГЛУУН ЗАЛУУ НАС!

"Улаанбаатарын бор шувууд” шүлэгт хээр талын нүүдэлчид хот суурин газрыг зорьж, хотол даяараа л орон хот руу нүүж суухад бор шувууд хүртэл хойноос нь хөөрцөглөн дагаж одод тийш цоройх өндөр цамхаг дээр үүр гэрээ барина... Гэвч хөөрхий бор шувууд намрын цагаан үүлс шүргэн шүргэн нисдэг байснаа, намуун талынхаа тэнгэрийн цэнхэрлэгт дуулан дуулан жаргадаг байснаа санагалзаж хот суурин газар нэг л идээшихгүй, тэгсэн атлаа дасал болсон бүхнээ орхиод буцчихаж чадалгүй хот хөдөөд тэлэгдэн амьдрах нь тэртээх тэнгэрийн цэнхэрлэгт хээр тал нутгаа орхиод гарсан гунихрал найрагчийн сэтгэлийн мухарт гүн шигдчихээд арилж өгөхгүй байгаатай амьсгал нэг мэт төсөөлөгдөнө...

 

Өнөөх бор шувууд тагтан дээр талхны үйрмэг тоншино

Өрөө рүү минь өнгийж тасалгаан доторхийг ажиглана

Хамгийн гол нь тэд нэг л юмыг илүү онцолно,

Хананд өлгөөтэй хээр талын минь зургийг шимтэнэ

 

"Улаанбаатарын бор шувууд” шүлгийн хэсэг

 

Сэнжтэй шаазан аягатай халуун кофе оочлонгоо тагтан дээр талхны үйрмэг тоншлон босон суух бор шувуудыг ажиглаж, сэмхнээ шүүрс алдан бодлогошрох найрагч мөн л хананд өлгөөтэй хээр тал нутгаа хачин их санагалзана...

 

Тэгээд сэтгэлийнхээ гүнд:

 

Есөн намрын улаан навчсын гунигийг ойлголоо

Усан бороо уйлагнах тэнгэрийн шаналанг танилаа

Шилэн жүнз жингэнэлдэх орон хотод нэг л идээшихгүй нь ээ

Шинийн сарнаар нутгаадаа мордоё доо!...хэмээн шивнэнэ.

 

"Есөн намрын улаан навчсын гунигийг ойлголоо” шүлгийн хэсэг

Ийн шивнэхэд найрагчийн бодлын аглагт хаврын цахирмаа гэрэлтэнэ!

Эхний шүлэг битүүхэн гунигт аястай боловч "Есөн намрын улаан навчсын гунигийг ойлголоо” шүлгийн сүүлийн мөр санагалзан дурсах хээр талтайгаа, бор толгодтойгоо, богширго шувуудтайгаа эргэн уулзахын баярт учралыг зөгнөж буй нь энэ хоёр шүлэг нэгэн цул болон нэгдэн орших мэт сэтгэгдэнэ!

"Хөх өвсний дууль” шүлэгт найрагчийн тэнгэрт одсон хөлгөн андаа үгүйлэн санахын шаналан гүнзгий тусчээ. Гунигт хэмнэл бүхий энэ шүлэг ямар ч албадлагагүй, зүгээр л найрагчийн дотроос урсан гарч буй мэт мэдрэмж төрүүлнэ. Энд анд нөхрөө хайрлах цэвэр хайр, түүнийгээ алдсандаа гүнээ гашуудан уйтгарлаж буй сэтгэл оршин байна. Шүлгийн гол үйл явдал зүүд нойрон дунд өрнөх атлаа бодот амьдрал дээр болоод байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь илүү дутуучимэггүй, уран яруу болгох гэж гоёчлоогүй... энэ газар дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн хайр, амь насны эрхэм чухлыг ойлгож, анд нөхрөө санагалзан гашуудсан сэтгэл зүрхний хашгираан болж чадсанд оршино...

 

Дуу нь сонсогдоод байх юм, чи минь хаа байна?

Дугараа найран дээр хундага чинь жингэнээд байх юм?

Яаран би хувцсаа өмслөө, цүнхээ авлаа

Яахав дуртай юм, борз нэгийг цүнхэллээ

Шинэ гарсан номоосоо шилж хэдийг хийлээ

Шидийг олсон юм шиг л нисчихлээ...

 

Өгүүлэгч онгоцонд амжиж суугаад үүл хөлөглөх мэт хурдалж хормын зуур л Эрээнцавд дөрөө мултлан шүлэгч андынхаа төрөлх гэрт хүрч очиход:

 

Хэцэн дээр юм тохсон дан байшингийн үүд онгорхой

Хээрийн өвс цоолоод ургачихсан дэвтэр нь дэлгээтэй... харагдана.

 

Энд гэр нь эзгүй, эзэн бие нь үгүй гэдэг үг хэллэг байхгүй ч энэ хоёр мөрөнд далд утга санаа, гүн гүнзгий уянга, имиж бэлгэдэл шингэжээ. Хэцэн дээрээ юм тохсон хаалга нь дэлгээтэй дан байшин... эзэнтэй айл гэдгийг илтгэнэ, гэтэл хээрийн өвс цоолоод ургачихсан дэвтэр дэлгээтэй байх нь эзэн бие нь аль хэдийнэ орхин одсоор олон он жилийг үдсэнийг гэрчилнэ. Гэвч буй гэдэг итгэл өвөрлөсөн өгүүлэгч цааш сумын төв рүү хурдалж сургуулийн үүдэнд очиход хайсан хүн нь дүрээрээ харагдаж хязгааргүй баярлавч удалгүй эндүүрч гэдгээ мэдэн энэлэн шаналанд автана...

 

Эвдэрхий муу тэрэгний арал түшээд гуниглачихаж

Эвий дээ, зайлуул шүлгэн сүмдээ заларчихаж

Дэргэд нь Эрээнцавын хүүхдүүд шуугилдана. Юу вэ энэ чинь!

Дэлхий рүүгээ тэр минь ширтээд чулуужчихаж.

Таних янз алга аа, тэр минь!Тасартлаа гомдлоо.

Тайтгардаггүй ээ зүрх минь, Үүлэн уул ч бас хураар асгарлаа.

"Хөх өвсний дууль” шүлгийн хэсэг

Шаналан энэлэнд гүн автсан найрагч хөл нүцгэлэн хүйтэн бороонд шалба цохиулан гүйсээр хөдөө талдаа очиж хөх өвсөнд элгээ наан цор ганцаар цурхиран уйлахад "эгмэн доор нь газрын зүрх лүг лүг цохилно”. Эгэл байгалийн хүү мэт эх дэлхийдээ ирээд эх байгальдаа буцаж шингэсэн шүлэгч хүүгээ алдсандаа эх болсон газар шороо нь ч бас энэлэн шанална... Газрын зүрх найрагчийн зүрхний цохилттой нийлэн лүг лүг цохилно!

Он жилүүдийн хэц дээр зэллэх шувууд найрагчийн зүрхэнд ямархан гуниг үлдээж орхисныг анирдахад... Эхний шүлгэнд цээжний чинад дахь нандин дурсамжийг нь цэнхэрлэх он жилүүдийн хөшиг халхалсан ч нэвт гэрэлтсээр буй гэгээн тунгалаг гуниг... хоёр дахь шүлгэнд аяга халуун кофе амтлангаа, тагтан дээр талхны үйрмэг тоншлон бууж суух хэдэн бор болжмортой хамт хээр тал нутгаа санагалзах гашуун гуниг... харин сүүлчийн шүлгэнд оюун санааныхаа их хөлгөн андаа алдсаны хэзээ ч тайтгаршгүй зүрх шимшрэм хүнд гуниг мэдрэгдэнэ. Ийнхүү найрагч өөрийн дотоод ертөнц рүүгээ чөлөөт нислэг хийж, хүмүүний зүрх сэтгэл дэх гуниг, шаналанг зөн совингоороо тэмтрэн эрчимлэг үгсийг амилуулан шүлэг болгон буулгах нь бахтай... Энэ эрчимлэг үгс зөөлөн, бүлээн, шаргал гуниг болон нуугина!

·

Өнгөрсөн жилийн намар эрт ээ Г.Мэнд-Ооёо найрагчийн "Оюун санааны хээр тал” эссэ-нийтлэлийг уншиж суухад "Шувууд нисэн ниссээр сүүдэртэйгээ нийлнэ. Дуу мэндлэх талаа сүүдэргүй байлгах ч гэсэн юм бил үү? Шувуудын зүрхийг хэн чагналаа?” гэсэн мөрүүд сэтгэлд гэгээ татуулан үлдсэн сэн. Энэ шувууд энэ зуны адаг сард энд ирж надтай айлсах юм гэж хэн саналаа. Би хувьдаа Г.Мэнд-Ооёо найрагчийг шувуудын зүрхийг чагнаж, шувуудтай хамт шинэ навчсын аялгууг зохиож чаддаг шүлэгч гэж боддог. Түүний шүлэг шувуудаас хайр, амьдрахуйн утга учир, урлан бүтээхүйн шаналан баяслыг нээж бас итгэл тэмүүллийг хамтад нь өгч байдаг. Найрагчийн сэтгэлийн хэц дээр ямархан шувууд зэллэж, ямархан зүйлийг чимээлэн орхиж буйг түүний шүлгийн гэрэлт мөрүүд он цагийн хүрдийг урагшлуулж нэг, ухрааж нэг анирлана...

 

Алтан гинж шиг хэлхэлдсээр галуун цуваа өнгөрлөө

Алдуурсан сэтгэл араас нь шувуудыг үдэж нислээ

Замын өлөн тоосонд малгай хотол бууралтжээ

За тэр ч яамай, толгой бууралтдаг хорвоо!

 

Гол усны толио усан болор шиг өнгөтэй

Гон бие зогсоход юу шиг ч байгаад гунигтай

Эргийн нүцгэн улиас эмзэг мойног мөчрөө

Эргүүлгэн дор унжуулаад навчныхаа араас зүтгэнэ.

Хэлэн улаан навч нь зуларч одсон ормон дээр

Хэдэн болжмор суугаад намрын буданг дуулна

Бөртөн бараан үүлс адуу шиг урагшаа цувлаа

Бөгтөр хөх уулс араас нь дагаад суналаа

Навч, түрүү болгон тэр зүг нисэлдлээ

Насныхаа хөсгөнд би ч бас морилюу.

"Насныхаа хөсгөнд морилохуй” шүлгийн хэсэг

 

Шүлгийн эхний дөрвөн мөртөд алдуурсан сэтгэлийг нь дагуулаад нисэн одох галуун цуваа, залуу халуун насыг нь зөөн одох намар цаг найрагчийн сэтгэлд хөнгөн гуниг төрүүлэвч "Замын өлөн тоосонд малгай хотол бууралтжээ. За тэр ч яамай, толгой бууралтдаг хорвоо” хэмээн байгалийн жам ёсыг ухаарч тайтгарч байна... Дараагийн дөрвөн мөртөд усан болрын өнгөөр туяарах голын толионы хурц тод зураглалыг гүн цүнхээлд татагдан хэдэн мойног мөчрөө дааж ядан тонгойх эргийн нүцгэн улиас сүүдэрлэхэд найрагчийн сэтгэлд ганцаардлын уй төрж, эргүүлэгт татагдах навч лугаа гашуун гунигт автана... Дараагийн дөрвөн мөр солигдоход нөгөөх улиасны хэлэн улаан навчных нь зуларч одсон ормон дээр хэдэн бор болжмор суугаад дуулж эхлэхэд бөртөн бараан үүлс адуу шиг урагш цувж, бөхтөр хөх уулс түүний араас сунаж өндийнө... Сүүлчийн хоёр мөртөд тулж ирэхэд өнөөх бөгтөр улиасны нуруу тэнийн навч, түрүү болгон нь өөдөө тэмүүлж өндөрт нисэлдэнэ... Насны хөсөг хаяалан ирэхийн цагт найрагч адуу мэт урагш тэмүүлэх бөртөн бараан үүлс шиг, араас нь дагаж сунайх бөгтөр хөх уулс шиг тийм л оюун санааны хүчирхэг эрчмийг олж "Насныхаа хөсгөнд би ч бас морилюу” хэмээн тайвширч байна... Шүлгэнд амь оруулж буй зүйл нь унаж мөхөж, уруудаж буй зүйлийг өөд нь өндийн бостол татаж буй шүлгийн хэмнэл юм... Алтан утас шиг хэлхэлдсэн галуун цуваа нисэн одоход асгар улаан навчсын зулгарсан ормон дээр суугаад намрын буданг дуулах тэр хэдэн болжмор шүлгийг өнө мөнхөд гэрэлтүүлнэ!

Найрагч ганц цахилдаг зуун бядан ирж үүрээ засах бялзуухай шиг бийрийн хялгас хөдөлгөж шүлгийн төгөлд үг хөвөрдөнө... Үүр засах мэт цуглуулсан үгсээ бадаглаж, үдшийн дууч шувуудыг шүлгэн дотроо гэрэлтүүлнэ ("Үүр засах гэгээн дотор”)... Тийм болоод л шувуудын зүрхийг чагнаархаж үүр засах, шүлэг холбохын тэрүүхэн гэгээн дотор буй үүрдийн амгаланд орох Шамбалын хаалгыг нээдэг биз ээ!

 

·

Г.Мэнд-Ооёо найрагчийг дорно дахины сонгомол аязаар оюун санааны хээр талыг дуулагч уянгын яруу найрагч гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Найрагч өвс ногоо, гол ус, цэцэг навч, чулуу, шувууд... ер нь юм бүхэнд лугшин буй оюун санааг анирдан, цаг хугацааны хэтийдсэн тойргоос яруу сайхан үгсийг шүлэг болгон буулгана. Тэрээр хүний дотоод сэтгэлийн утсыг хөндөх хөг аялгууг байгалилаг уянгатай сүлэлдүүлэн уран бийрийн татлагаар зураглахдаа буцаж буй цагийг ирж буй талаас нь тосно...

 

Дахиад л он жилийн тэртээд сар мандчихаж

Дахиад л хэдэн мөч өнгөрөхөд цээжинд шүлэг асчихаж

Цаад намрын усан үзмийн цэцэрлэг гэрэлтэнэ

Царс модны үнэр сэнгэнэж, мөчирт нь одод гялалзана

Одоо нэг тогтоочихоё. Он жилүүдийн амтыг шинжчихье!

Оноо алдаа хоёрыг дарахад ямархан исдэгийг үзчихье!

"Дарсны сонет” шүлгээс

Ер бусын нам гүм!... Өрөөнд лаа сүүмэлзэнэ...

Дарс хундаглан дотор хүнтэйгээ ярилцангаа жүнз жингэнүүлэн суух найрагч.

Бодол сэтгэлээрээ тэртээх он жилүүдийн хил хязгаарыг гэтлэн алхахдаа:

 

Дарстай жүнзэнд лааны гэрэл тусаад асчихаж

Дараа нь миний цээжинд нэг юм асчихлаа

Гэрэлт насныхаа цайлган мөрөөдлийг асаачихая!

хэмээн цээжин гүнд дуу алдаж гэрэлтэж байгаа тэртээх бүдэг жимээр өгсөхдөө туулж өнгөрүүлсөн амьдралаа нэгэнтээ цэгнэж, алдаа оноогоо нэгэнтээ дэнслэнэ... Найрагчийн цээжинд сар мандаж, усан үзмийн цэцэрлэг гэрэлтэж, царс модны үнэр сэнгэнэж бас одод гялалзана... Он жилүүдийн хэц дээр бууж суух шувуудын сүүдрээр даялах тэр л гуниг дарс болон иснэ. Тэрхүү дарсыг хундагалан, бодлогошрон суух найрагч... Найрагчийн сэтгэлийн хэц дээр дэрвэх шувууд босон суун жиргэхдээ ийм нэгэн гэрэлт шүлгийн шад орхих нь тэр ээ!

 

Навчис шаржигнасан нарийн жимээр уул өгсөхүйд

Намрын бороог шамрага өртөөлж нүдгүйлнэ

Будан манан бүрэнхийлэвч, дотоод аглаг минь гэрэлтэй

Буцаж буй цагийг би ирж буй талаас нь тосох дуртай.

Насан хэвийж толгой бууралтахын жамыг би

Навчис зулгарах, нарны гал буурахтай зүйрлэхээ больсоон

Өгсөх тусам сүүдэр минь алга болсоор буйг анзаарсан

Өөрөө би буцаж байгаа биш, ирж буйгаа мэдсэн.

...Өвлийн цагаан нөмрөг доорх уулс гүн бодлогошролд одох үесэд

Өөрийн дотоод сүмийн аглагт би дияанчлах болно

Өвөл болдогоороо болж, он жилүүд оддогоороо одсоор ахуйд

Өөр орон зайн чинадаас би цаг хугацааг угтсаар байх болно.

"Цаг хугацааг чинадаас угтахуй” шүлгийн хэсэг

 

Өвөл болдогоороо болж, он жилүүд оддогоороо одсоор байхад "цаг хугацаа-оюун санааны хээр талыг дуулагч”найрагч өөр орон зайн чинадаас цаг хугацааг угтаж, өөрийн дотоод сүмийн аглагт шүлгээ туурвисаар л байх болно...

Тэрээр навчны судлаар нарны гэрэлтэй цуг газарт нэвчиж, намрын тэнгэрт буцах шувуудтай цуг энэлж, гол устайгаа цуг он жилүүд рүү урсан одож, голт борын үндэстэй цуг газрын хэвлий рүү яргаж, БУЦАЖ БУЙ ЦАГИЙГ ИРЖ БУЙ ТАЛААС НЬ ТОССООР Л БАЙХ БОЛНО...

 

XVII жарны Алтан унжлагат тахиа жилийн Зуны адаг сарын Нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр буюу Билгийн тооллын шинийн арван гуравны өдөр бичиглэж дуусвай

Дархан, Аргын тооллын 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, 19 цаг 49 минут

Яруу найрагч, судлаач зохиолч Гомбажавын БЯМБАЖАВ