|

Намрын дуун

Намрын дуун

 

Намар цаг хэдийн дундаа орж, хууччуулын хүүрнэдгээр алтан намар налайн, чавганцын шар наран ээж, намар оройн уур амьсгал тунгалагшин тунарчээ. Намрын улирал бусад улирлаасаан онцгой өвөрмөц агаад, давтагдашгүй өнгө гэрэл, цаашлан буй цагийн аясыг хүмүний сэтгэлд хүртэл мэдрүүлдэг эмзэг нарийн цаг улирал авай. Намрын тухай эрт цагаас янагш олон улс орны олон ухаантан мэргэд, эгэл жир хүмүүс өгүүлэн хэлсэн байдаг. Намрын улирал хүрэн ирсэн энэ цаг дор өмнөд хөршийн эртний бичиг зохиолын дотроос их бичээч Оуян Сюгийн тэрлэсэн нэгэн бодрол эсээг уншигч танаа орчуулан хүргэсү. Өдгөөгөөс даруй мянган жилийн тэртээд хүний бодол оюун, сэрэл сэтгэлгээ  мэдлэг ойлголт ямархан байсныг энэ бяцхан өгүүлэл бэлхнээ бидэнд хэлж өгч анам.

Оуян Сю хэмээх бичгийн хүмүн 1007-172 оны хооронд өмнөд Хятадад оршиж асан Сүн төр улсад аж төрж байжээ. Тэр үе бол Төв Азид Тангад, Хитан зэрэг нүүдэлчин угсаатнууд хүчирхэгжин мандаж, газар нутгаа улам тэлэн өргөтгөж, Хятадын хойд хил хязгаараар уулгалан довтолж, гүн цөмрөн орж ноёлон суусан цаг болой. Тан, Сүн төрийн түүхийг тэрлэн бичсэнээрээ алдаршсан энэ хүмүн түүхч сударчаас гадна яруу найрагч, эсээч нийтлэлч, гүн сэтгэгч байсан агаад тухайн үеийн төр засагтаа шадар сайд чинсангийн тушаалд залран төр барилцаж байжээ. Энэ удаад тэр их бичгийн хүмүний намрын тухай бичсэн нэгэн бяцхан өгүүллийг нь монголчлон толилуулсу:


НАМРЫН ДУУН                                                                           

Молхи бичгийн хүмүн Оуян бээр үдэш судар шагайн суутал гэнэт жигтэй чимээ анирлаж, улмаа алс баруун өмнөөс ойртон тодрон сонсдчухуай. Түүнийг сонссон тэрбээр зогтусч: "Энэ юутай жигтэй этгээд буй?” хэмээн шивнэн бувтнан авай. Эхлээд хээрийн салхи шуугин хүүгэн, бороон дусал шидлэн цацлан аснаа, эгшин зуур өндөр хавцал хясаанаа хөөсрөн давалгаалах их далайн нүргээн хүрхрээн мэт болмуй. Бас уулын догшин үер усан, үдэш шөнөөр гэнэт довтолгон буух мэт айдас түгшүүр дэлдэж, ширүүн салхи, аадар бороо янагш хуурнин шуугин ирмүй.

Түн түн, тас нясхийн тэр аюумшигт салхи шуурга, ертөнцийг балбан дэлдэхүй эгээтэй л газар дэлхий хагарч бутран, хөмөрч орчилдоод, хад чулуу, мод төмөр хангинан жингэнэх мэт их дуунд чих дөжирмүй. Эсхүл бүр, түг түмэн их цэрэг тэрслүүдийн хүрээнд довтлон одож, зууралдан байлдаж буй мэт, эмнэг догшин хүлэг морьдын төвөргөөн дэлхийг дэлдэн, шөнийн нам гүмийг нэвтлэн ирэх мэт ээ,

Чингэхүй би, дэргэдээн агч зардасаан дуудаж:

-Энэ юун жигтэй чимээ буй? Гадагш гарч мэдэж ирэгтүн! хэмээн илгээхүл тэрбээр даруйхан үзэж ирээд хэлрүүн:

-Гэрэлт саран, гэгээн од мичид цугаар гэрэлтэн жирвэлзэж буй нь тэнгэр огторгуй тунгалаг саруул буюу заа. Тэнгэрийг дамнасан Сүүн зам цайран үзэгдэж, эргэн тойронд аниргүй нам гүм ноёлоод энэ үест хүмүний хэлэлцэх дуун ч эс сонордмуй. Гагц эл жигтэй дуу чимээг боол би ойн гүнээс, шугуйн чанадаас олж сонслоо хэмээчүхүэй.

Тэгмэгц би бээр сая сэрсэн мэт:

-Ээ халаг, юутай гунилтай! Энэ чинь мөнөөх намрын дуун буюу заа. Ээ халаг! Ингээд намар залгах нь энэ үү? хэмээн эрхгүй уулга алдан зогстусавай. Алив, та минь! Энэ намрын үзэмжийг тольдогтун, энэ намрын араншинг болгоогтун!

Намрын өнгө бүдэргэн гундаж, найралт зуны үзэмж шиг хурц гэгээн бус болоод, манан будан өтгөрөн сууж, зузаан үүлс зангиран хуралдамуй. Намрын агаар жихүүн хүйтэн, жиндүү хайруу болоод харвис нэвт үлээн, хатгах мэт арьс чимчигнүүлнэ. Намрын араншин бас уйтай, гунигтай, уул усан, хангай дэлхий бүгдээр хязгааргүй алс тэртээд ч аниргүйн гүнд умбан уйтгарлана. Чухам энэ л аяг араншингаас үүдэн намрын дуун тэнгэрт тултал гиншин гингэнэж, ёолон энэлнэм.

Угтаа бол өвс ногоо өнгө алаглан, эрээн хивс мэт нүд баясган сэтгэл сэргээн найгаж байдагсан. Угтаа бас мод бутас өтгөрөн ногоороод, навч нахиагаа дэлгэн ганхаж байдагсан. Харин тэгээд намар эхэлмэгц л цэцэгс гундан зулгарч, модод нүцгэрэн навчсаан хаялнам. Намар яахин чингэж дэвжин дэлгэрч, цэцэглэн цэнгэж асан бүгдийг хөнөөн сүйтгэж, тасалж тасчин үгүй хийнэм бэ? Ер бусын догшин араншин түүний төвд оршном бус уу!

Сонсогтун, намар хэмээхүй нь догшин шүүгч буюу. Намар бол арга билгийн ёсоор Инь буюу харанхуйн улирал, билгийн чанар буюу. Бас зурхайн ёсоор үзэхүл төмөр махбод2 бүхүй үхэл мөхлийн зэмсэг болой. Тэрбээр хатуу ширүүн сэтгэлээр биднийг тэнгэрт ч, газарт ч мөшгин нэхэж, мөхөл егүүтгэлийг үүтгэмой.  

Тэнгэр, хавар эхлэхэд ертөнцийн алив бүхэнд амьдрал бэлэглэж, намар залгахад үр жимс заяадаг билээ. Тиймээс намар хэмээх нь эгшиг аялгуунаа "Шан”3 хэмээх энэлэнт хөг, бас ертөнцийн зүг зовхисоор бол "наран жаргах”4 зүг болой. Шан аялгуу бол шаналангийн үр болох нь юун гэхүл амьдрал өвгөрөх тусмаан эл шаналангийн үрийг төрүүлмүй. Энэ бол бас тавилан төөрөг болой.

Молхи хүмүн би бээр уулгалан санаа алднам. Энэ мод бут, өвс ногоо гэгч юусан билээ? Юунд чингэж цаг хүрэн ирэхүй дор салхин аясаар салбаран зулгарнам билээ? Хүмүн гэгч бас л амьд амьтан, харин ертөнцийн бүх амьд амьтсын думд гагц оюунлаг ухаанлаг нь билээ. Тэхлээр бас өчнөөн их уй гашуу, уйтгар гуниг хүмүний сэтгэлийг зовоож, мянган үйл, түмэн хэрэг хүмүн биеийг хөнөөмүй. Гагц түүний сэтгэл оюунд л хөгжил хөдөлгөөн оршсоор, гагц түүний амин сүнс л цохилсоор үлдэнэ.

Угтаан бол энэ хүч хүршгүй бодлоон дагаж яахин зүтгэнэм, гэтэлшгүй шаналанд автаж хэрхэн зовном билээ. Чингэсээр атал хүмүний улаа бутарсан царай цонхийн цайгаад, хорчгор цаас мэт болно, гялалзсан хар үс гэзэг нь сүүлт од харвах мэт мөнгөн сор сууж бууралтана аа.

-Тийм ээ. Би чулуу биш, би төмөр биш болохоороон энэ үй олон цэцэг ногоо дэлгэрч, мод бут нахиалах шиг, бүр түүнээс ч өөдрөг өнгөлөг, хийморьтой сайхан аж төрөх юмсан!

-Алив тэгвэл тунгаагтун! Хүмүн биднийг хөнөөн егүүтгэгч аль буй? Энэ уйтай намрын дуун юунд биднийг уй гунигт унагаан шаналганам билээ?...

Зардас маань үүнд хариу ам нээсэнгүй ээ. Тэрбээр толгойгоон гудайлган бодолд умбаж, бас уйтгарт автан суусаар зүүрмэглэж эхлэвэй. Гагцхүү гэрийн эргэн тойронд хуугин дүнгэнэх намрын салхины дуун – Намрын дуун улмаа наашлан анирласаар авай. Хүүг, хүүг..., чшш... чшш... Санаа алдахад минь салхи амтагдах шиг ээ...

  1. Арга билгийн ёсоор бол инь нь харанхуй, эм бэлгэ бол ян хэмээх нь гэрэл буюу эр бэлгэ, хаврын эсрэгцэл буюу намрын төлөөлөл ажгуу.
  2. Эртний хятадын зурхайн ёсоор таван махбодын төлөөлөл. Хавар модон махбодтой, зун гал махбодтой, зуны туйл шроон махбодтой, намар төмөр махбодтой, өвөл усан махбодтой байна. Намар нь хүйтнийг авчирдаг тул түүний төлөөлөл төмөр махбод нь бас хүйтний шинжтэй болой.
  3. Хятадын дуу хөгжмийн таван түлхүүргийн нэг – шан хэмээх ханз үсгийн нэг утга нь шарх шаналан, нөгөө утга нь төмөрлөгийн зүйлийн дуу авиаг илэрхийлдэг. Төмөр нь намрын бэлгэдэл билээ.
  4. Намрын утга нь мөхөл бууралт, сулрал доройтол юм. Энэ утгаараа ертөнцийн таван зүг чиг /өрнө, дорно, өмнө, умар, босоо/-ийн өрнийг, наран жаргах, бууралт доройтлын зүгийг илэрхийлдэг байна.

Намрын тухай мянган жилийн өмнө хятад хүний бичсэн ийм нэг жижигхэн эсээ байдаг ахул манайд нэгэн жарны тэртээх 1947 онд бичгийн их хүн Б.Ринчен гуайн бичсэн ийм нэгэн шүлэг бий. Монголчууд эрт дээрээс янагш аливааг цэцэн цэлмэг, яруу сайхнаар шүлэглэн хэлж сэтгэлийн байгалаа илэрхийлдэг байсан эртний уламжлалын нэгэн тод жишээ нь энэ шүлэг юм. Монголын шинэ үеийн утга зохиолд эртний сонгодог хэлбэрийг хадгалж үлдээсэн хүн бол академич Б.Ринчен мөн. Түүний уран бүтээлийн хэл найруулга нь сонгодог монгол бичгийн хэл  найруулгатай байдгаараа онцгой ялгардаг билээ. Шүлэг найраг нь ч мөн адил. Ингээд намрын тухай ийм нэгэн шүлгийг нь иш татья:

                                                             Хээр намар

                                    Нүд алдам уудам хээр тал

                                    Хачин чимээгүй шарланхан халиурч

                                    Дэлхийн чимээ болсон царцаахай нам гүм,

                                    Дээр тэнгэрт л тогоруу дуугарнам.

                                    Алтан дэлхийн гандсан шар мандлаас

                                    Аятайхан хачин сонин үнэр ханхлан

                                    Хиргис хүүр дээх хүн чулууны духнаас

                                    Хөлс гоожсон шиг хяруу хайланхан барзайнам.

Энэ бол сэдэв, хэлбэрийн хувьд ч тэр, хэл найруулгын хувьд ч тэр яах аргагүй эртний монгол шүлгийг санагдуулдаг юм. Энэ шүлэгт хээр тал, царцаахай, тогоруу, хиргис хүүр, хүн чулуу гээд яах аргагүй дорно дахины яруу найргийн сэдэв өгүүлэмж, тэр тусмаа эртний сонгодог шүлэглэлийн шинж төрх нэвт шингэсэн байгаа нь харагдаж байна. Түүнийг уншсаны  дараа дэлхийн үрчлээт магнай болсон Төв Азийн уудам Их хээр тал бүхий л үүх түүхээрээн хамран үзэгдэх шиг болж, эхлээд тал өөрөөн буй болж, дараа нь талын анхны амьд эд эс болсон өвс ургамал, царцаа голио үүссэн нь нүднээ дурайж, улмаар талын энгээр болж өнгөрсөн хүмүүн төрөлтний буурал түүхийн үлгэр туулийг өдгөө бидэнд өнгөрсний /хиргис хүүр/ дээр боссон хүн чулуу хайлан хүүрнэх шиг болох төдийгүй, энэ нь бас чанагш эцэс хязгааргүй ийн үргэлжлэх болно оо гэдгийг сэтгэн ойлгуулж буйгаар нь эртний яруу найргийн мөнөөх чухаг чадамж багтаамж илэрч байгаа юм. Учир нь дорно дахины сонгодог шүлэглэлийн нэг онцлог буюу далдын шидэт увьдис нь яг эгүүн мэт, шүлгийг уншаад дууссан хойно ч санаа нь үргэлжлэн хөвөрч байдаг тэр л ёсон болой. "Шүлэг төгсөвч утга үргэлжилмүй” буюу "Үгээр эс хэлэвч утгаар хөтлөхийн үлгэр” гэгч чухам энэ буюу.

Өдгөө хэрэв та хөдөө салхинд явбаас дэлхийн магнай болсон Монголын буурал эртний Их хээр тал огтын чимээ аниргүй дүнсийн нойрсож, гагц оршин буй дүр төрх нь л хүмүний мэлмийд тусч, дээр хөхрөгч хязгааргүй хөх тэнгэрийн дор шаргалтан халиурч байгаа. Оросоор Великая Степь гэдэг үгийг ингэж буулгадаг. Буцаж буй цагийн аясыг сэтгэлд шивнэж харвис нэвт үлээсэн хүйтэн салхийг мэдрэн ахууд элдвийн санаа оноо сэтгэл ээрэн эргэлдэнэ. Оросын их эрдэмтэн Лев Гумилёвын "Древняя Русь и Великая Степь” алдарт бүтээлийг "Эртний Орос ба Агуу уудам тал нутаг” гэж орчуулсан байсан. Агуу уудам тал нутаг хаа ч байж болно, харин Их хээр тал гэдэг нэр бол зөвхөн Монголын тал нутгийг заасан оноосон нэр мөн. Дээр нь их нуршжээ. Нэг ухагдахууныг дөрвөн үгээр буулгасан нь яавч оноосон нэр болж чадахгүй. Үүнийг тайлбар орчуулга гэдэг. "Этногенез и Биосфера Земли” хэмээх бүтээлийнх нь нэрийг "Газар дэлхийн удам угшил хийгээд шим мандал” гэж баахан сунжруулж, дээр нь буруу буулгасан байх юм. Уг нь "Дэлхийн шим мандал ба угсаатны гарваль” гэмээр. Газар дэлхийн удам угшил огт биш, дэлхийд юуных нь удам угшил байхав. Харин дээр нь аж төрж ирсэн үе үеийн олон угсаатан үндэстэнд угшил гарваль бий. Тийм учраас номын нэрийг хойноос нь урагш нь буулгаж орчуулах ёстой. Хоорондоо холбоотой энэ хоёр ухагдахууны нэг нь нөгөөтэйгөө нөхцөлдсөн холбоос нь тийм юм. Дэлхийн шим мандал буюу амьд ертөнцөөс дээр нь амьдарч байгаа хүмүүс, үндэстэн ястны хувь заяа хамаардаг учир шалтгааныг нээсэн бүтээл шүү дээ. "Нэр томьёо буюу оноосон нэр гэдэг товч бөгөөд тодорхой байх хэл шинжлэлийн тогтсон журам ёс бий.

Энэчлэн "Хөх тариан талбайн ирмэгт”, "Аварга том далавчтай өвгөн”, "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” зэрэг романы нэрийг оновчгүй, буруу оноосон байх юм. Зүй нь "Тэвчишгүй хөнгөмсөг оршихуй” гэж оноосон бол илүү оновчтой болох байлаа. Талбайн захад гэхээс ирмэгт гэхгүй. Аварга, том гэдэг хоёр үг нэг л утгыг илэрхийлдэг, нэг нь бичгийн хэлний, нөгөө нь ярианы хэлний үүрэгтэй үгс. Тэвчихийн аргагүй гэхээр оноосон нэрэнд уртдаад, тэвчишгүй гэвэл болоод явчихаж байна. Хөнгөн, хөнгөмсөг гэсэн үгс ч огт өөр утга илэрхийлдэг. Манай нэрт орчуулагч Д.Болдбаатар, Халед Хоссений "Цаасан шувуу наадуулагч” романыг орчуулж, надаар өмнөх үг бичүүлсэн билээ. Тэгэхэд "Цаасан шувуу тоглуулагч” гэж байсан нэрийг нь би өөрчилж зассан юм. Бодоод байхад нэр нь нэг л оновчгүй, сонсголонгүй байсан. Тэг тэгсээр сая "Цаасан шувуу наадуулагч” гэсэн үгийг сонгож эрхэм нөхөрт хэлэхэд дуртайяа зөвшөөсөн юм. Аливаа ном бүтээлд редакци буюу хянан тохиолдуулж ариутган шүүх явдал хэчнээн чухал байдгийг л би эдгээр жишээгээр хэлээд байгаа хэрэг. Харамсалтай нь өнөөдөр манайд ийм чухал ажил бараг үгүй болжээ... Гэвч үг олдож, үхэр холдох нь, ийм хэлүүштэй хэлэлцүүштэй зүйлс олон байгаа ч энэ тухай түр орхизноё.  

Бичгийн мэргэд, найрагч зохиолч нар үеийн үед намрын тухай шүлэглэн дуулж, сэтгэлийн өнгө аясаа илэрхийлсээр иржээ. Их зохиолч Д.Нацагдорж, Г.Сэр-Од нарын олон хүн намрын тухай яруу сайхан шүлэг үлдээсэн байдаг. Тэр бүгд намрын өнгө аясаа дагаад ямагт уйтгар, гуниг, сэтгэлийн уруу дорой байдлыг илэрхийлсэн байдаг. Их зохиолч Д.Нацагдорж:

Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад                                            

Гадаа сойсон морь бүг бүг, бөн бөн чичирнэ.                                                            

Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход                                    

Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад                                          

Хөгшид залуусын сэтгэл бөн бөн бөмбөрнө.                                         

Шарласан модны навч хоёр нэгээр унахад                                                          

Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно

хэмээн шүлэглэж, бас цэл залуухан хорин гуравтайдаа Монгол найргийн тэнгэрт мөнхөрсөн авьяаслаг шүлэгч Г.Сэр-Од:

Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа                                 

Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг дүрслээд

Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж

Царцаахайн час часхийх төмөрлөг дуун намрыг урин шагширна...

гэх зэргээр Данзанравжаа, Гүлранс, Инжиннаш, С.Буяннэмэх, Б.Явуухулан, Ж.Бадраа, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн гээд намрын тухай бичээгүй найрагч шүлэгчдийг нэрлэхүйеэ бэрх ээ.

Дорно дахины тэжээхүй ухааны сургаалд хэт их санаашрах нь элгэнд халтай, хэт их шаналж гуниглах нь ходоодонд халтай, хэт их аюух нь цөсөнд гэмтэй, хэт их догдолж баярлах зүрхэнд муу... гэсэн байдаг нь тун үнэн юм. Хуучны хүмүүс хүүхэд ээж аавыгаа дэндүү их санаж үгүйлэхэд "бэтгэрчих вий” гэдэг байсан. Хэтрүү их санааширч үгүйлсээр байгаад элгэнд нь бэтэг ургачихна гэж болгоомжилж байгаа нь тэр. "Бэтгэртлээ санах” гэдэг үг ийм учиртай. Бас цөсөө хагартал айх гэдэг үг бий. Хэт их аж цочсоноос цөс хагардаг гэмтэй аж. Түүн мэт хэтрүү их гуниглах нь ходоод гэмтээдэг гэнэ. Сэтгэл санаа байнга тавгүйтэх, оюуны их ачаалал, бухимдалтай байх, хүчтэй шаналж санаа зовох нь ходоод үрэвсэж өвчлөх гол эс үүсвэр болдгийг шинжлэх ухаан тогтоосон билээ. Дахиад л үг олдож, үхэр холдох нь. Гэвч... 

Намрын тухай дандаа ийм уйтгар гуниг төрүүлсэн, сүүрс алдуулж сэтгэл шимшрэм шүлэг найргууд л байдаг юм уу гэвэл үгүй. Сэтгэл сэргэж, хөөрөн баясам, өнийн дурдатгал сэргэж түүгээрээ жигүүрлэн нисэм яруу сайхан шүлэг дууллууд бий. Намрын гунигланги өдрүүд үргэлжилж байхад дан гунигийн дууллууд жишээ болгосонд хүлцэл өчиж, сэтгэл сэргээм тийм нэгэн жишээг иш татсу. Энэ бол нэрт яруу найрагч, дууны шүлгийн аваргуудын нэг Д.Цэдэвийн "Алтан намар” хэмээх сайхан дуу билээ. Олон үеийн залуучуудын сэтгэлд оюутан цаг, намрын их ургацын ажил үйлсийн мартагдашгүй сайхан дурсгалт өдрүүдийн яруу дуулал болсон энэ дууг сонсох бүрт таны сэтгэл цэлмэн сэргэж, магнай тэнийн баясдаг буй заа. Энэ дууг сонсох бүрт намар цагийн гунигт аяст автсан сэтгэлийн байгалийг эрхгүй сэргээн баясгаж, залуу нас, оюутан аху цагийн намрын их ажил, хөдөө нутагт тариан талбай, хадлангийн дэнжид өнгөрүүлсэн дурсамжит өдрүүд эргэн санагддаг билээ. Хэрвээ танд энэ дуу ойр байгаа бол даруй сонсогтун:  

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугин татрахгүй
Алтан намар он жил улиран дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг
Алтан сайхан цаг
Ай даа намар цаг
Амьдрал тэтгэх цаг

Бодол хүслийн жигүүр цуцахгүй
Борхон зүрхний хайр дундрахгүй
Алтан намар эсэн энхийн ерөөлтэй
Аясын салхийг дагаад хийсчихгүй нь сайхан

Дахилт:

Ижилдсэн нөхдөө мартахын аргагүй
Эгшиг дуугаа таслах учиргүй
Алтан намар аялгуу айзмын уянгатай
Алслах нарыг дагаад буцчихгүй нь сайхан...

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар