|

Төрийн өмчит компаниудын 45,6 хувь нь алдагдалтай ажиллажээ

Төрийн өмчит компаниудын 45,6 хувь нь алдагдалтай ажиллажээ

 

Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн алба хаагчдаас бүрдсэн 7 ажлын хэсэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 23 хуулийн этгээдэд ажилласан дүнгээ өнөөдөр "Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн удирдах албан тушаалтнууд оролцов.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллах явцдаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагаас үйл ажиллагаандаа баримталж буй нийтлэг хуулиуд болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай хуулийг судлан үзэхийн зэрэгцээ салбарын хууль тогтоомж, аж ахуйн нэгж, байгууллагын дүрэмтэй биечлэн танилцсан юм. Түүнчлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох асуудлаар гаргасан Засгийн газар, салбарын сайд, Зохицуулах хороод, Хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох шийдвэрээс гадна аж ахуйн нэгжийн Гүйцэтгэх захирлын 2015, 2016 он, 2017 оны I улирлыг дуусталх хугацаанд гаргасан тушаал, холбогдох баримт бичгүүдтэй танилцаж, газар дээр нь ажиллаж авлигын эрсдэл бүхий зарим нөхцөл байдлыг тодорхойлоход чиглэсэн арга хэмжээг авч ажиллажээ.

Дээрх 23 аж ахуйн нэгж, байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу "тодорхой төрлийн тусгай зөвшөөрлийг авсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч” байж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй ижил төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн тэдэнтэй өрсөлдөн ажиллаж байгаа гэсэн үг юм. Тухайлбал,  "Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь дүрмээрээ Техникийн бүрэн байдлыг тогтоох дүгнэлт гаргах, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ /Бүртгэл хөтлөх, Автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ олгох/, Мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохын зэрэгцээ хот хооронд, улс хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхэлж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2016 оны жилийн эцсийн байдлаарх эдийн засгийн үзүүлэлттэй Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг танилцахад нийт 92 хуулийн этгээд 4,5 их наяд төгрөгийн орлого олж, 4,7 их наяд төгрөгийн зардал гаргасан байх ба эдгээр аж ахуйн нэгжийн 42 нь буюу 45,6 хувь нь алдагдалтай ажилласан байна. Ажлын хэсгийн очиж танилцсан 23 байгууллагын 12 нь алдагдалтай ажилласан байв. "Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй өрсөлдөн ашиг олж, төрийн сан хөмрөгийг арвижуулах гол зорилго ямар түвшинд байгааг анхаарах шаардлагатай” гэж Ажлын хэсэг үзэж байна.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагууд хууль тогтоомж, дүрэм, журам зөрчих, зохицуулалтгүй харилцааг зохицуулалттай болгоход хойрго хандах, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй, Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиар хүлээсэн үйл ажиллагааны, мэдээллийн төсөв санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах үүргээ биелүүлдэггүй, төрийн өмчийн хөрөнгийг бусдад хандивлах, зарим тохиолдолд дур мэдэн зарцуулдаг, төсвийн сахилга бат хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Албан тушаалтны үйл ажиллагаанд тавих, ялангуяа эрсдэлтэй ажил, үйлчилгээг эрхэлж буй албан тушаалтны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын механизм хангалтгүй, хяналт тавьдаггүй, хариуцлага тооцдоггүй, алдаа зөрлийн засдаггүй нь тухайн ажлын байранд ажиллаж буй хүмүүс хууль бус үйлдэл гаргаж эрүүгийн гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл ч болж байгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хэлэлцүүлгийн үеэр анхааруулж байлаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн цалин хөлс, урамшуулалтай холбоотой  асуудлыг аж ахуйн нэгж, түүний удирдлагаас тогтоон мөрдүүлж байна. Урамшууллыг олгож буй үйл явц, урамшууллын тогтолцоонд анхаарал хандуулах шаардлагатай байна. Цаашид үр дүнгийн урамшуулал, шагналт цалинтай холбоотой асуудлыг тухайн байгууллагын төсөвт төвлөрүүлсэн орлоготой уялдуулан олгодог зарчимд шилжих, аж ахуйн нэгжүүдийн төсвийн урсгал зардал болон худалдан авалтын ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тавих хяналтыг сайжруулах талаар дорвитой ажлыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Ажлын хэсэг санал гаргав.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төрийн өмчит үйлдвэрийн газарт боловсон хүчний томилгоо, халаа сэлгээ багагүй байна. 2015, 2016 он, 2017 оны эхний улирлын байдлаар харахад 900 гаруй ажилтан чөлөөлөгджээ. Шинээр ажлын байр гарсан тохиолдолд ажлын байрны сул орон тоог нийтэд ил тод зарлах систем үгүйлэгдэж байгаа бөгөөд ТУЗ болон гүйцэтгэх удирдлага ихэвчлэн сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалтны оролцоо, нөлөөтэйгээр томилгоо хийгддэг гэж үзэхээр байгаа тул удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулдаг тогтолцоонд шилжих асуудлыг яаралтай хөндөх шаардлагатай гэж хэлэлцүүлгийн үеэр ярилаа. Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь шүүхээс тогтоогдож ажилгүй байх хугацааны цалин олгосон асуудлыг нэр бүхий 4 аж ахуйн нэгжийн жишээн дээр авч үзэхэд 5.1-14.9 сая төгрөгийг зарцуулсан нь төсөвт тодорхой хүндрэл учруулж байгааг Ажлын хэсэг танилцуулаад цаашид буруутай этгээдээс холбогдох хөрөнгийг гаргуулах эрх зүйн зохицуулалт бий болсныг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагуудад анхаарууллаа.  

Мөн төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн байр түрээсэлж буй байдал, түрээсийн төлбөрийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийх шаардлагатай байгааг ч Ажлын хэсгээс хэлж байв.

ЭХ СУРВАЛЖ:АТГ