|

Японд ажлын ачааллын улмаас өнгөрсөн жил 191 хүн нас баржээ

Японд ажлын ачааллын улмаас өнгөрсөн жил 191 хүн нас баржээ

 

Ажлын хэт их ачааллаас болж нас барах үзэгдэл тасардаггүй Японд дахин нэг хэрэг ил болж, олны акхаарлыг татаад байгаа билээ. Энэ нь "NHK" телевизийн Токио дахь төв салбарт ажилладаг байсан Мива Садо сард нийтдээ 159 цаг илүү ажилласны эцэст 2013 оны долдугаар сард нас барсан тухай юм. Түүнийг нас барснаас нэг жилийн дараа холбогдох албаны хүмүүс"Ажлын хэт ачааллын улмаас зүрх нь зогссон” гэсэн дүгнэлт гарсан байна. Харин 2013 онд түүний үхлийн шалтгааныг нь олон нийтэд зарлаагүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон нь энэ юм.

 

Тухайн үед орон нутгийн сонгууль болж, ажил ихтэй байсны улмаас амралтгүй удаан ажилласан эмэгтэйн зүрх зогссон ажээ. Нас барах хүртлээ тэрээр 30 хоног тасралтгүй ажиллажээ. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газрын зүгээс ажлын цагийг уян хатан байлгаж, ажиллах хүчний чадамжийг нэмэгдүүлэхийн тулд өөрчлөлт оруулахаар болжээ. Уртасгасан ажлын цагийг халснаар хүмүүс ажил амьдралаа зохицуулахад хялбар болж, үр хүүхдээ өсгөх.настангуудаа асрах зэрэгт цаг гаргах боломжтой болно гэж эрх баригчид үзэж байгаа юм. Саяхны нэгэн судалгаагаар 40-50 насныхан илүү цагаар ажиллахыг ажилсаг, хариуцлагатай хүний шинж гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол залуу үеийнхэн олон цагаар ажиллахыг сайшаахгүй гэдгээ илэрхийлжээ. Японы зарим томоохон группууд ажилчдаа олон цагаар ажиллуулахгүй байх тал дээр анхаарал хандуулахаа илэрхийлсэн бөгөөд "Сантори Холдингс" компани гэрээсээ ажлаа хийх хөтөлбөр хэрэгжүүлж, "Japan post” компани 19:30 минут гэхэд бүх цахилгаанаа унтраах, "Yahoo” компани Япон дахь салбарын ажилчдаа сард таван удаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрөх болсноо албан ёсоор мэдэгдэв. Түүнчлэн тус компани 2020 он гэхэд долоо хоногийн гурван өдөр амраадаг болгохоор төлөвлөжээ. Өнгөрсөн онд Японы сурталчилгааны "Дэнцү” компанийн залуу ажилтан мөн ажлын ачааллаа даалгүй нас барж байсан.

 

Үүний дараа Шинзо Абэгийн Засгийн газар ажилтнуудын сарын ажлын илүү цагийг 100 цагаас хэтрүүлэхгүй байх журам гаргаж, зөрчсөн компаниудад торгууль оноох санаачилга гаргаж байсан. 2016 оны гуравдугаар сарын байдлаар Японд 200 гаруй хүн ажлын ачааллаас болж амиа хорлосон бол ажлын ачаалал даалгүй олон хүн зүрхний шигдээс, цус харвалт зэрэг шалтгаанаар нас баржээ. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам "кароши” буюу хэт олон цаг илүү цагаар ажилласны улмаас ачаалал даалгүй нас барсан, амиа хорлоход хүрсэн хүмүүсийн талаарх энэ жилийн тайлан мэдээгээ өнгөрсөн баасан гаригт танилцуулжээ. Уг тайланд дурдсанаар, энэ оны өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар удаан хугацаанд илүү цагаар ажилласны улмаас амь насаа алдсан, амиа хорлосон 191 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 15 жилийн хугацаанд "кароши”-ийн улмаас жилд хамгийн цөөндөө 151, хамгийн олондоо 224 хүн нас барж, амиа хорлосон байна. Японд өнгөрсөн онд орон тооны ажилтнууд дунджаар 2024 цаг ажиллажээ.

 

Тус улсад сүүлийн 20 жилийн хугацаанд орон тооны ажилтнуудын нэгжилд ажилласан цаг нь 2000 цагаас давсан байна. Өнгөрсөн онд тус улсын нийт ажиллах хүчний 7.7 хувь нь 20-оос доошгүй цаг илүү цагаар ажиллажээ. Олон цаг илүү цагаар ажиллах нь хүний бие болоод сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг. Японы компаниудад ажиллагсад бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулшгүй олон цагаар ажилладаг. 2015 онд япончуудын олонх нь нэг жилд ноогдох амралтын хоногийнхоо дунджаар 8.8 хоногт л амарсан нь авах ёстой амралтын хоногийн талд ч хүрэхгүй байжээ. Харьцуулбал хонконгчууд жилийн амралтын хоногоо 100 хувь, сингапурчууд 78 хувь гүйцээж эдэлдэг байна. Японд хүмүүсийг хэт олон цаг илүү цагаар ажиллуулж байгаа нь яаралтай шийдвэрлэх шаардлагатай буюу тулгамдсан асуудлын нэг болоод байна. "Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага" (OECD) өнгөрсөн онд дэлхийн улс орны ажилчид хэдэн цаг ажилладаг талаар судалгаа хийжээ. "ОЕСО”-ийн судалгаанд оролцсон орнуудаас хамгийн бага цага ажилладаг орон нь Голланд байжээ. Германчууд жилд дунджаар 1397, норвегичүүд 1420, францчууд 1497, даничууд 1546, швейцарьчууд 1636, англичууд 1654, испаничууд 1686, канадчууд 1710, австраличууд 1728, америкчууд 1790 цаг ажилладаг байна.


Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/