|

Огт санамсаргүйгээр чөтгөр тонилгосон бүсгүй

 

Энэ зүйлийг надад ярьсан хүүхнийг Болорчимэг гэх ба анх харсан хүнд сэтгэцийн өвчтэй ч юм уу даа гэсэн 

сэтгэгдэл төрүүлэх. Харин сүүлдээ ярианд нь автаад, түүний ярианд үнэний хувь байх шиг санагдаж билээ. Тэрээр ийн хуучилсан юм. 
"Манай их нагац эгч Янжингийн нөхөр зуурдаар нас барсан мэдээ хүлээж аваад хүргэн, бэрээ дагуулаад бид бөөнөөрөө шахуу хэдэн машиндаа чихэлдээд Өвөрхангай аймгийг зорилоо. Тэднийх Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан сумын айл. Хүргэн ах маань өчигдөр оройхон нь л зүв зүгээр даалуу тоглож, инээж хөхрөн "Маргааш ууланд гарч мод хийнэ” гэж байсан гэсэн. Гэтэл тэр шөнөдөө л гэнэт нас барчихсан байна. Эгч Янжин тэр шөнө найз хүүхнийдээ дарвиж хоносон болохоор маргааш өглөө нь хажуу айлын авгай хүргэн ахынд маань орж ирээд нэгэнт өнгөрснийг нь мэдээд орь дуу тавьж, сүйд болохгүй юу даа. Нэгэнт ийм юм болчихсон болохоор өрхийг нь бүтээгээд "Одоо Янжингийн царайг яаж харна аа?” гэж дор бүрнээ аймсч байцгаажээ. Гэвч харахгүй гээд яах билээ дээ. Ойр хавийн хүмүүс нэг илүү гэр босгон хүлээж байтал Янжин эгч ч гурван настай бага хүүгээ дагуулсаар их үдийн алдад иржээ. Эгч маань гэнэтийн явдалд их цочирдсон юм гэсэн. Зогсоо зайгүй уйлаад байхаар нь хүүтэй нь хамт илүү гэрт оруулж төвхнүүлээд энд тэнд байдаг ах, дүүд нь хэл хүргэх, талийгаачийн ажил явдалд хэрэглэгдэх зүйлсийг зэхэн дор бүрнээ л эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн юм байх. 
Бид тэр өдрийн орой нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод ирж садангийндаа хоноод маргааш өдөр нь талийгаачийнд очлоо. 
Янжин эгчийг өрөвдөж хэдэн бэр, охид түүнийг шавчихсан ер нь бэрхтэй талдаа байцгааж байсан юм. Цэл залуухан насандаа хань ижлээсээ хагацсан хүн ямар байдаг билээ дээ. Яг л тийм байна. Ингээд мунгинаад л гарч, ороод байж байтал үдийн алдад илүү гэрээс аймшигтайгаар цурхиран уйлах дуу хадах нь тэр. Хүмүүс сандран гүйлдэж орвол Янжин эгч нэг их хачин царайтай болчихсон, үстэй толгой өрвийм муухай дуугаар чарлан бархирч, гурван настай ганц хүүгээ газар унагаачихсан багалзуурыг нь шахаж байх юм. Хүмүүс бүгдээрээ "Хүүе, энэ чинь цочирдохдоо галзуурчихсан байна. Амь шигээ хайрладаг ганц үрээ өөрийн гараар алах нь. Хурдан салгаарай” гээд хоймор дахь хивс рүү уралдан гүйцгээв. 

Харин би Янжин эгчийн дэргэд сууж байгаа хачин зүс царайтай хүнийг олж харлаа. Гэрт орсон хүмүүс Янжин эгчид анхаарал тавиад тэр хүнийг анзаараагүй юм уу, олж хараагүй юм уу, бүү мэд. Бүгдээрээ л хүүхдээ багалзуурдаж буй Янжин эгчийг хүүхдээс нь салгаж байв. Тэр хүн цэлдэн хөх биетэй атал шав шалдан, сэгсийсэн үстэй, тэр орог саарал халимган дороос нь нулимс дүүрсэн том хар нүд, эрүүл бусаар цонхийсон нэг л аймшгийн царайтай эмэгтэй хүн байв. Тэр хачин авгай хоёр гараа цээжиндээ зөрүүлээд элгээ тэвэрчихсэн над руу хараад танимхайрах мэт дотносог инээмсэглэж байсан. Үнэхээр зэвүүн байсан юмдаг.

Би тэр үед гэрт шахцалдах шахам орж ирээд байсан ах дүү, элгэн садандаа хандан "Энэ муухай авгайг гаргаач. Юун хүн бэ?” гэтэл бүгд над руу харсанаа "Юун авгай вэ? Чи бас ядаж байхад юу донгосоод эхлэв ээ?” гэлээ. Яг тэр үед хойморт сууж байсан нөгөө муухай авгай босч ирээд над руу үсрэх шиг болсон. Би айсандаа гэрээс ухасхийн гараад өөрийн ганц мэддэг хатуу тарниа уншиж эхэлтэл нөгөө авгай дороо зогтусаад хөл, гараа савчаад эхэлсэн юмдаг. Би түүнээс үхтлээ айсан учраас хэл, ам эвлэж өгөхгүй салгалж, чичрээд тарниа ч олигтой уншиж чадахгүй болох тэр үед нөгөө авгай чинь дороо дэвхцээд юу ч юм бэ дотор арзганатал хашгичаад эхэлсэн. Тэр үед миний дотор нэг юм тэсрэх шиг болоод тэр авгай руу нулиман хариу хашгирснаа муухан санадаг юм. 

Тэгсэн нөгөө муухай авгай чинь намайг ойртохоор бас над руу хариу ойртох гэнэ. Тэгэхээр нь "Ум базарваань хум пад” гээд гурвантаа хэлээд алгаа таштал мөнөөх авгай наранд уусах мэт алга болчихсон. Удалгүй намайг ах, дүүс маань тойрчихсон зогсч байлаа. Намайг тийнхүү тарни уншиж байхад Янжин эгч хүүгээ тэвэрчихсэн, намайг халуу дүүгсэн дулаан гараараа хөтөлчихсөн уйлаад л "Миний нөхрийг Хөшөөтийн ганц модны хөх чөтгөр хорлосон юм байна шүү дээ. Намайг бас хүүгээ ал гэж ятгаад байсныг би одоо саналаа” гэж хэлсэнсэн. Харин би гайгүй болж, бүх хүн тайвширсан хойно Янжин эгч надад "Эгчийнх нь нүдэнд янз бүрийн юм харагдаад их хэцүү байлаа. Ашгүй чиний хатуу тарнийн хүчээр тэр муухай сүг сүүдрээс саллаа” гэж байсан юм” хэмээн ярьсан билээ. 
Эх сурвалж www.wikimon.mn